МХЕГ-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүү нар Хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээг 2 жил тутам байгуулдаг бөгөөд гэрээг байгуулснаар МҮЭ-ийн холбоо МХЕГ хамтран “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Хөдөлмөрийн тухай”, ”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”, “Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай” хууль болон Нийгмийн даатгалын багц хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, санал дүгнэлт гаргах, хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчдын мэдлэг ур чадвар, ажиллах нөхцөлийг сайжруулах талаар хамтран ажиллах юм.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэхүү арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах замаар иргэдийн хуулиар олгогдсон эрхийг хамгаалах асуудал ирэх оны том зорилтын нэг байх болно. Иргэдийн цалин хөлс нэмэгдэж чадахгүй байгаа хэдий ч цалин хөлсийг тухай бүрт нь олгох, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллахад хоёр байгууллагын хамтын ажиллагаа чиглэгдэх болно” гэлээ.
МХЕГ 2017 онд эрсдэл ихтэй салбаруудын үнэлгээг гаргах аж. Ингэснээр эрсдэл өндөртэй салбаруудад илүү анхаарал хандуулан ажиллах болно гэдгээ МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүү онцлов.