Ж.Батзандан, Д.Ганхуяг нар тойрогтоо ажиллаж байна
УИХ-ын чуулганы завсарлагаанаар гишүүд иргэд сонгогчидтойгоо уулзаж УИХ-аас баталсан хууль, тогтоолын төслүүдийг танилцуулж, хийх гэж байгаа ажлаа ярилцаж, саналаа солилцдог билээ.
Энэ дагуу Нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганхуяг нарын ээлжит уулзлалт өнөөдрөөс эхэлж байна. Тэд иргэд сонгогчидтойгоо уулзаж, санаачилж батлуулсан хуулийн төслийн талаар мэдээлэл өгч, хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тавьж, хийхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг иргэдэд гурван чиглэлээр мэдээлэл өгсөн юм. Үүнд, УИХ-ын 2016 оны чуулганы үйл ажиллагаа болон эдийн засгийн төлөв, өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийлээ. Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо хийсэн ажлаа тайлагнав.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн хугацаанд санаачлан батлуулсан хуулиудын талаар товч мэдээлэл өгч, тэдгээр хуулиуд амьдралд хэрхэн хэрэгжих хийгээд ард түмэнд ямар нөлөөтэй хууль болсон талаар танилцууллаа. Мөн тэрээр хэлэхдээ "Бид олон арван хуулиудыг батлан гаргаж чадлаа. Мөн миний бие Өргөдлийн байнгын хорооны даргаар томилогдоод тодорхой хугацаа өнгөрлөө. Би Монголоо өмөөрнө, Монголчуудаа өмгөөлнө гэсэн уриа дэвшүүлж байсан. Одоо Өргөдлийн байнгын хорооны үүрэгт ажлынхаа хүрээнд монголоо өмөөрч, монголчуудаа өмгөөлөх ажлаа хийж гүйцэтгэж байна." гэсэн юм.
Иргэдийн зүгээс гишүүдийн тайлан, танилцуулгыг сонсож, санал бодлоо илэрхийлж байлаа. Тухайлбал, тус дүүргийн 5-р хорооны иргэн Б.Билгүүн БЗД-ээс сонгогдсон УИХ-ын гурван гишүүнхууль тогтоох, төсөв батлах зэргээр олон талын ажлыг маш сайн хийж байгаа хэмээн дүгнэж буйгаа илэрхийлээд "БЗД-т хийж байгаа бүтээн байгуулалт, гарч байгаа хуулиуднь иргэдийн амьдралд үр өгөөжөө өгч байгаа гэж ойлгож байна. Төсөв мөнгийг нь батлаад өгөхөд дунд шатны удирдлага болох дүүргийн Засаг дарга харин ажлаа сайн тайлагнаж байх хэрэгтэй байна." гэсэн юм.
Мөн тус дүүргийн 5-р хорооны иргэн Н.Энхболд
"Би энэ дүүрэгт ирээд гурван жил болж байна.Одоо АН нам л гээд байх юм. Урьд бид нэг намтай байхдаа ажиллаад хөдөлмөрлөөд болоод л байсан. Одоо биднийг ажил хийе гэхээр нохойноос дор үзэх болсон. Таны нас хэтэрсэн байна гээд байдаг. Ер нь Ардчилсан нам, нам гээд л байх юм. Би бол энэ намд дунд дүн тавих байна. Харин энэ хоёр гишүүнийг тийм ч сайн мэдэхгүй юм. Ж.Батзандан гишүүнийг бол нэг ажил эхлүүлээд түүнийхээ төлөө явдаг гэдгийг нь гадарланаа." гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
Ийнхүү гишүүд энэ удаагийн уулзалтаа БЗД-ийн 1, 4, 5,22, 24-р хорооны иргэд сонгогчдоос эхлүүлж байна.