УИХ-ын гишүүн Д.Гантулга өөртэй нь холбоотой хэргийн талаар мэдээлэл хийв
2017.07.06

УИХ-ын гишүүн Д.Гантулга өөртэй нь холбоотой хэргийн талаар мэдээлэл хийв

УИХ-ын гишүүн Д.Гантулга сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Түүний хийсэн мэдээллийг хүргэж байна. 

“Эхлээд нэр нь тодорхойгүй хаягаас, нэр ус нь тодорхойгүй мэдээлэл явсаар байгаад сүүлдээ Д.Гантулга гэдэг УИХ-ын гишүүн хүчингийн хэрэгт холбогдсон мэтээр  мэдээлэл цацагдаад нилээдгүй цаг хугацаа өнгөрлөө.

“Та яагаад энэ мэдээлэлд хариу өгөхгүй, 20 гаруй хоног өнгөрөөж, удав аа? Та буруутай юм биш үү?” гэж хүмүүс надаас асууж байна.

7 сарын 3-ны өдөр яг энэ мэдээллийг цацаж байгаа албан ёсны эх сурвалж мэдээлэл хийлээ. Энэ үед би орон нутагт ажиллаж байсан. Өчигдөр орон нутгаас ирээд, өнөөдөр энэ мэдээллийг хийж байна. Өнөөдөр өнгө, мөнгөнд үнэ цэнэ, мөн чанараа худалддаг үеийн залуучуудын эрх ашиг, бүхэл бүтэн нэг үеийг өөрчлөж шинэчлэх нийгмийн сэтгэл зүйн  өмнө ирсэн байна. Тийм учраас одоо бид юунд итгэх вэ? Гэдэг асуудалтай тулаад байна.

6 сарын 12-ны өдөр анх хүчингийн хэргийн талаар мэдээлэл, гомдол гарсан байдаг. 13-ны өдөр энэ гомдлоо эргүүлэн татсан байдаг.

Гэхдээ хууль, шүүхийн байгууллагад энэ хэргийг хуулийн дагуу явах ёстой процедурынхаа дагуу шалгаж өгөөч. Би мэдээллээ өгье гээд цагдаагийн байгууллагад 6 сарын 19-ний өдөр очиж мэдүүлэг өгсөн.

Дээрээс нь шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Эцэст нь 6 сарын 21-ний өдөр “энэ хэргийг хэрэгсэх үндэслэл алга” гэсэн прокурорын дүгнэлт гарсан.

Ингээд прокурорын байгууллагын шийдвэрийг авъя гэсэн боловч анх өргөдөл гаргасан этгээдэд эхэлж өгдөг гэдэг хуулийн үндэслэлээр надад өгөөгүй.

6 сарын 29-ний өдөр анх мэдүүлгийг авсан. Энэ мэдүүлэг дээр 7 хоногийн дотор үүнийг анх гомдол гаргагч нь дараагийн шатны прокурорт буюу нийслэлийн прокурорт  дахин санал гаргах эрхтэй байдаг юм байна. Энэ цаг хугацаа нөлөөлсөн.  

Өнөөдөр нөгөө тал дараагийн шатны прокурорт өгч байгаа юм байна лээ.

Энэ мэдээллийг гуйвуулж олон нийтэд хүргэж байгаад харамсаж байна.

Үндсэндээ энэ бол оффшор дансны  тухай задалсан мэдээлэл хийсэнтэй зэрэгцээд мэдээ.мн сайт дээр гарснаар эхэлсэн.

Дээрээс нь та бүхэн анзаарч байгаа байх цэвэр АН-ын талын хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр, АН-ыг дэмжиж байгаа бүх л сонгуулийн штабын нөхдүүдийн live-аар мэдээллийг цацаж байна. Үүнээс илэрхий улс төр харагдаж байгаа.

6 сарын 21-ний өдөр энэ хэрэг хэрэгсэхгүй гэсэн шийдвэр прокуророос гарч байхад Саранзаяа Хөвсгөл далайн эрэг дээр амраад явж байсан. Ирснээсээ хойш прокурорын шийдвэрийг авахгүй хүлээж хүлээж уржигдар уйлан, хайлан мэдээлэл хийж  байгаа юм.

Хамгийн анх гомдол гаргасны маргааш өдөр эмнэлэг дээр уулзах үед маш тайван яриа хөөрөө өрнөж байгааг Та нар харж байгаа.

Өчигдрийн хэвлэлийн хурал дээр хэлж байна “надад мөнгө өгсөн. Ахиад мөнгө өгсөн” утгатай мэдээлэл хийж байна.  Энэ бол шантааж.

Би хэн нэгэнд мөнгө өгөх битгий хэл өөрийн нэр дээр орон сууцгүй хүн. Тийм учраас хэн нэгэнд мөнгө өгч гүтгүүлж, гүтгэлэг ээ дарахын төлөө явах хүн биш. Та бүхэн энэ талаар үнэн зөвөөр олон нийтэд тайлбарлаж, танилцуулаасай гэж хүсэн байна.

Хан Хэнтий нутгаас гарч ирж байгаа залуу улс төрчдийг дандаа ийм байдлаар гүтгэдэг ээ болих хэрэгтэй. 2000 онд У.Хүрэлсүх, 2012 онд Л.Оюун-Эрдэнэ нарыг иймэрхүү хэрэгт холбож байсан, өнөөдөр Д.Гантулга гэдэг хүнийг ийм хэрэгт холбож байна. 

Д.Гантулга хүн хүчиндсэн биш харин Д.Гантулгын улс төрийн бүлэглэл хүчирхийлж байгаа юм.

Д.Гантулгын үеийнхэн, залуу үеийнхнийг хүчирхийлж байгаа хэрэг юм. Нэг үгээр хэлбэл хүчирхийлэгч нь өнөөдрийн улс төрийн олигархууд юм. Энэ бүхнийг танил сценариар зохион байгуулдаг эрхмүүд хийж байгаа. Үүнийг олон түмэнд та бүхэн зөвөөр ойлгуулж өгөөсэй гэж хүсч байна.