УИХ-ын гишүүн Б.Түвшин Нийгмийн даатгалын хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ
2025.04.08

УИХ-ын гишүүн Б.Түвшин Нийгмийн даатгалын хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ

УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын гишүүд хамтран Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар нэлээдгүй хугацаанд ажиллаж, УИХ-д өргөн барихад бэлэн болоод буй. Хуулийн төслийн хүрээнд ААН, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй тэрбээр өнөөдөр /2025.04.08/ хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хуульчид, хувийн хэвшлийнхэн, иргэд зэрэг тал талын төлөөллийг оролцуулсан юм.

Эл хэлэлцүүлгээр Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулахаар бэлтгэсэн 3 агуулгын нэмэлт өөрчлөлтийг танилцуулж, санал бодлоо солилцсон юм. Тодруулбал, хуулийн төслөөр,

-Иргэний хуулийн Ажил гүйцэтгэх гэрээ, Хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулан ажил, үйлчилгээ эрхлэх хувь хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасах, эдгээр гэрээний орлогыг албан журмын нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах.

- Ажил олгогч ажилтанд олгосон хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах.

- Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх даатгуулагчийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг даатгуулагчийн адил тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоох зэрэг өөрчлөлтүүд багтаж байгаа юм.

Хэлэлцүүлэгт оролцсон салбар бүрийн төлөөллүүд хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, цаашид Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах асуудлыг авч ажиллахыг хэлж байлаа.