М.Энхболд: Итгэл, ялалт, ирээдүйн төлөө эвлэж зүтгэцгээе
МАН-ЫН БАГА ХУРАЛД МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА,
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
Намын Бага хурлын хүндэт гишүүд ээ,
Эрхэм журмын анд нөхөд өө,
Юуны өмнө Та бүхэндээ чин сэтгэлийн угаас талархаж буйгаа илэрхийлье.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намайг дэвшүүлсэн энэ үйл явдлыг би АСАР ИХ ИТГЭЛ, ӨНДӨР ХАРИУЦЛАГА гэж гүнээ ухамсарлан, хүлээж авч байна. Сая энд сууж байхдаа үүрэг, даалгаврын асар том ачаа мөрөн дээр бууж ирэхийг ихээхэн тод мэдэрлээ.
Төрийн байгууллагын жирийн албан хаагчаас Их хотын захирагч, Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, хууль тогтоох дээд байгууллага Парламентын спикер хүртэлх миний амьдралын 30 гаруй жилийн өгсүүр замын улаач, хөтөч нь та нар минь, Нам маань байсан.
Ерэн зургаан жилийн бахархалт түүхтэй, улс үндэстнийхээ тусгаар тогтнол, сэргэн мандалт, хөгжил дэвшлийн манлайлах түүчээ, зүтгэх зүтгүүр нь болсоор ирсэн энэ том намыг удирдах хувь заяа надад хоёронтаа тохиолоо.
Өөрт байгаа чадлын хэрээр, хоёргүй сэтгэлээр хичээн зүтгэсээр өнөөг хүрсэн.
Энэ хугацаанд хүрсэн үр дүн, амжилт ялалт бүхэн Та бидний хамтын бүтээл билээ.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд намаа төлөөлөн нэр дэвших эрхийг Та бүхэн надад оноолоо.
Миний амьдрал, намтар түүхэнд бас нэгэн ховор гайхалтай үйл явдал ийнхүү тохиож байна.
Энэ сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвших боломжтой хүмүүсийн нэг нь л би байсан байх.
Сонгуулийн амаргүй сунгаанд шандас цуцахааргүй, барианд баараагүй түрүүлээд ирэх чансаатай улстөрчид манай намд цөөнгүй бий.
Гэсэн ч тэдгээр хүмүүс болон намын хамт олон надад итгэл, батламжаа өвөртлүүллээ. Энэ шийдвэр нь ардаараа овоглосон намынхаа эгнээнд 30 шахам жил тууштай зүтгэсэн зүтгэл, төр засгийн өндөр нэр хүндтэй албуудыг цөөнгүй жил хашсан туршлага, яг энэ түүхэн үед намаа тэргүүлж байгааг минь хүндэтгэсэн хэрэг буй за хэмээн сүслэн хүлээж авч байна.
Надтай хамт та нар минь бас намын мянга мянган гишүүд дэмжигчид байгаа болохоор халшрах зүйл байхгүй ээ.
Та бүхэн надад итгэсэн шиг, Та нартаа би итгэж байна.
Хамтын ялалт бидэнд ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Эрхэм нөхөд өө,
Улс орон, ард иргэдийн маань амьдрал тааруухан байна.
Хэн ийм болгосон, юу тиймд хүргэсэн талаар олныг ярьж, хойшоо харахыг би хүсэхгүй байна.
Эрмэлзэл тэмүүллийн хүрэх цэг хол, эсвэл төвөгтэй байж болно.
Гэхдээ өнөөдрийн итгэл үгүйгээр түүнд хүрч чадахгүй.
Тиймээс иргэдийнхээ сэтгэлд итгэлийн гал асаах нь юу юунаас чухал байна.
Илүү олшруулж, өсгөн үржүүлье.
Ингэж чадвал бидний ирээдүйн зам илүү тодорхой, шулуун дардан болно.
Ийм итгэлийг иргэддээ бэлэглэхийн тулд том зорилго тавьж, түүндээ хүрэхийн төлөө зогсоо чөлөөгүй ажиллах цаг иржээ.
Тиймийн тулд өнөөдрөөр биш, маргаашаар амьсгалцгаая.
Монгол асар их баялагтай. Өргөн дэлгэр нутаг дэвсгэртэй.
Цөөхөн хэрнээ гайхалтай оюунлиг, авьяаслаг ард түмэнтэй.
Бид нэг буурин дээрээ мэтгэлцэж, маргалдсаар хэтэрхий уджээ.
Тиймээс одоо нэгдмэл байр суурьтайгаар урагшлан зүтгэх цаг болсон.
Болохгүй бүтэхгүй, буруу хазгай бүхнээ буурин дээрээ орхиод урагшилцгаая.
Энэ тэмүүлэл хөгжил дэвшил тийш, сайн сайхан амьдралыг зорих их нүүдэл байх болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Монголчууд нэг зорилго, нэгдмэл эвтэй байсан цагтаа л хүчирхэг байсан.
Энэ цаг үе биднээс зөвшилцөл ойлголцлыг, эв нэгдлийг, улс гэрийнхээ дотор үймж бужигнахгүй, тогтвортой тохинуун байхыг шаардаж байна.
Ингэж чадвал бид ирээдүйн сайн сайханд түүртэх юмгүй хүрнэ.
Би эрдэм ухааны далай өтгөс буурлууд, энэ үеийн түүхийг бүтээж яваа дунд үеийнхэн, ирээдүй маргаашийг дархлах бадрангуй залуусынхаа аль алинд бүрэн итгэж байна.
Монгол Улс минь мандан бадрах болтугай.
Монгол Ардын Намын түүх шинэ ялалтын мөрүүдээр тэтгэгдэх болтугай.
Анхаарал тавьсанд баярлалаа.