У.Хүрэлсүх: Багш нарын асуудлуудыг Засгийн газар үе шаттайгаар шийдвэрлэнэ
2018.09.03

У.Хүрэлсүх: Багш нарын асуудлуудыг Засгийн газар үе шаттайгаар шийдвэрлэнэ

Эрдмийн баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нийт багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан сурагчидадаа мэндчилгээ илгээснийг хүргэж байна. Тусгаар тогтносон Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэн эрдмийн их өргөөндөө сэтгэл догдлон яарсан хичээлийн шинэ жил нээлтээ хийж байна. Эрхэм оюутан сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, нийт эцэг эхчүүддээ эрдмийн өргөө шуугисан хичээлийн шинэ жилийн баярын мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлж эрдэм ухааны хязгааргүй их далайд аялах эрхэм үйлсэд нь өндөр амжилт, аз жаргал гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эрхэм оюутан, сурагчдаа, 

Ядуу тариачны гэр бүлд аугаа их Ньютон төрж энгийн даруу малчны гэрт Шекспир мэндэлсэн. Нэрт одон оронч суут Коперник мөн л Польш малчны хүү, Их зохиолч Дашдоржийн Нацагдорж ч эгэл ардын хүү байсан. Эдгээр суутнууд бүгд л өөрийн хичээл зүтгэлийн үр дүнд түүхэнд нэрээ үлдээсэн их хүмүүс болсон байдаг.

Хүмүүний мандах, буурахыг чадлаа шавхсан хичээл зүтгэл шийддэг. Тиймээс амьдралынхаа гэрэлт замыг чи өөрийн хичээл зүтгэлээр бүтээж чадна гэдэгтээ бат итгэлтэй байгаарай. Өөрийнхөө хөлс хөдөлмөрөөр олсон мэдлэг, ухаан шиг хүчтэй зүйл үгүйг үргэлж санаж, сэрж яваарай.

Хүн чанар, хүнлэг сэтгэл, эх орноо хайрлах зүрх эрхмээс эрхэм, чухлаас чухал юм шүү. Та нарын ижий аав, хүүгээ, охиноо эрдэм номтой сайн хүн болж аз жаргалтай сайхан амьдарна гэж бүрэн дүүрэн итгэж, бүхнээ зориулж байна. Ижий аавынхаа итгэлийг эрдэмд шамдах зүтгэлээр хариулвал энэ насандаа хураасан их буян болно гэдгийг битгий мартаарай.

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчдээ, 

Монгол улсын өнөөгийн хөгжил дэвшил, урлаг, спорт, бүхий л салбарт гаргаж буй амжилт бүрийн эх булаг нь эрхэм хүндэт багш та билээ. Эх орны ирээдүй хойч үеийг сурган хүмүүжүүлэх нөр их ажилдаа өөрийн гэр бүл үр хүүхдийг ч умартан зүтгэдэг хүмүүс бол Монголын багш нар та нар минь юм. Багш нарын өмнө тулгамдаж байгаа цалин хөлс, нийгмийн хүндрэлтэй асуудлуудыг Монгол Улсын Засгийн газар цаашид ч үе шаттайгаар шийдвэрлэн ажиллах болно. Эрхэм хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж яваа нийт багш нартаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун талархал илэрхийлж ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. Эрдмийн гэгээн үйлс өрнүүн дэлгэр Номын цагаан буян түгэн дэлгэрэх болтугай гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.