Ахмад настанд үзүүлэх 8 төрлийн тусламж, хөнгөлөлт
2016.12.27

Ахмад настанд үзүүлэх 8 төрлийн тусламж, хөнгөлөлт

Тусламж, хөнгөлөлтөнд 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн хамрагдана.

Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, тусламж олгох үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй иргэн холбогдох материалаа бүрдүүлэн сум, хорооны нийгмийн ажилтандаа өгнө.

1. 5 жил тутмын нөхөн олговор

Хөл, гар, шүд (үнэт металлаар хийхээс бусад)-ний протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл худалдан авсан болон дотоодод хийлгэсэн зардлын үнийг 5 жил тутам нэг удаа нөхөн олгоно.

Ахмад настан нь протез, ортопедийн хэрэгслийг хос эрхтэндээ хийлгэсэн бол нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолтыг үндэслэн эрхтэн тус бүрд олгоно.

 Бүрдүүлэх бичиг, баримт:

- Өргөдөл

- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

- Протез, ортопедийн хэрэгсэл хийлгэх шаардлагатай тухай нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт

- Протез хийлгэсэн бол мөнгө төлсөн тухай баримт, эсхүл нэхэмжлэл.

2. Орон сууцны хөлс, түлш худалдан авахад зориулсан мөнгөн тусламж

Тэжээн тэтгэх хүүхэдгүй, эсхүл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настанд болон хүндэт донор ахмад настанд орон сууцны хөлс төлөхөд хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгоно.

Бүрдүүлэх бичиг, баримт:

- Өргөдөл

- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

- Ганц бие болохыг нотолсон сум, хорооны Засаг даргын тодорхойлолт

- Сум, хорооны ахмадын байгууллагын санал

- Хүндэт донор бол хүндэт донорын үнэмлэх, хуулбарын хамт

- Нийслэлд амьдарч байгаа хүндэт донор ахмад настны хувьд Монголын донорын холбооны, аймаг, суманд амьдарч байгаа хүндэт донор ахмад настны хувьд аймгийн Улаан загалмайн хорооны үнэмлэх, тодорхойлолт. 

3. Тээврийн хэрэгслийн зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийн хөнгөлөлт олгоно

Хүндэт донор ахмад настан болон эмчилгээ, сувилгаа зайлшгүй шаардлагатай ахмад настан эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулах тохиолдолд тээврийн хэрэгслийн нэг талын зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа нөхөн олгоно. 

Бүрдүүлэх бичиг, баримт

-  Өргөдөл

- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

- Замын зардал төлсөн баримт

- Эрхийн бичгийн хуулбар, мөнгө төлсөн баримт

- Хүндэт донороос бусад ахмад настанд эмчилгээ сувилгаа шаардлагатай тухай эмнэлгийн байгууллагын дүгнэлт

-  Хүндэт донор бол хүндэт донорын үнэмлэх, хуулбарын хамт

- Нийслэлд амьдарч байгаа хүндэт донор ахмад настны хувьд Монголын донорын холбооны, аймаг, суманд амьдарч байгаа хүндэт донор ахмад настны хувьд аймгийн Улаан загалмайн хорооны үнэмлэх, тодорхойлолт. 

4. 75 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж

Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй, ганц бие ахмад настан нас барвал түүний оршуулгын зардалд нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжийн 75 хувьтай тэнцэх хэмжээний тусламж олгоно.

Бүрдүүлэх баримт,бичиг: 

- Өргөдөл, маягтын дагуу

-  Нас барсны гэрчилгээ

- Нийгмийн халамжийн тэтгэвэр авдаггүй тохиолдолд оршуулгын тэтгэмж олгоогүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын (суманд нийгмийн даатгалын байцаагч) байгууллагын тодорхойлолт;

-  Ганц бие болох тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;

-   Оршуулах ажлыг хариуцах итгэмжлэгдсэн этгээдийг томилсон тухай сум, хорооны Засаг даргын шийдвэр.

-  Итгэмжлэгдсэн этгээдийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт.

5. Эмчилгээ хийлгэхэд зориулсан нэг талын унааны зардал

Нийслэлээс 1000 ба түүнээс дээш км алслагдсан газарт байнга оршин суудаг ахмад настан аймгийн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд унааны нэг талын зардлыг жилд нэг удаа нөхөн олгоно.

Бүрдүүлэх баримт бичиг: 

-  Өргөдөл

-  Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

- Аймгийн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр буюу 13А болон 13Б маягт;

-  Замын зардал төлсөн тухай баримт, эсхүл нэхэмжлэл.

6. Ахмадын зориулалттай амралт, сувилалын газарт амрах эрхийн бичгийг хөнгөлөлттэй үнээр олгоно.

7. Ахмад настан нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн (таксинаас бусад) хэрэгслээр орон нутгийн харъяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчино. 

8. Худалдаа, тээвэр, холбоо, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний газар тэргүүн ээлжинд үйлчилнэ.