О.Баасанхүү: Олон зөрүүтэй тоонууд ямар учиртай юм бэ?
2016 оны 6 дугаар сарын 21-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хийлээ. Хэлэлцэх асуудлын үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
“Засгийн газар нь Монголбанкнаас энэ хуулийн 12.1.2-д заасан зорилгоор тухайн төсвийн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зээллэг хийж болно. Засгийн газар энэ хуулийн 18.7-д заасныг зөрчиж, Монголбанкнаас зээллэг хийхийг хориглоно” гэж заасан байна. Энэ заалтын дагуу өнөөдрийг хүртэл “Сайн” хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. 1072 хувьцааны 30 хувийг Засгийн газарт худалдаж болно гээд үүнд 300 орчим тэрбум төгрөг зарцуулсан.
Ипотекийн 5 хувь, 8 хувийн зээлийг иргэд төлж байгаа мэт боловч Засгийн газар эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр жил бүр төлдөг. Гэтэл манай Засгийн газар үүнтэй холбоотой хуулийг хүчингүй болгох тухай ярьж байна. Төсвийн алдагдал гэхээр янз бүрийн тоо яриад байдаг. Тухайлбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга төсвийн алдагдал 4 их наяд гэж байгаа бол Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэлд 1,9 их наяд гэж байна.
Татварын орлого өнгөрсөн оныхоос 85,9 тэрбум төгрөгөөр буурсан байна. Засгийн газар хувийн хэвшлүүдэд баталгаа гаргасан. Тэр дундаа Худалдаа хөгжлийн банкинд бонд гаргах баталгаа олгосон. Гэтэл одоо бондын төлбөрөө төлж чадах уу, үгүйд хүрээд байна гэх зэргээр хүндрэлтэй асуудлаар байр сууриа илэрхийлж дараах асуултыг ажлын хэсгээс асуусан юм.
-
“Сайн” хөтөлбөрүүд хууль зөрчсөн эсэхэд Үндэсний Аудитын Газраас ямар дүгнэлт гаргасан бэ?
-
Төсвийн алдагдал хэдэн их наяд төгрөгтэй тэнцэж байна?
-
Татварын орлого өмнөх оныхоос 85,9 тэрбум төгрөгөөр буурсан нь уул уурхайн салбарын уналттай холбоотой юу? Улс орны өнөөгийн нөхцөл байдлаас болов уу?
-
2017 оны хувийн компаниудын өр, Засгийн газрын өр нийлээд хэд болж байна?
-
Хөгжлийн банкинд хийж буй шалгалт дууссан бол түүнд аудитын байгууллага ямар дүгнэлт хийсэн бэ?
Асуултын хариуг Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад өгсөн. Тэрээр ярианыхаа эхэнд гишүүний ярьж буй асуудал дунд 2016 онд хамаарах тоонууд гарч байгааг хэлээд өнөөдрийн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан 2015 оны төсвийн алдагдал болоод холбогдох бусад асуултад хариу өглөө.
Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад
2015 оны нэгдсэн төсвийн нийт алдагдал 1,156,9 тэрбум төгрөг болсон. Энэ нь ДНБ-ний 4,99 хувь буюу 5 орчим хувийг эзэлж байна. Энэ нь төсвийн шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа юм. Төв банкнаас авсан зээллэгийн тухайд Төсвийн тухай хуулиар зээллэг авах хэмжээ нь баталгаажсан хүрээнд зээллэг авч төсвийг санхүүжүүлж ирсэн учраас хууль зөрчөөгүй гэсэн аудитын дүгнэлт гарсан. 2013-2014 оны Хөгжлийн банкны үйл ажиллагаанд аудитын байгууллагаас аудит хийж, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн.