ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд багтана
2024.08.28

ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд багтана

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох, хэлэлцэх асуудлыг товыг тогтоодог. УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-ын даргын зөвлөлд парламентад бүлэгтэй улс төрийн намуудын төлөөллийг оруулдаг.

Энэ удаагийн парламент улс төрийн таван намаас бүрдсэн. Хуулийн дагуу МАН, АН хоёр парламентад бүлэгтэй. Харин ХҮН нам болон Үндэсний эвсэл, ИЗНН нь УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудал авч чадаагүй.  Тиймээс уг зөвлөлд ороогүй жижиг намуудаас гомдол гаргахад хүргэсэн. ИЗНН-ын дарга Б.Батбаатар  “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд зөвхөн МАН, АН-ын гишүүд байдаг.

Тус зөвлөлөөр УИХ-аар хэлэлцэх асуудлууд зэрэг чухал асуудлыг хэлэлцдэг. Гэтэл УИХ-д суудалтай бусад намуудын төлөөлөл энэ зөвлөлд байдаггүйгээс мэдээлэлгүй үлдэж байгаа"-г шүүмжилсэн. Тиймээс  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-д суудалтай ч бүлэггүй дарга нарыг таслах эрхгүйгээр тус зөвлөлд оруулахаар шийдвэрлэжээ.

Ямартай ч жижиг намуудын хүсэл биелэж, ХҮН намын  дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр, ИЗНН-ын дарга Б.Батбаатар нар УИХ-ын даргын зөвлөлд орж, мэдээлэлтэй танилцах боломжтой болж байгаа юм байна.