Мэндийн Зэнээ агсаны дурсамж уулзалт боллоо
УИХ-ын гишүүн асан, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Мэндийн Зэнээ агсаны мэндэлсний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан өнөөдөр М.Зэнээ агсаны хань, үр хүүхэд, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан журмын нөхөд нь дурсамж уулзалт зохион байгууллаа. Дурсамж уулзалтанд УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн асан Ж.Бямбадорж зэрэг М.Зэнээ агсантай мөр зэрэгцэн ажиллаж явсан нөхөд нь, мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын Захирагч С.Батболд, Төв аймгийн нутгийн зөвлөлийн удирдлага, Бүрэн сумын удирдлагууд, гэр бүлийнхэн нь оролцож, дурсамж яриа өрнүүлэв.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан журмын нөхрөө дурсахдаа “М.Зэнээ маань туйлын шударга, үнэнч хүн явсан. Их хурлын гишүүнээр ажиллаж байхдаа олон байнгын хороонд орж ажиллаж байсан. Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулин дээр голлон ажилласнаас гадна Хууль зүйн байнгын хороонд олон жил ажиллаж, Гэмт халдлагатай тэмцэх байгууллагын тэргүүнээр ажилладаг байсан юм. Мөн монгол бичиг үндэсний хэл бичгийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан гээд түүний орсон хууль маш олон. 20 гаруй хууль дээр ажиллаж, санаа оноогоо хэлж, ажлын хэсэгт орж байсныг би тодхон санаж байна. М.Зэнээ бол улс төрч хүн. Улс төрд, улс оронд ямар их үүрэг гүйцэтгэснийг нь үнэлж баршгүй их юм.” хэмээлээ. Мөн ханьдаа, хоёр охиндоо их хайртай байсныг нь хоолой зангируулан ярьж байлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Бидний хувьд үнэ цэнэтэй сайхан хүнийхээ 70 насны ойг тэмдэглэж, дурсаж энд цугласанд баяртай байна. Миний хувьд М.Зэнээ агсаны орыг залгамжилсан гэж хэлж болно. 2002 онд М.Зэнээ агсаны орыг залгаж, нутгийн зон олны итгэлийг хүлээж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. М.Зэнээ гуай зөвхөн Төв аймгаас төрөн гарсан зүтгэлтнүүдийн дунд ч биш Монголын улс төрд тод ул мөрөө үлдээсэн улс төрч юм. Их шулуун шударга зантай. Өнөөдөр Монголын улс төрд хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл бол энэ шударга зан юм.” хэмээлээ.
М.Зэнээ агсан 1947 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Өнжүүл сумын нутаг “Оорцог” хэмээх газар малчин ард Мэндийн 4 дэх хүү болон мэндэлжээ. Нутагтаа арван жилийн сургууль, Улаанбатар хотын Багшийн сургууль төгссөн. Улмаар Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилд бага ангийн багш, Төв аймгийн Жаргалант сумын 10 жилд бага ангийн хичээлийн эрхлэгч, Төв аймгийн Сэргэлэн сумын сургуульд захирлаар ажиллаж байгаад МУИС-д элсэн орж төгсөөд Шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар, Төв хорооны гишүүнээр, 1992 оноос УИХ-ын гишүүнээр 3 удаа сонгогдон ажиллаж байсан Хэл бичгийн ухааны доктор, Түүхийн шинжлэх ухааны доктор хүн байжээ.