2017.01.20

Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулна гэв

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Т.Тогтохсүрэн, Ц.Цогзолмаа нарын өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Чинзориг илтгэлдээ уг хуулийн төсөл нь МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан “Хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмж олгох эрх зүйн орчин бүрдүүлнэ”, “Хүүхдээ 3 нас хүртэл асарч байгаа эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасрахгүй байх боломж бүрдүүлнэ”,“Төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцно”, “Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулна” гэж тус тус заасантай бүрэн нийцэж байгааг онцлон дурдаж байлаа.