Хүүхдийн инээд цалгисан эрдмийн өргөөнүүд хичээлийн шинэ жилээ угтлаа
2018.09.03

Хүүхдийн инээд цалгисан эрдмийн өргөөнүүд хичээлийн шинэ жилээ угтлаа

Мөнгөн хонхны дуу цангинаж, эрдмийн их өргөө ирээдүйд эх орноо хөгжилд хөтлөх хүүхэд багачуудаа хүлээн авч, хичээлийн шинэ жил эхэллээ. Өнгө, өнгөөр алаглах цэцэг барин ангийн багшаа зорих сурагчид, найз нөхөдтэйгээ гүйлдэх хөөрхөн охид, хөвгүүд, сургуулийн босго анхлан алхаж буй биенээ гайхан харах зургаан настнууд Монгол Улсын ирээдүй билээ. Жил бүрийн намар, есдүгээр сарын 1 хэмээх энэ л өдрийг улс даяараа баяр жаргалаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүлдэг болсоор удаж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа хичээлийн шинэ жилээ угтан золгож, аз жаргал, хүүхдийн инээд цалгисан энэ өдөр гурван сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцсон юм. Тодруулбал, Яармагт байрлах “Шинэ Монгол Харумафүжи”, нийслэлийн 141 болон 2-р сургуулийн нээлтэнд тус тус оролцов. Он цагийн аясаар хүрэлцэн ирж буй шинэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 814 сургууль сурагч, хүүхдүүдээ хүлээн авахаар болсон билээ. Нийтдээ 597.2 мянган суралцагч эрдмийн далайд аялж, мэдлэгээ өргөжүүлж, оюуны цар хүрээгээ тэлэх мэдээлэл бий.

“Шинэ Монгол Харумафүжи”

Хуваарь ёсоор хамгийн түрүүнд Яармагт байрлах “Шинэ Монгол Харумафүжи” цогцолбор сургуулийн нээлтэнд очсон юм. Тус сургууль нь шинээр ашиглалтад орж байгаа бөгөөд арлын Япон улсын дэмжлэгтэйгээр барьж байгуулагдсан байна.  Шинэ сургуулийн нээлтэнд салбар хариуцсан сайдаас гадна Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир, арлын улсын мэргэжлийн бөхийн их аварга Харумафүжи Д.Бямбадорж, нэгэн цагт мэргэжлийн сүмогийн дэвжээнээ нэрээ дуурсгаж явсан Д.Дагвадорж, Япон улсаас Монгол Улсад суух элчин сайд Масато Такаока болон хүндэт зочид ирсэн юм.

Энэхүү сургууль баригдаж бий болсноор олон давуу талтай бөгөөд сурагч бүр тухайн орны хэл, соёл, ёс заншил, боловсролыг эзэмших боломж бүрдэж байгааг Ц.Цогзолмаа сайд онцолж, суралцагчдад хандан онц, сайн сурч, эх орноо хөгжүүлэх мэдлэг боловсрол олж авахыг ерөөлөө. Түүнээс гадна Монгол Улсын боловсролын салбарт Япон улс хөрөнгө оруулж байгаад талархал илэрхийлсэн юм.

Ерөнхий боловсролын 141 дүгээр сургууль үүдээ нээж, сурагчдаа хүлээн авав

Салбар яамны зүгээс хийж буй томоохон ажлын нэг бол яах аргагүй шинээр сургууль, цэцэрлэг барьж байгуулах асуудал. Өнгөрөгч сарын сүүлээр Нарны хороололд шинээр баригдсан 141 дүгээр сургууль хичээлийн шинэ жилээ угтан авч, мөнгөн хонхны цангинах дуутайгаар эрдмийн өргөөний үүдээ нээлээ. Эрдмийн аянд зорьсон хүүхэд багачуудын баяр хөөр цалгих өрөө танхим, сандал ширээ эздээ хүлээн байв. Уг сургуулийг хүлээн авах ажил чамгүй хүлээгдсэн бөгөөд Засгийн газар, БСШУСЯ, аж ахуйн нэгж хооронд хөрөнгө санхүүгийн асуудлаа шийдсэнээр шинэхэн өргөө сурагчдаа ийнхүү өлгийдөн авч байгаа юм.

Нэг ээлжиндээ 960 хүүхэд хүлээн авч хичээллэх боломжтой, улсын сургууль дотроо хамгийн томд тооцогдох тус сургуулийн барилга нь хүүхдийн сурах орчныг иж бүрэн бүрдүүлсэн аж. Дан ганц сургууль гэлтгүй цэцэрлэг ч байгуулагдсан байна. Сургуулийн багш, ажилчдыг түргэн хугацаанд бүрдүүлсэн бөгөөд мэргэжлийн зэрэг, туршлагатай, ур чадвартай хүмүүс ажиллахаар болсныг нээлтийн үеэр эцэг, эхчүүдэд сонордуулсан.

Ийнхүү бас нэгэн боловсролын үйлчилгээ үзүүлэх томоохон айл өрхөө татаж, үүдээ нээлээ. Цаашид чанартай боловсрол олгох асуудалд анхаарч, ирээдүй болсон хүүхэд багачуудыг зөв хүн болгон төлөвшүүлэх их ажилд ханцуй шамлан орж байна.

Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургууль

Эцэст нь, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн бүрэн дунд  боловсрол эзэмшсэн хоёрдугаар сургуулийн нээлтэнд оролцов. Тус сургууль нь “Хүүхэд бүрийн хөгжил төлөвшлийн ахицыг тооцон, сургалтын үйл ажиллагаанд арга зүйн шинэчлэл хийж ажиллана” гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 2018-2019 оны хичээлийн жилд сургалтын чанараа сайжруулж, багш нараа чадавхижуулан, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг сургуулийн захирал Л.Цэнгэлмаа онцлон хэллээ. Мөн сурагчид маань хөгжиж, амжилттай суралцах түлхүүр хүчин зүйл нь бүтээлч багш байдаг учраас цаашдын хөгжил, амжилт ч боловсролын төвшингөөс илүүтэйгээр бүтээлч багш, хамт олны боловсролын шинэчлэлд оршино хэмээсэн юм.

Салбарын сайд Ц.Цогзолмаа “Хичээлийн шинэ жил бол нийт иргэдийн маань баяр. Эрдмийн далайд хөтлөх их өргөөний эзэд болсон алдрай бяцхан хүүхдүүд, аав ээж, хүндэт зочид та бүхэндээ шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэж байна” гэж хэллээ. 

Боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж, хэрэгжүүлэх аж. 

Ийнхүү  Монгол Улсын хүн амын 70 гаруй хувийг эзэлдэг хүүхэд, залуусын том баяр, их бүтээн байгуулалт, өөрчлөлт, шинэчлэлтийг дагуулсан хичээлийн шинэ жилийн анхны хонх дуугарч сурч мэдэх хүсэлд тэмүүлсэн хүүхэд багачууд эрдмийн их өргөөндөө цуглалаа.