Орон нутгийн сонгуулийн үр дүнг хэлэлцэхээ дахин хойшлууллаа
УИХ-ын гишүүн Л.Болд
2017.04.28

Орон нутгийн сонгуулийн үр дүнг хэлэлцэхээ дахин хойшлууллаа

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн оффшор бүстэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Уг асуулгын хариуг сонсохын өмнө УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрсөн долоо хоногт түүний тавьсан хүсэлт, горимын саналыг хэлэлцэх эсэх талаар УИХ-ын дарга М.Энхболдоос тодрууллаа.    

Орон нутгийн сонгуулийн үр дүнг танилцуулах, зөвшөөрөх талаар УИХ-ын гишүүн Л.Болд Ерөнхий сайдад асуулга тавьсан байдаг. Асуулгын хариуг бичгээр ирүүлсэн ч УИХ-ын гишүүн Л.Болд үүнийг хангалтгүй байна гэж үзээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд асуулгын хариуг сонсох хүсэлтэй байгаагаа өнгөрсөн долоо хоногт илэрхийлсэн.

Түүний хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболд ёсоор болгож, өнөөдөр асуулгын хариуг сонсох шийдвэрт хүрсэн юм. Гэтэл хэлэлцэх асуудлын дараалалд Л.Болдын тавьсан асуулгын хариуг сонсох тухай ороогүй байна. 

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн иргэдийн дунд маргаан, үймээн дэгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Сонгуулийн үр дүнг одоог хүртэл баталгаажуулаагүйгээс болж, иргэд жагсахад хүрсэн.

УИХ-ын гишүүн Л.Болд энэ асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ дахь АН-ын бүлгийг хүлээн авч уулзан, уг асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулж, улмаар намууд зөвшилцөлд хүрэхээр болсноо мэдээлж байсан. Гэвч одоог хүртэл дорвитой ахиц гараагүй л байна.

УИХ-ын гишүүн Л.Болд өөрийн зүгээс шаардлагатай гэсэн бүхий л алхмаа хийж, өнөөдөр эцэстээ туллаа гэв. Тэрээр Сүхбаатар аймгийн зарим сумд, Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжлах асуудлаар хангалттай улстөржиж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэнцвэргүй мэдээлэл цацагдсаар байгааг таслан зогсоохыг хариуцлагатайгаар мэдэгдэв.

Орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаарх асуулгын хариуг чуулганы хуралдаанд сонсож, хэлэлцэхийг УИХ-ын гишүүн Л.Болд УИХ-ын даргаас дахин хүслээ.

Үүний хариуд УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллыг чуулганы хуралдаан эхлэхдээ баталчихсан учраас нэмж асуудал оруулах боломжгүйг хэллээ. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хүсэлтээр энэ асуудлаарх асуулгын хариуг сонсохоо түр азнахаар болсон бөгөөд дараа долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаан хүртэл хойшилжээ.