Хуулийг шинэчилсэнээр орон тоо 299-өөр нэмэгдэнэ
2017.04.27

Хуулийг шинэчилсэнээр орон тоо 299-өөр нэмэгдэнэ

2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг шинэчлэхээр болж, хуулийн төслийг 2017 оны 4 дүгээр сарын 18-нд өргөн мэдүүлсэн юм. Өнөөдөр хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь үндсэн 5 хэсэгтэй, 302 зүйлтэй бөгөөд хэд хэдэн шинэ зохицуулалт орсны тоонд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хорих ангийн нөхцөл байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид тавих шаардлага зэрэг орж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэд хэдэн асуулт асуулаа.

Д.Тэрбишдагвын таван асуулт

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга, дэд даргад ямар шаардлага тавьж байна?
  2. Хуулийг шинэчилснээр орон тоо хэдээр нэмэгдэх вэ? Хорих анги нэмж барих уу?
  3. Орон гэргүй, ядуугаасаа болж гэмт хэрэг үйлдсэн этгээдэд энэрэнгүй хандах боломж бий юу?
  4. Хорих ангид ял эдэлж байгаа, шоронгоос суллагдсан иргэдийг ажлын байраар хангаж байгаа эсэх?
  5. Хорих ангийн нөхцөл байдлыг яаж өөрчлөгдөх вэ?

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь дарга, тэргүүн дэд дарга, хоёр дэд даргатай байна гэж хуулийн төслийн 261,1 дэх хэсэгт заасан байна.

Г.Баясгалан: Нарийвчилсан тоогоор 299 хүн нэмж ажиллуулна

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга, даргад тусгайлсан шалгуур, шаардлага тавиагүй. Гэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчид тавигдах нийтлэг шаардлагыг хуулийн төслийн 270 дугаар зүйлд заасан. Хуулийн төсөл батлагдсанаар орон тоо 299-өөр нэмэгдэнэ гэсэн нарийвчилсан тооцоо бий. Үүнээс 2019 оноос зорчих эрхийг хязгаарлах хүрээнд 204 албан хаагч шинээр авах юм.

Хорих анги шинээр барихгүй. Өнгөрсөн парламентын үед барилгын ажил нь эхэлсэн 1500 хоригдлын хорих ангийг 750 хоригдлынх болгон багасгаж, хөрөнгийг 2017 оны төсөвт суулгасан, барилгын ажил хэвийн үргэлжилж байгаа. Цаашид хорих ангийн нөхцөл байдлыг сайжруулах тал дээр анхаарах болно. Тэр дундаа хаалттай, нээлттэй хорих ангийн тухай ойлголтод зарчмын шинжтэй өөрчлөлт хийж байгаа учир засвар хийх, тоног төхөөрөмж суурилуулах шаардлага бий. 

Хорих ангиудыг үйлдвэрлэлийн төрлөөр ангилсны үндсэн дээр хоригдлууд хөдөлмөр эрхэлж, хохирлоо барагдуулах, ойр зуурын хэрэглээний мөнгөө олж байна. 

Нээлттэй хорих анги нь энгийн болон тусгай зэрэглэлтэй байна. Энгийн зэрэглэлд анх удаа гэмт хэрэг үйлдэж 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 2 ба түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг ял эдлүүлнэ. 

Хаалттай хорих анги нь энгийн болон тусгай зэрэглэлтэй байна. Энгийн зэрэглэлд санаатай гэмт хэрэг анх удаа үйлдэж 4-6 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 6 ба түүнээс дээш жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн хоригдлыг ял эдлүүлнэ.