Нэгдүгээр сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлтэд НИТХ-ын дарга С.Амарсайхан оролцлоо
2018.09.01

Нэгдүгээр сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлтэд НИТХ-ын дарга С.Амарсайхан оролцлоо

Өнөөдөр 9 сарын 1-ны өдөр. Энэ өдөр шинэ хичээлийн жил эхэлж, сургууль цэцэрлэг хүүхэд багачуудын дуу хуураар бялхдаг.

Энэ удаагийн шинэ хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 30,0 мянган багш ажиллах бөгөөд тэдний 27.3 мянга нь төрийн өмчийн сургуульд, 2.7 мянган нь хувийн өмчийн сургуульд тус тус ажиллах юм. 

Мөн урьдчилсан тооцоогоор 1 дүгээр ангид 76,4 мянган хүүхэд шинээр  элсэн орохоос  Улаанбаатар хотод 35.4 мянган хүүхэд шинээр нэгдүгээр ангид элсэн орж байгаа нь   өнгөрсөн оныхоос 8,2 мянгаар нэмэгдсэн гэх  тоог үзүүлэлт гарчээ.

Харин 10 дугаар ангид 39.4 мянган хүүхэд дэвшин суралцахаар болсон нь  өнгөрсөн хавар  9 дүгээр анги төгссөн нийт төгсөгчдийн 87.7 хувь үргэлжлүүлэн суралцаж байгаа гэсэн мэдээлэл байна.

Шинэ хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд төр засгийн байгууллагын тэргүүн, салбарын  сайд, УИХ-ын гишүүд, Нийслэл хотын удирдлагууд жил бүр оролцдог уламжлалтай. Энэ жилийн шинэ хичээлийн жилийн нээлт бямба гариг буюу амралтын өдөр тохиож байгаагаар онцлогтой. Гэсэн хэдий ч уламжлалын дагуу  шинэ жилийн энэ өдөр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга,  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон хотын удирдлагууд нэр бүхий сургуулиудын нээлтэд оролцжээ..

НИТХ-ын дарга С.Амарсайхан нэгдүгээр сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон бол Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мөн өчигдөр 14.00 цагаас Сүхбаатар дүүргийн хоёрдугаар сургуулийн нээлтэд тус тус оролцжээ.

Улсын тэргүүний Нэгдүгээр сургуулийн хувьд 95 жилийн түүхтэй манай улсын анхны сургууль бөгөөд өдгөө 3250 гаруй сурагч, 257 багштайгаар энэ хичээлийн жилийг эхлүүлж байгаа ажээ.


НИТХ-ын дарга С.Амарсайхан Нэгдүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд оролцож хэлсэн үгэндээ “...Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачууд, сурагч дүү нарт эрдэм оюуныхаа мэдлэгийг хүргэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэжэ яваа эрдэмтэн багш нартаа, Монголын анхны эрдмийн өргөө болсон, нэр хүндтэй энэ сургуулийн алтан босгыг алхан орж байгаа сурагч дүү нартаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Нэгдүгээр сургууль 1923 онд үүсэн байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэлх 95 жилийн гэгээлэг, бахдам сайхан  түүхийг бүтээжээ. Эх орондоо төдийгүй дэлхийн хаана ч очсон  өрсөлдөхүйц хэмжээний  чадварлаг боловсон хүчний цөөнгүй нь энэ л сургуульд суралцаж, энэ л эрдэмтэн багш нараар хичээл заалгаж, бэлтгэгдэн гарч байсан байдаг. Энэ сургуулийг Монгол улсын үе үеийн төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн сэхээтнүүд, салбарын манлайлагчид төгсөн гарч байсан гэдгийг онцлон дурьдая.  

Нийслэлийн төр захиргааны байгууллагууд, Хотын удирдлага, Боловсролын байгууллагуудын зүгээс Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанар стандартыг сайжруулах, дэлхийн стандартыг нэвтрүүлэх, сургалтын орчин нөхцлийг дээшлүүлэх тал дээр анхаарч, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Үүний нэг жишээ бол 95 жилийн түүхтэй тус сургуулийн өргөтгөтлийн барилгад шаардлагатай 2.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлж, ажлыг нь эхлүүлж байгаа гэдэг мэдээллийг дуулгахад таатай байна.

Сурагч дүү нар та бүхэн багш нарынхаа заасан хичээлд шамдан суралцахын зэрэгцээгээр өөрийгөө дайчлан амжилттай суралцаж эрдэм номтой зөв хүн болоорой гэж хэлэх байна. Эрхэм багш нар та бүхэн сурагч шавь нартаа эрдэм ном заахын зэрэгцээгээр хүмүүжил төлөвшилтэй сайн хүн болгохын төлөө сэтгэлээсээ хандаж ажиллаж ирсэн  уламжлалаа улам бүр бататган ажиллаарай. Монгол улсын ирээдүйн эзэн болсон хүүхэд багачууд эрдэм ном, аз жаргал, инээд хөөрөөр дутах ёсгүй. Үүний төлөө  төр засгийн байгууллагын ажилтнууд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд та бид аль аль талдаа хичээн ажиллах ёстой.

Улс эх орондоо хэрэгтэй сайн хүн болж төлөвших нь сайн сургууль, сайн багш, сайн орчиноос дан ганц хамааралтай биш юм. Үүн дээр нэмээд үр хүүхдээ анхаарал халамж  байнга тавьдаг сайн эцэг эхчүүдийн үүрэг оролцоо чухал юм. Өөрөөр хэлбэл Сургууль багш – Сурагч- Эцэг эхчүүд гэсэн гурвалсан холбооны тэгш оролцоон тулгаарлан эрдэм мэдлэгтэй, өндөр ёс суртахуунтай зөв хүн төлөвшин гарна гэж бодож байна. Ийм  боловсон хүчнийг төрүүлж чадвал Монгол улс дэлхийд өрсөлдөхүйц чадвартай  болно. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн би хүүхдээ сайн сургууль, сайн багшид даатгачихсан, миний хүүхэд эрдэм номтой хүн болох ёстой гээд хойш бүү суугаарай. Хүүхэддээ тавих анхаарал халамжаа бүү сулруулаарай гэж хэлэх байна.

Та бүгдэд шинэ хичээлийн жилийн мэнд хүргэе.  Эрдэм ухаан түгэн дэлгэрэх  болтугай” гэв.
 

 
НИТХ-ын ХМОНХТ