Нийгмийн халамж үйлчилгээний 540 ажилтан компьютертэй боллоо
ХАХНХЯ, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Нийгмийн хамгааллын салбарын программ хангамж, техник, тоног төхөөрөмж шинэчлэх” төслийн хүрээнд нийслэл болон хөдөө орон нутгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн ажилтан, албан хаагчдад зөөврийн компьютер гардуулах арга хэмжээ өчигдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд боллоо.
Ингэснээр нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг дахь Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн анхан шатны 540 ажилтан DELL брендийн зөөврийн компьютертэй болж байгаа юм.
Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст компьютер, тоног төхөөрөмжийг худалдан авах үйл ажиллагааг ХАХНХЯ зохион байгуулсан бөгөөд хоёр багцтай нээлттэй тендер зарласан байна. Энэхүү тендерт техникийн шаардлага хангасан, хамгийн бага үнийн санал ирүүлж, “SUMMIT” ХХК 1,025,392,500 төгрөгөөр шалгарсан аж. Ийнхүү төслийн хүрээнд зөөврийн компьютерийг 21 аймаг, есөн дүүргийн Нийгмийн халамж ,үйлчилгээний хэлтэст хүлээлгэн өгснөөр иргэдэд цахим хэлбэрээр түргэн, шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх боломжыг бүрдүүлж өгч байгаа юм гэдгийг албаныхан онцолж байлаа.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Нийгмийн хамгааллын салбарт олон улсын банк санхүүгийн байгууллагын тусламжтайгаар томоохон төслүүд хэрэгжиж байгаа. Тухайлбал, өнөөдөр /өчигдөр/ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр буюу 20 сая ам.долларын төсөвтэй “Нийгмийн хамгааллын салбарын программ хангамж, техник, тоног төхөөрөмж шинэчлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ер нь сүүлийн 20-иод жил нийгмийн хамгааллын салбарт программ хангамж болоод техникийн томоохон өөрчлөлтүүдийг хийгдээгүй байсан. Үндсэндээ анх удаа ийм томоохон хэмжээний шинэчлэл хийгдэж байна.
Тухайлбал, татвар, гаалийн салбарын ажилтны программ хангамж болоод техникийн асуудал иж бүрэн шийдэгдсэн байдаг. Гэтэл нийгмийн хамгаалын салбар хуучнаараа л явж байсан. Түүнчлэн тухай ажилтнуудын ажиллах техник тоног төхөөрөмж нь орчин цагийн эрэлт хэрэгцээ шаардлагыг хангаж чаддаггүй байсан. Тиймээс бид уг удаад асуудлыг шийдэж чадсанаараа манай нийгмийн даатгал болоод нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудын ажиллах орчин нөхцөл эрс сайжирч байгаа юм. Хөрөнгө оруулалтын чиглэлээр нийгмийн хамгааллын салбар сүүлийн жилүүдэд өмнө нь байгаагүй томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж чадсан. Түүнчлэн ажилчдынхаа нийгмийн асуудлыг ч охигдуулахгүй шийдэх тал дээр анхаарч ажиллаж чадлаа” гэв. Үнэхээр тус салбарын 450 гаруй ажилтныг орон сууцны асуудлыг шийдвэрлээд байгаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр ЖАЙКА-тай хамтран хэд хэдэн байгууламж, цогцолборуудыг ашиглалтад оруулсан. Энэ мэт хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлээр мэдэгхэхүйц ахиц гарсан гэдгийг салбарын сайд онцолж байлаа.