МҮЭ-ийн холбоо Монголын ахмадын холбоотой хамтран ажиллана
2016.12.27

МҮЭ-ийн холбоо Монголын ахмадын холбоотой хамтран ажиллана

МҮЭ-ийн холбоо Монголын ахмадын холбоо хооронд “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа.

Ийнхүү санамж бичгийг байгуулснаар улс орны хөгжил нийгмийн амьдралд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад настнуудын амьдралын баталгаа, нийгмийн хамгааллыг сайжруулах, эрх ашгийг нь хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар хамтран ажиллаж, хуулийн хэрэгжилтийг хангуулахад чухал ач холбогдол болох юм.

Энэхүү арга хэмжээний үеэр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Өнөөдрийн ахмадууд өчигдрийн үйлдвэрчний эвлэлийн гишүүд. Өнөөдөр зөвхөн ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах асуудлыг ярих биш холбогдох хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах шаардлага байгаа. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд МҮЭ-ийн холбоо, Монголын ахмадын холбооны үйл ажиллагаа тус тусдаа явж ирсэн. Харин ийнхүү манай хоёр холбоо эргэн хамтран ажиллах болсонд талархаж байна” гэлээ.

Түүнчлэн ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн өөрчлөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгуулах, ялангуяа хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ажиллаж байсан ахмадуудын тэтгэврийн харилцааг боловсронгуй болгох зэрэг асуудлуудыг хамтран судалж, санал /хууль, тогтоомжийн төсөл/ боловсруулан төр засагт тавьж, шийдвэрлүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаар боллоо.