2016 он: Монгол Улсын Засгийн газар хүүхдийн төлөө юу хийв?
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийх юм. Уг мэдээлэлд багтсан гол гол агуулгыг онцлон хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газраас батлан гаргасан, хэрэгжүүлж буй эрх зүйн суурь баримт бичгүүд
1989 он: Олон улсын хүүхдийн эрхийн конвенци
2002 он: Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр
2016 он: Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хууль
2016 он: Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр
2017 он: Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр
Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийт 14 эрх зүйн баримт бичиг боловсруулснаас 8-ыг нь батлуулжээ.
Хүүхэд хамгааллын тухай тухай хуулийг хэрэгжүүлэхэд 2017 онд 400 сая төгрөг, Хүүхдийн тусламжийн 108 утасны төвийн зардалд 200 сая, Хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтэд 5,8 тэрбум, Хүүхдийн мөнгө хөтөлбөрт 161,5 тэрбум төгрөг тус тус тусгасан байна.
Тодруулбал, ойрын 2-3 жилд хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд буюу 660 мянган хүүхдэд бэлнээр, 40 хувьд нь бэлэн бусаар олгоно. 2017 онд шинээр цэцэрлэгийн барилга барихад зориулан 3,4 тэрбум төгрөгийн улсын төсөвт суулгасан бөгөөд сургууль, цэцэрлэгийн их засварт 11,2 тэрбум төгрөг зарцуулах юм.
2016 онд нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн 162 хүүхдийг хамгаалан нийгэмшүүлэх, хөгжүүлэх үйлчилгээнд хамруулсан байна.
Гэр бүл салалтаас болж үүссэн хүүхдийн асран хамгаалалтын маргааны асуудлаар 2016 онд 91 гэр бүлийн 144 хүүхдийн эрх ашгийг хамгаалах дүгнэлт гаргаж, шүүхэд хүргүүлжээ.
Нийслэлийн хэмжээнд 2016 онд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвүүдэд 1569 дуудлага бүртгүүлснээс 87 хувьд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж шийдвэрлэсэн юм.
“Хүүхдийн эсрэг хүчирхийллийг тэг болгоё” сарын аянд 190 гаруй мянган хүүхдийг хамруулж, 432 удаагийн уулзалтаар нийт 1554 санал гарснаас 11 саналыг онцлон хэрэгжүүлж байна.
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар ubchild.gov.mn буюу Хүүхдийн эрсдлийн түвшин тогтоох програм хангамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Уг програмд 2016 оны эцсийн байдлаар 4044 хүүхдийн мэдээлэл бүртгэгдсэн байна.
Хүүхдийн эрсдлийн түвшин тогтоох програм хангамж
Зам тээврийн ослын улмаас 2016 онд 17-оос доош насны 50 хүүхэд нас барснаас 45 нь орон нутгийн замд, 5 нь нийслэлийн замд байна. Улсын хэмжээнд өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 1115 хүүхэд гэмтэж бэртсэнээс хүнд, хүндэвтэр гэмтэлтэй 224 хүүхэд байна.
Эдгээр тоо нь 2015 онтой харьцуулахад буурсан үзүүлэлт боловч зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан, гэмтэж бэртсэн хүүхдийн тоо дорвитой буурсангүй.
Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийн санд 2016 онд 18 нас хүрээгүй 279 хүүхэд бүртгэгджээ. Өнгөрсөн онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 6 насанд хүрээгүй хүүхэд холбогдсон байна.
2015-2016 оны хичээлийн жилд ШШГЕГ-ын харьяа Хорих 411 дүгээр ангийн дэргэдэх 110 дугаар бүрэн дунд сургуульд 21 хүмүүжигч хүүхэд суралцсан бол энэ хичээлийн жилд 5 хүүхэд суралцаж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын харьяат 266 хүүхдийг гадаадын 17 орны гэр бүлд үрчлүүлээд байгаагийн 148 нь эрэгтэй, 118 нь эмэгтэй хүүхэд байна.
Хүүхдийг үрчлэн авсан гадаадын иргэн хүүхдийн талаар 1 сартайгаас 3 нас хүртэл хагас жил тутам, 4-8 нас хүртэл жил тутамж, 8-16 нас хүртэл хоёр жил тутам Гадаадын иргэн, харьяатын газарт мэдээлэл ирүүлдэг аж. Мөн тус газраас хүүхдийн өсөлт бойжилттой газар дээр нь очиж танилцах тохиолдол ч бий гэнэ.