
Ж.Алдаржавхлан: Facebook-ийг Монголд гурван сар хааж үзье. Миний энэ саналыг заавал туршиж үзээсэй гэж хүсэж байна
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2025.4.15/ хуралдаанаар Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг facebook-ийг гурван сар хаах санал гаргав.
Тэрбээр “Бид Монголд шийдэхгүй асуудлыг энд яриад байна. Бид энд хичнээн ярьж, том хууль гаргасан ч тухайн платформыг эзэмшдэг компани л шийдвэр гаргана. Цахим хөгжлийн яам тэдгээр компаниудтай ямар харилцаатай байдаг вэ. Ер нь тоодог юм уу. Facebook, YouTube, TikTok та нартай яаж харилцаж байна. Тодорхой хариулт өгөөч.
Хоёрдугаарт, facebook гэж зөвхөн хүүхдийн ч биш Монголын асуудал болчхоод байна. Дуртай нь лайв хийдэг, юм зардаг, хүн доромжилдог том хэрэгсэл болсон. Цахим орчинд гэмт хэргээс хүүхдийг хамгаалахад facebook-ийн хувьд хэцүү байгаа. Надад нэг санаа байна. Facebook-ийг Монголд гурван сар хааж үзвэл яадаг юм. Тэгээд нөлөөллийг нь харвал яасан юм. Гэмт хэрэг ямар платформ руу шилжих нь үү. Facebook-гүй амьдарч болно шүү дээ. Тийм санаачилга гаргаж болохгүй юу. Бүх муу муухай зүйл фэйсбүүк дээр явж байгаа. Гурав юм уу нэг сарын хугацаатай хаахад олон зүйл харагдана даа. Цахим гэмт хэрэг facebook-тэй холбоотой юм уу үгүй юу гэдэг нь ч тодорхой болж эхэлнэ.
Одоо гадаа гарч тоглодог хүүхэд байхгүй болсон. Хүүхдийг яаж гадаа гаргаж, нийгэмтэй харилдаг болгох уу. Энэ талаар Боловсролын яам, Засгийн газар юу бодож байна вэ” гэж салбарын сайд нараас асуув.
Түүний асуултад Боловсролын сайд П.Наранбаяр “Маш сонирхолтой санал байна. Би төсөөлж үзлээ л дээ. Би 101 мянган дагагчтай. Хэрэв зургаан сар facebook-гүй болчихвол бидний мэдээлэл яаж хүрэх үү. Медиа буюу хэвлэл мэдээлэл яах вэ гэхчлэн их л сонирхолтой орчин үүсэх байх. Тодорхой хүрээнд туршиж үзэж болох юм.
Түүнээс биш оролцоонд суурилсан ардчиллын зарчим, үзэл бодлоо чөлөөтэй дэлгэдэг талбар гээд олон асуудал байна. Бас нэг зүйл нь хүний хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй шууд холбогдож магадгүй учир бид болгоомжтой хандах ёстой. Бид зөвхөн 16 нас хүртэлх хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлая гэж байгаа юм. Түүнээс биш нийгмийн сүлжээний эрх чөлөөт байдлыг хадгалж явах ёстой” гэдэг хариулт өглөө.
Мөн Боловсродын сайдын зөвлөх Д.Гантулга “Австрали улсад 16 хүртэл насны хүүхэд facbook аккаунт нээсэн бол 30 мянган австрали долларын торгууль тавьдаг. Meta компаниас Боловсролын яамтай энэ асуудлаар харилцаад дэмжиж байна гэдэг байр суурь илэрхийлсэн” гэв.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга О.Алтан-Од “2019 оноос хойш Meta, 2020 онд YouTube, 2024 оноос TikTok болон X платформуудтай манай Харилцаа холбооны зохицуулах хороо хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллаж байгаа. Азийн бүсийг хариуцсан байгууллагуудтай нь мэдээлэл солилцон, тодорхой нөхцөл байдлууд дээр таслан сэргийлэх арга хэмжээ авах зэрэг дээр хамтарч ажилладаг” гэдэг хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан “Миний энэ саналыг заавал туршиж үзээсэй гэж хүсэж байна. Хүмүүсийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хаах гээгүй. Нөлөөллийг нь хармаар байна” гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр “Ж.Алдаржавхлан гишүүн туршиж үзээч гэж байна. Зарим сургууль дээр туршиж үзье. Харилцах өөр платформууд нь бэлэн сургуулиуд байгаа" гэв.