"Тайван хороо-Таны оролцоо" аян 16 дугаар хороонд үргэлжилнэ
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 03 тоот тогтоолоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Амар тайван Чингэлтэй” хөтөлбөрийг баталсан билээ.
Дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс “Амар тайван Чингэлтэй” хөтөлбөрийн хүрээнд хулгайн гэмт хэрэг ихэсч буйтай холбогдуулан иргэдийн орон байр, өмчийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор нутаг дэвсгэрийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах, тэдний идэвх санаачилга, үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хуулиар хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавих, гэмт хэрэг гарч буй шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор “Тайван хороо-Таны оролцоо” аяныг санаачлан өрнүүлэхээр болсон юм. Аяныг дүүргийн 16 дугаар хороотой хамтран зохион байгуулах бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд өрнөх ажээ.
Аяны нээлтэд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Нацагдорж, ахлах байцаагч, цагдаагийн ахмад С.Ганбаатар, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Иргэдийн нийтийн Хурлын дарга Н.Сэргэлэн, Засаг дарга Ш.Жаргалсайхан болон тус хорооны иргэд оролцлоо.
Арга хэмжээг нээж ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ аяны зорилго, ач холбогдол цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар мэдээлэл өгсөн юм. Дүүргийн ИТХ-аас 20 гаруй хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж буй бөгөөд тэдгээрийн нэг нь “Амар тайван Чингэлтэй” хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсээс зохион байгуулж буй олон ажлын нэг нь “Тайван хороо-таны оролцоо” аян юм. Аяны хугацаанд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, хорооны салбар зөвлөл, хорооны иргэд, удирдлагууд, цагдаагийн байгууллагатай бүгд хамтран ажиллаж байж, үр дүн гарахыг ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ онцоллоо.
Аяны хугацаанд Цагдаагийн 2 дугаар хэлтсээс “Иргэн таны сонорт”, “Албан хаагчдад өгөх зөвлөмж”, “Иргэдэд өгөх зөвлөмж”, “Танилцуулга”, “Хэсэг хариуцсан ахлах байцаагч нарын хуваарь” зэрэг сурталчилгааны материал, бичиг баримтыг боловсруулж, хорооны айл өрх бүрт хүргэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Мөн ойр орчиндоо айдас түгшүүр төрүүлдэг, архаг архичин, гэмт хэрэг зөрчилд холбогдож болзошгүй хүмүүс хөлхдөг газрууд болон гэрэлтүүлэг, камержуулалт шаардлагатай цэгүүдийг тодорхойлох ажээ. Түүнчлэн гэмт хэрэг үйлдээд хорих ангид ял эдэлж байгаа иргэд, хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй, хувьдаа галт зэвсэгтэй иргэд, хувьдаа автомашинтай иргэд, нийтийн байрны, түр оршин суугч иргэд, гадаадын иргэдийн судалгааны маягтуудыг боловсруулж, нэгтгэн гаргахаар төлөвлөжээ.
Аяны хүрээнд хийгдэх ажлын чиглэлийг Цагдаагийн хэлтсийн дарга өгөх бол Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, Дэмжлэг үзүүлэх тасгийн дарга нар өдөр тутмын мэргэжлийн удирдлагаар ханган ажиллах юм. Ахлах байцаагч нар 12 хэсгийг хариуцаж ажиллах 165 алба хаагчийн ажлыг өдөр тутам нэгтгэж, биелэлт үр дүнг тооцон, хэлтсийн удирдлагад танилцуулж байхаар төлөвлөжээ. Мөн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 94945428, 96167712, 89911138 болон 102 дугаарын утсаар иргэдээс мэдээ мэдээлэл, санал хүсэлтийг хүлээн авах юм байна.