Эрүү, зөрчил тэргүүтэй 20 гаруй хууль тогтоомжийг шинэчилж, өөрчилсөн хаврын чуулган
2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр нээлтээ хийж, энэ долоо хоногт өндөрлөх УИХ-ын хаврын чуулганаар нийт 28 хууль тогтоомжийн төслийг эцэслэн баталжээ.
Эдгээрийн дотор Хууль зүй, дотоод хэргийн яам /Засгийн газар/-аас санаачилсан хуулиуд жин дарна. Энэ хаврын чуулганаар 2017 оны төсөвт тодотгол хийж, 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулиудыг хугацаанд нь амжиж батлав.
Хаврын чуулганы эхэнд төрийн албан хаагч болон түүний хамаарал бүхий этгээд оффшор бүсэд данс эзэмших, ашиглах, гадаад улсад хуулийн этгээд байгуулахыг хориглов.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Зөрчлийн тухай хуулийг шинэчлэв. Эрүү, зөрчлийн орчин шинэчлэгдсэнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг ч баталлаа.
Гэмт хэргийн шинжийг “хэлбэрийн” төдий агуулсан бүхий л үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуучин Эрүүгийн хуульд заасан нь гэмт хэргийн тоог хиймлээр өсгөн, ялимгүй үйлдэлд ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг байсныг халж, нийгэмд аюулгүй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар болсон гэж хууль санаачлагч тайлбарлаж байна.
Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд шинээр Зөрчлийн тухай хуулийг мөрдөж байна. 2017 оны УИХ-ын хаврын чуулганаар уг хуулийн төсөл батлагдсанаар зөрчлийн нэгдсэн сантай болж, зөрчлийн шийтгэлийг үндэслэлтэй, хуулийн дагуу оногдуулсан эсэхэд прокурор хяналт тавих юм.
220 гаруй салбарын хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд нэгтгэсэн бөгөөд энэ төрлийн хуулийг хэрэглэж байсан практик байхгүй учраас явцын дунд засаж сайжруулах зүйл гарахыг үгүйсгэхгүй гэж хууль санаачлагч үзэж байна.
Аливаа зөрчлийг хуулийн дагуу шалган шийдвэрлэх эсэхэд хяналт тавих субьект нь прокурор учраас тэдний гүйцэтгэх чиг үүрэг нэмэгдэв. Прокурорын байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, прокурорын шийдвэр ил тод байна. Хэрэв хуулиар хориглоогүй бол прокурорын хянан шийдвэрлэх ажиллагааны явц, шийдвэрийн талаар олон нийт, албан тушаалтан, сонирхсон этгээдэд мэдээлэл өгч болно. Ингэснээр прокурорын байгууллагад итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ гэж Прокурорын тухай хуулийн үзэл баримтлалд дурджээ.
Шүүхийн шийдвэр заавал биелэгддэг байх, төлбөр төлөгч, төлбөр авагч хоёрын хууль ёсны ашиг сонирхлыг ижил түвшинд тавьж, шүүхийн шийдэр түргэн, шуурхай гарахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн хууль чиглэж байна.
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, аливаа хууль тогтоомжийн төсөл боловсруулахдаа зургаан аргачлал баримталдаг бол хуулийн хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор яаралтай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа бол, олон улсын гэрээ зэрэгт эдгээр аргачлал хамаарахгүй.
Хууль хүчингүйд тооцох тухай хуулийг бие даасан хуульд тооцож, хуулийн хэрэгжилтэд жил тутамд хяналт тавьдаг байхаар зохицуулсан байсныг таван жилд нэг удаа болгон өөрчлөв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Залуучуудын хөгжлийг дэмжих хуультай болов. Уг шинэ хуулиар залуучуудын сурах, хөдөлмөрлөх, наад захын хэрэгцээгээ хангахад төрөөс дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг тусгасан бөгөөд Залуучуудын хөгжлийг дэмжих сан байгуулж, сангаар дамжуулан залуусын хэрэгцээ, шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх юм.
Хүүхдийг зургаан сар хүртэл, боломжтой бол хоёр нас хүртэл хөхөөр хооллох бодлогыг Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулиар зохицуулж өгсөн.
Хаврын чуулганы хугацаанд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар асуудал хурцаар хөндөгдсөн бөгөөд үүнээс өмнө Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт ямар байгаатай УИХ-ын гишүүд газар дээр очиж танилцсаны үндсэн дээр тогтоолын төсөл боловруулж, батлуулсан. Уг тогтоолд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нэн хэрэгтэй есөн багц асуудлыг шийдвэрлэхээр тусгажээ.
Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж цагийн ажилтан хэмээх ойлголтыг нэг мөр хуульчлав.
Ажил олгогч нь ажилтантай заавал гэрээ хийж, дадлагажигчаар гурван сар хүртэл ажиллуулах тухай хуульд тодорхой тусгаж өглөө. Ингэснээр Хөдөлмөрийн тухай хуулийн ойлголт дутмагаас хохирдог иргэдэд эрх зүйн орчин нь ойлгомжтой болсон юм.
УИХ-ын 2017 оны хаврын чуулганаар авто зам, усан замын салбарын хуулийг шинэчлэв. Авто замын чанар, арчлалтад түлхүү анхаарч, усан замыг аялал жуулчлалын нэг бүрэлдэхүүн хэсэг гэсэн концепциор хөгжүүлэхэд уг хуулиуд чиглэж байна.
Техник, технологийн хөгжил, өнөө цагийн хэрэглэгчдийн хүсэлт шаардлагаас болж, төлбөрийн дэд бүтцийг сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг баталжээ.
Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал асуулгын товыг санал асуулга болохоос 21 хоногийн өмнө зарлахаар тогтлоо.
Аюултай хог хаягдлыг хэрхэх эсэхийг шийдэж, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, бохирдуулагч нь өөрөө төлдөг байх зарчмыг Хог хаягдлын тухай шинэчилсэн хуульд тусгав.
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ, БНЭУ, Польш улсуудтай, Хөдөө аж ахуйн олон улсын сантай тухай бүрт санхүүжилтийн хэлэлцээр байгуулж, УИХ-аар соёрхон батлууллаа. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн төслийг батлаад байна.
Хаврын чуулганаар батлагдсан хуулийн жагсаалт
/батлагдсан огноогоор дараалуулав./