УИХ, Засгийн газар шийдвэрээсээ буцахгүй гэв
УИХ-ын дарга М.Энхболд
2017.07.06

УИХ, Засгийн газар шийдвэрээсээ буцахгүй гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.07.06/ эхэллээ. Энэ долоо хоногийн хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.

Мөн 2016 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг баталж, санхүү, зээлийн хэлэлцээрүүдийн соёрхон батлах юм. Ингээд УИХ-ын 2017 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталж, нийт есөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр энэ удаагийн хаврын чуулган хаалтаа хийнэ.

Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Л.Болд, С.Бямбацогт нар үг хэлсэн.

Д.Эрдэнэбатын тухайд Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигч нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалах нь зохимжгүй бөгөөд УИХ-ын хоёр дэд даргын хэн нэгнээр удирдуулахыг хүслээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгох болсонд талархлаа илэрхийлсэн. Гэвч энэ нь сонгуулийн шоу байж болохгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ОУВС-гийн шахалт, шаардлагаар хүүхдийн мөнгийг олгохоо болилоо гэж болохгүйг сануулаад энэ мөнгийг ямар санхүүжилтээр олгох болсныг тодрууллаа. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр эзэмшилдээ авч, тус үйлдвэр 100 хувь төрийн өмчит боллоо гэсэн шийдвэр гаргасан ч 51 хувийн маргаан одоо ч дуусаагүй болохыг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Болд мөн л хүүхдийн мөнгө, Эрдэнэт үйлдвэр, тэтгэврийн тухай асуудлыг хөндсөн. Ингэхдээ Лхагва гарагийн Засгийн газрын шийдвэрийг Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлах үндэстэй гэв.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эдийн засгийн нөхцөл байдал, ОУВС-гийн хөтөлбөрийн нэрийг барьж хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохгүй байх вий гэдэгт болгоомжилж байна. Тиймээс хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох асуудлыг төсвийн тодотголд оруулж, УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг улс төржүүлэх шаардлагагүй, УИХ, Засгийн газар шийдвэрээсээ буцахгүй гэв.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, дууссаны дараа УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн. 

Тэрээр хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгох тухай Засгийн газрын шийдвэрийг зөв гэж үзэж байгааг хэлээд миний бие хоёр дахь удаагаа энэ шийдвэрийг гаргалцахад нөлөөлсөн хүн гэв. Хүүхдийн мөнгийг олгох тухай хууль эрх зүйн орчин тогтвортой байх ёстой.

Мөн УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн өмчит болгох асуудлыг шийдвэрлэсэн. УИХ-аас гаргасан тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлсэн гэж ойлгож байгаа. Хүүхдийн мөнгө, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой гаргасан шийдвэрээсээ УИХ, Засгийн газар ухрахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдлээ.

М.Энхболд нь УИХ-ын даргын албан тушаалд олонхийн саналаар томилогдсон учраас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн эсэх нь чуулганыг даргалах, даргалахгүй байхад ямар нэгэн нөлөөгүй гэж үзэж байгаа илэрхийлсэн. Гэхдээ цөөнхийн үгийг сонсох ёстой гэсэн өөрийн баримталдаг зарчмын хүрээнд гишүүний хүсэлтийг хүлээн авч, чуулганыг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав даргуулахаар боллоо. Гэхдээ УИХ-ын 2017 оны хаврын чуулганыг хааж үг хэлнэ гэдгээ хэллээ.