О.Баасанхүү Сүхбаатарын талбайд гэр барьж ажиллана
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.04.24

О.Баасанхүү Сүхбаатарын талбайд гэр барьж ажиллана

Тэрээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод албан хүсэлт илгээжээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордонд ажиллах нөхцөл боломжгүй болоод байна. Тэрээр албан өрөөнөөсөө хууль бусаар хөөгдсөн гэж үзэж байгаа бөгөөд түүний өрөөнд нэр бүхий гишүүн орж, оронд нь тэрээр хуучин өрөөнийхөө гадаа "оффислох"-оос өөр аргагүйд хүрэв. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй бололтой. О.Баасанхүү өөр нэг шийдэл олов. 

Тэрээр Төрийн ордон дахь өөрийн албан өрөөгөө Сүхбаатарын талбайд шилжүүлж, монгол гэр барин ажиллахаар шийдэж, ийнхүү Нийслэлийн Засаг даргаас зөвшөөрөл хүсээд байна. Энэ хүсэлтээ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд давхар уламжилжээ.