79 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид
Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Хүүхдийн хаяг тогтоох, шалган хуваарилах байрыг анх 1996 онд нээж, гэр орноосоо дайжсан, хүчирхийлэлд өртөж гудамжинд гарсан хүүхдүүдийг авчирч эцэг эхэд нь хүлээлгэж өгөх, эсвэл улсын асрамжийн газарт шилжүүлдэг байжээ.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 онд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийг шинээр байгуулсан юм. Энэхүү хэлтсийн харьяанд “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр” гэж бий.
...Түр хамгаалах байранд өдөрт дунджаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 50 гаруй дуудлага, мэдээлэл утсаар өгдөг...
Эдгээр мэдээлэлд үндэслэн дүүргийн цагдаагийн хэлтсээс нөхцөл байдлыг шалгаж, түр хамгаалах байранд авах эсэхээ шийддэг байна. Энд үйлчлүүлж буй хохирогчдын 20-30 хувь нь өөрсдөө ирдэг бол үлдсэн хувийг дүүргийн цагдаагийн хэлтсүүдээс шилжүүлж авчирсан хүмүүс эзэлж байна.
Байгуулагдсан цагаас хойш 2015 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 540 хүн Түр хамгаалах байраар үйлчүүлсэн байна. Үүнд:
-6 хувийг төөрсөн байдалтай олдож ирсэн 31 хүүхэд
-15 хувийг гадуур тэнэж байгаад ирсэн 80 хүүхэд
-79 хувийг гэр бүлийн хүчирхийллийн хохирогч 429 хүн тус тус эзэлж байна.
Нийт үйлчлүүлэгчийг хүйсийн байдлаар авч үзвэл,
-4 хүн буюу 1 хувь нь насанд хүрсэн эрэгтэй
-183 хүн буюу 32 хувь нь насанд хүрсэн эмэгтэй
-173 хүн буюу 36 хувь нь эрэгтэй хүүхэд
-190 хүн буюу 31 хувь нь эмэгтэй хүүхэд байна.
Түр хамгаалах байраар үйлчлүүлэхээр ирсэн нийт хүүхдийн 61 хувь буюу 344 хүүхэд нь эцэг эх, асран хамгаалагчаа дагаж ирсэн байна.
Төөрсөн болон тэнэсэн байдалтай ирсэн хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгдөг. Эцэг эх, асран хамгаалагч нь тогтоогдохгүй байгаа хүүхдийг дүүргүүдийн “Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв” рүү шилжүүлэх арга хэмжээ авдаг байна. Дээрх хүүхдүүд ихэвчлэн шөнийн цагаар ирдэг бөгөөд хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь тэр даруй тогтоогдохгүй бол түр хамгаалах байранд хонуулах шаардлага гардаг.
...Түр хамгаалах байранд 2015 оны байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас давтан ирсэн 10 гэр бүлийн 25 үйлчлүүлэгч байна. Үүнээс 2 удаа ирсэн 8 үйлчлүүлэгч, 3 удаа ирсэн 1 үйлчлүүлэгч, 4 удаа ирсэн 1 үйлчлүүлэгч байна...
Давтан ирсэн 25 иргэнийг насны ангиллаар нь авч үзвэл 0-3 насны 6 хүүхэд, 4-9 насны 7 хүүхэд, 10-15 насны 2 хүүхэд, 20-25 насны 1 хүн , 26-30 насны 4 хүн, 31-36 насны 4 хүн, 42-46 насны 1 хүн байна.
Түр хамгаалах байранд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шалгалт хийж, барилгын төлөв байдалд дүгнэлт гаргасан байна. Үүнд:
- Барилгын дээврийн хучлагын хар төмрийн имхэрдлэг задарсан.
- Усанд идэгдэж зэвэрч цоорсноор бороо, цасны ус барилга руу нэвчиж, шувуу нурууны модон хучилт, банз зэрэг модон хийц нь ус чийгэнд идэгдэж өгөршин доошоо цүлхийснээс таазны шавардлага хагарсан.
- Ханын шургааг мод өгөршиж ялзарсан
- Хөрсний овойлт, гэсэлт зэрэг хөрс эзэлхүүнээ өөрчлөх хэв гажилтын нөлөөгөөр барилгын сууринд ан цав гарч эвдэрснээс үүдэн гадна, дотор хана сууж хөндлөн болон дагуу чиглэлд ан цав үүсч хагарсан байна гэж дүгнэжээ.
Тус барилгад бүрэн хэмжээний их засвар хийх шаардлагатай гэсэн дүгнэлтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Нийслэлийн Цагдаагийн газарт хүргүүлсэн боловч засварын ажил хийгээгүй л байна. Энэ нөхцөл байдал нь түр байраар үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг зөрчсөн тохиолдол болж байна.
Түр хамгаалах байр нь нийт 8 өрөөтэй, нэг өдөр 30 хүн хүлээн авах хүчин чадалтай.
- Өрөө тус бүр нь 2 ортой 1-3 дугаар өрөө нь гэр бүлийн,
- 6 ортой 4 дүгээр өрөөнд охидын,
- 6 ортой 5 дугаар өрөөнд хөвгүүдийн,
- Тус бүр нь 4 ортой 6-8 дугаар өрөөг нийтийн зориулалтаар ашиглаж байна.
2015 он дуустал хүлээн авсан нийт үйлчлүүлэгчийн 61 хувь нь хүүхэд байна.
Түр хамгаалах байрны бүх цонх төмөр торон хаалттай, онцгой байдлын үед аврах ганц гарц нь зөвхөн төв хаалга байгаа нь барилгын норм, дүрэмд заасан шаардлагыг хангахгүй байна.
Барилгын стандартын дагуу барилгын цонх, хаалга бүрэн ажиллагаатай, түгжээтэй, хөшигтэй байх, нэг хүнд ногдох унтлагын өрөөний талбайн хэмжээ 5 метр квадратаас доошгүй байна гэж заасан байдаг.
Тэгвэл Түр хамгаалах байрны өрөөнүүдийн хаалга дотроосоо түгжээгүй, гадна талаас нь түлхүүрээр түгжих боломжтой, өрөө бүр нэг цонхтой, цонхны түгжээ бүрэн ажиллагаагүй, нэг бариул дамжуулан хэрэглэдэг. Нэг хүнд ногдох талбайн хэмжээ 1,6-4,8 метр квадрат байгаа нь дээрх стандартын шаардлагыг хангахгүй байна.
Мөн харуул хамгаалалтын дохиоллын сүлжээний тоног төхөөрөмжгүй, байрны дотор талдаа хяналтын 9 камертай, гадна талдаа 2 камертай боловч камерын бичлэг нь хадгалагддаггүй учраас үйлчлүүлэгч, ажилчдын аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.
Хууль зүйн яамны санхүүжилтээр 2013 оны 11 дүгээр сард 42 сая төгрөг төсөвлөн өрөөнүүдийн дотор талын засвар, өрөөний тохижилт, 2015 онд дээврийн засварт 3,2 сая төгрөг, ариун цэврийн өрөөний засварт 13 сая төгрөгийн урсгал засвар хийсэн ч үр дүнгүй байна.
Уг барилгыг Нийслэлийн төсвийн санхүүжилтээр 2013 онд шинээр барих барилга байгууламжийн жагсаалтад оруулан, 2014 онд Улаанбаатар хотын Цагдаагийн газраас шинээр барих барилгын ажилд 2 тэрбум 166 сая төгрөг шаардлагатай болохыг тооцоолж гаргасан байна.