Cу.Батболд: Сонгуулийн шинэ хууль улстөрчдийг «тайвшруулсан»
2012.03.12

Cу.Батболд: Сонгуулийн шинэ хууль улстөрчдийг «тайвшруулсан»

«МОНЦАМЭ мэдээ» сонины энэ удаагийн редакцийн зочноор УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга Су.Батболдыг урилаа. Ярилцлагад «МОНЦАМЭ мэдээ» сонины эрхлэгч Б.Номинчимэд, орлогч эрхлэгч Ш.Батболд, сэтгүүлч Ш.Эрдэнэчимэг, С.Энх-Амар нар оролцлоо.
-Манай сонины редакцийн зочноор таныг ирсэнд баяртай байна. Өнөөдөр тулгамдаж байгаа асуудал Орон нутгийн сонгуулийн тухай хууль. АН-ын дундын хувилбар гэж байсан нийслэл, аймгийнхийг УИХ-ын сонгуультай хамт, сум, дүүргийнхийг тусад нь явуулъя гэсэн хувилбар хэр боломжийн хувилбар байсан вэ?

-УИХ-ын ээлжит бус чуулган хугацаатай зарлагддаг. УИХ-ын чуулганыг эхэлж дуусах хугацаатай, хэлэлцэх асуудлаа захирамжаар баталж байхаар УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Дэгд орсон шинэлэг зүйл нь энэ. Гол нь Орон нутгийн сонгуулийг хэзээ явуулах вэ гэ гэдгийг шийдье гэж ээлжит бус чуулган зарласан юм. Яагаад ийм байдалд хүрэв гэхээр 2008 онд Орон нутгийн сонгуулийн тухай хуулиар орон нутгийн сонгуулийг УИХ-ын ээлжит сонгуультай хамт явуулна гэж баталсан. Үүнээс үүдэлтэй маргаан үүсчихээд байгаа юм. Ер нь аливаа шийдийг гаргахдаа нэлээн бодолцож гаргахгүй бол дараа нь төвөгтэй үр дүнд хүрдэг гэдгийг энэ асуудал харуулж байна. Орон нутгийн сонгуулийг хамт явуулдаг улс орон бий, тусад нь явуулдаг улс орон ч бий. Манай нөхцөлд хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалан хоёр сонгуулийг хамт явуулах боломжгүй. Энэ нь хоёр өөр агуулга бүхий сонгууль. Нэг нь үндэсний хэмжээнд явагддаг. Нөгөөдөх нь орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг сонгодог сонгууль. Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг сонгох гэдэг нь аймаг, сум дүүрэг өөрөө өөрсдийгөө мэдэж яаж сонгох, хугацаагаа өөрсдөө тогтоодгоороо үндэсний хэмжээнд явуулдаг парламентын сонгуулиас ялгаатай.

Тиймээс орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуулийн хавсарга байдлаар явуулна гэдэг нь орон нутгийн эрх мэдэл рүү халдаж байгаа хэрэг.

Нөгөө талаас зохион байгуулалт, хүн хүчний талаас боломжгүй болж байгаа. Хууль эрх зүйн талаасаа хоёр сонгуулийг хамт явуулна гэхэд хуульд 6 сарын өмнө өөрчлөлт оруулсан байх ёстой зэргээс эхлээд олон асуудал байгаа учир хамт явуулах боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Тэрнээс биш сонгуулийг хамт явуулах уу тусдаа явуулах уу гэдэг нь аль нэг намын хувьд ашигтай, тухайн сонгуульд ялалт байгуулна гэдэг үүднээс биш үндэсний эрх ашгийн үүднээс хандах ёстой гэдэг дээр санал нэгдсэн гэж үзэж байгаа. АН-ын бүлгийн тавьсан санал хүлээж авах боломжгүй хувилбар байсан. Орон нутгийн хурлыг аймаг, сумаар нь салгах нь утгагүй зүйл. Сумыг үлдээснээрээ зохион байгуулалтын хувьд дэвшил гарахгүй, аймаг, нийслэл дээр хамаг гол ачаалал ирдэг учраас бас л олон сөрөг хүчин зүйл гарна. Энэ хувилбараар сонгууль явуулахад бэрхшээл байгаа. Гол бэрхшээл нь УИХ-ын сонгуулийг цоо шинэ тогтолцоогоор явуулж, автоматжуулсан систем хэрэглэх гэж байхад дээр нь нэмээд орон нутгийн сонгуулийг дайвар болгож наах нь УИХ-ын сонгуулийг хүчингүй болгож магадгүй учраас энэ боломжгүй зүйл.

-АН яагаад энэ бодит байдлыг олж харахгүй байв. Эсвэл хүсэхгүй байсан юм болов уу? Монгол Ардын Нам УИХ-д амжилтгүй оролцох нь тодорхой болчихоод орон нутгийн сонгуульд амжилт гаргах гэсэн учраас орон нутгийн сонгуулийг тусад нь явуулах гээд байна гэж байгаа. Энэ боломжийг нь хаахын тулд АН хоёр сонгуулийг хамт явуулах гэж зүтгээд байгаа гэсэн таамгийг зарим хүмүүс яриад байгаа юм?
 
- Тийм юм байхгүй. Сонгуулийн үр дүнг урьдчилан хэлэхэд хэцүү. Ерөнхийдөө дээр хэлсэн хүчин зүйлээс л болоод хамт явуулах боломжгүй болчихоод байгаа юм. АН ямар зүйлийг олж хараад заавал хамт явуулах гээд байгааг мэдэхгүй байна. Онолын үүднээс харсан ч, практик байдал дээр харсан ч хамт явуулах бололцоогүй.
-2008 онд хууль батлахдаа энэ байдлыг олж хараагүй юм уу?
 
-Тэр үед бас л АН-ынхан санал гаргасан. Манай намынхан 2012 он болтол наана нь шийдэж болох байх гэдэг үүднээс, яг үнэндээ бол 2008 оны УИХ-ын сонгуулийн хууль дээр тулгагдаж байгаад л баталчихсан. Бид тэр үед ч энэ бэрхшээлийг олж харж л байсан.
-Тэгвэл өнгөрсөн 4 жилийн хугацаанд шийдэж болохгүй байсан юм уу?
 
-Хууль өргөн баригдаагүй учраас УИХ дээр хэлэлцэхгүй л дээ.
-Ер нь хууль УИХ-д орж ирээд нэлээн удсан. Зориуд ийм байдал үүсгэх гэж удсан юм биш биз?
 
-Гадна талаас нь яаж ч харж болно л доо. Би УИХ-ын сонгуулийн гурван хуулийг санаачилж, ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Практик дээр сонгуулийн хууль бусад хуулийг хэлэлцэхээс арай өөр процедураар явагддаг. Цаана нь улс төрийн намуудын тохиролцоо, эрх ашиг байдаг учраас арай өөр. Тийм учраас урьд нь ч шахагдаж батлагдаж байсан. Улс төрч бүхэн, парламентын гишүүн бүхний эрх ашиг хөндөгддөг учраас хүн бүхний санал оролцдог. Боловсролын тухай хууль гэхэд би тэр чиглэлээр ажилладаггүй учраас заавал тийм санал оруулна гэхгүй. Сонгуулийн хууль арай өөр байдаг болохоор цаг хугацаа тулгаж батлагддаг практик тогтчихоод байгаа юм. Хоёрдугаарт өнгөрсөн 4 жилд шинэ тогтолцоотой болох гээд УИХ-ын сонгуулийн хууль дээр нэлээн анхаарал тавьсан. Энэ хооронд Орон нутгийн сонгуулийн хуулийг цуг оруулж ирээд хамт ярья гэсэн санал зарим улс төрчид тавьж байсан. Энэ асуудал дээр намуудын зүгээс УИХ-ын сонгуулийн хуулиа эхэлж шийдээд, дараа нь орон нутгийн сонгуулийг шийдье гэсэн байр сууриар хандаж ирсэн. Орон нутгийн сонгуулийн хууль дээр гол нь хугацааны л асуудал байгаа. Хоёрт нь автоматжуулах асуудал. УИХ-ын сонгуулийн хуульд орсон хориглосон заалтуудыг оруулах юм. Тэрнээс биш бүхэлдээ болохгүй биш. Хуучин хуулиараа явсан ч болохоор л байгаа.
- Багийн Засаг даргыг намаар дамжуулалгүй иргэд шууд сонгож байх санаа явж байсан. Ингэж болохгүй юу?
 
-Тэр санааг оруулна гэх юм бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болно. Ийм саналыг тусгасан хуулийн төслийг гишүүд санаачлаад УИХ-д өргөн бариад байгаа.

Манай улс төрчид их л томоотой байгаа

-Төсвийн тодотголыг сая баталлаа. Намрын чуулганы төгсгөлд баталчихаар байсан асуудлыг яагаад заавал ээлжит бус чуулганаар баталж байгаа юм бэ?
 
-Ер нь төсөвт тодотгол ч хий­хээргүй байж болохоор байсан. Анх Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслөөр 2 дугаар сарын 1-нээс нэмэхээр санал оруулж ирсэн. Манай намын бүлэг Засгийн газраас өгсөн саналаар баталъя гэсэн саналтай байсан. АН-ын бүлэг үгүй ээ, цалин тэтгэврийг нэмүүлэхгүй гэсэн санал тавьсан. Төсвийн ажлын хэсэг дээр ярьж байгаад хойшлуулахаар болсон. Би намын бүлгийн төсвийн ажлын хэсгийг ахалж байсны хувьд, цаана чинь багш нар ажил хаях гэж байна. Нийгмийн эсэргүүцлийг зохицуулж чадах юмуу гэж байсан юм. Үүнийг шийднэ гээд л төсөв баталсан. Дараахан нь багш нар ажил хаясан. Тэгээд л Засгийн газар төсөвт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан. Түүх нь ийм л юм байгаа юм.
- Монгол Ардын Намаас саяхан АН-ынхан Сонгуулийн хуулийг зөрчиж, алтадсан бурхан тараасан гэх мэт баримтуудыг дэлгэж, мэдээлэл хийлээ. Үнэхээр сонгуулийн хууль зөрчсөн зүйл гараад ирвэл яаж зохицуулж шийдэх вэ? Намууд бие биетэйгээ ингээд барьцаад байх юм биш биз дээ?
 
-Сая сонгуулийн хуулийг өөр­чилж баталсан гол зүйл нь сон­гуулийг шударга байлгах, үр дүнд нь сонгогч итгэлтэй байх нөхцлийг хангах зарчмаар хийсэн. Сонгогчдын санал худалдаж авах явдлыг яаж багасгах вэ гэдэг нь гол зүйл. Манай ажлын хэсэг маш олон зүйлийг хориглосон. Одоо хаашаа ч хөдлөхөд хэцүү боллоо. Сонгуулийн хууль 12 дугаар сарын 27-нд батлагдсан. Үүнээс хойш ийм явдал гаргахгүй байх ёстой. Улс төрийн намууд, улс төрчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд гээд олон байгууллагууд анхаарал тавьж байх хэрэгтэй. Хуульд бүх зүйлийг заасан. Хамгийн сүүлд нэрийг нь татах хүртэл арга хэмжээ авахаар заасан. 12 дугаар сарын 27-ноос өмнө ийм явдал гарсан тохиолдолд болно л доо. Тэрийг холбогдох байгууллага нь тогтооно биз. Манай улс төрчид их л томоотой байгаа шүү дээ. Нэг үгээр хэлэхэд хуульд сайн хориглолт хийж өгснөөр улс төрчид тайван байх боломжийг бүрдүүлж өгсөн. Урьд бол өдийд чинь хэвлэл мэдээллийнхэн баахан номинациар шалгаруулаад л, мөнгө нэхээд байдаг, сонгогчдын зүгээс таныг ч дэмжих гэж байна, та ч мөнгө өгөх ёстой, уралдаан тэмцээн зохион байгуул гэдэг байсан урьд жилүүдийг бодвол улс төрчид ч, сонгогчид ч амар байна уу гэж бодож байна. Би энэ хууль дээр ажилласан хүний хувьд энэ хориг зөв болжээ гэж бодож байгаа.
- Сая 7 дугаар сарын 1-ний асуудлаар цагдаа нарыг шүүлээ. 7 дугаар сарын 1-ний үйл явдлын гол нь сонгууль будлиантай болсноос болсон гэдэг. Гэтэл энэ асуудлыг яагаад ярихгүй, зөвхөн үр дагаврыг нь яриад байгаа юм бол?
 
- Би ч гэсэн таных шиг асуултыг тэгж хөөцөлдөөд байгаа хүмүүсээс нь асуумаар байна. Хэн анх өдсөн юм, хэн турхирсан юм, тэр үймээнд оролцсон хүмүүс санал үнэхээр луйвардуулсан байсан юм уу? Шалгах юм зөндөө байгаа байх. УИХ мөрдөн байцаах, хянан шалгах байгууллага биш. Бид гүйцэтгэх засаглал, шүүх засаглалын ажил руу орж болохгүй. Хүмүүс арай хэтрүүлж ойлгоод байгаа. Гишүүд ч зарим нь хэтрүүлж ойлгоод байдаг. Тэгэхээр олон талаас нь хараад байхад хуулийнх нь дагуу зөв шийдэх байх гэж бодож байна. Хэн буруутай байсныг тогтоох байх. Одоо бол тодорхой биш байна. Сонгуулийн үр дүн будлиантай болсон гээд байгаа хүн нь тэр баримтаа гаргаж, тодорхой болгох хэрэгтэй. Шударга шүүх шийдэх байх. Шударга шүүж болох хуулийг нь батлаад өглөө.
- Сонгуулиар сонгогдсон байгууллагын тогтвортой байдлыг хангах хэрэгтэй юм шиг санагддаг. Манайд бол 4 жилээр байна. Зарим улс оронд 5-6 жил байдаг. Энэ талаар өөрчлөлт хийж болохгүй юу?
 
-УИХ-ын тухай хуулийг бид сая шинэчилсэн. Энэ талаар байнга л яригдаж байдаг. Энэ парламент эрх дархаа баталгаажуулж хугацааг сунгах гэж байна гэсэн нийгмийн дарамтаас болгоомжилж байгаа. Хоёрдугаарт нийгэм улс төрийн шилжилт дуусч байгаа гэдэг. Шилжилт дуусч байгаа гэдгийг хэн, хаана тогтоох юм. Судлаачид, улс төрчид ч шилжилт дуусч байна гэж ярьдаг. Энэ агшинд ирсэн үү, үгүй юу гэдгийг судалгаа хийж байж, шилжилт гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Бусад улс оронд хамгийн дээд тал нь 6 жил байдаг. Манайд улс төрийн шинэчлэл дээр нэлээд ахиц дэвшилд хүрлээ. Үндсэн хууль зэрэг зарим үлдсэн асуудал бий л дээ. Одоо эдийн засгийн талаас бэхжүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн 20 жилийн ардчиллын ололтыг эдийн засгийн утгаар нь баталгаажуулах зайлшгүй шаардлага байна. Тэгэхгүй бол хоосон ардчилал хүний ширээн дээр талх болж очихгүй. 20 жил хүлээлээ. Гэтэл тухайн хүний ширээн дээрх хоол нэмэгдэхгүй, ажилтай болохгүй, хүүхдийнх нь ирээдүй баталгаагүй байна. Үүний тулд эдийн засгийн тодорхой бодлого явуулж, эдийн засгийн хөгжлийг дэмжихийн тулд эдийн засгийн циклтэй тааруулж ийм өөрчлөлтийг хийж магадгүй. Тэр нь олон жил зөөлөн сандалд суух гэсэн асуудал биш. Дараа дараагийн парламент энэ талаар зайлшгүй ярих байх.

Нэгэнт л шинэчлэл хийж байгаа бол хоёр танхимтай болох хэрэгтэй

- Парламентыг хоёр танхимтай болгох талаар ярьж байгаа. Энэ асуудал юу болж байгаа вэ? Хоёр танхимтай болсны давуу тал юундаа байна?
 
- Улс төрийн шинэчлэлийн хү­рээнд ярьж байгаа зүйл нь цааш ямар замаар явах юм бэ? гэдэг асуудал. 2004-2008 оны хооронд Ерөн­хий­лөгчийн засаглалтай болъё гэж ярих нь их байсан, одоо ч ярьж байгаа улс төрийн намууд байгаа. Тэгэхээр ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, парламентын засаглалаа улам бэхжүүлэх үү гэдэг зааг дээр тулж ирээд байна. Өнөөдөр олон нийтийн санаа бодлыг тунгаагаад үзэх юм бол хамгийн нэр муутай төрийн байгууллага нь парламент болчихоод байна. Гэхдээ аль ч улс оронд парламент муу хэлэгддэг л дээ. Монголын түвшинд бүр хэтэрхий муу хэлэгдэж байна. Хүмүүс парла­ментдаа итгэхгүй байна. Яагаад ардчиллаар сонгож авсан пар­ламентын засаглалд бурууг өгөөд байгаа юм бэ гэдгийг бодож үзэх шаардлагатай.
Парламентын засаглал гэдэгт ямар дутагдалтай зүйл байна вэ гэдгийг олох хэрэгтэй.
4-5 жилийн турш улс төрийн намууд, эрдэмтэд, судлаачдын энэ асуудлаарх сүүлийн үеийн хандлагыг харахад парламентаа боловсронгуй болгох нь зүйтэй гэдэг дээр тогтож байх шиг байна. Парламентад бизнесийн төлөөлөл их олон болсон байна, парламентад бидний хүсч байгаа төлөөлөл гарч ирэхгүй байна гэх мэтээр шүүмжилдэг. Хоёрдугаарт парламентаас гарч байгаа хуулийн чанар муу байна. Нийгмийн гол асуудлыг шийдэж чадахгүй байна гэж байгаа. Энэ шүүмжлэлүүдийг багасгах, парламентыг илүү үр нөлөөтэй болгох, боловсронгуй болгоход чиглэх алхам бол хоёр танхимтай болгох явдал. Хоёр танхимтай болгосны давуу тал нэгдүгээрт төлөөлөл нэмэгдэх бололцоотой. 3 сая орчим хүн амтай улс орнуудыг судлаад үзэхэд 90-120 орчим хүний төлөөлөлтэй байдаг. 76 хүний төлөөлөлтэй байна гэдэг бол шийдвэр гаргах түвшинд цөөдөөд байгаа юм. Манай дэгээр байнгын хороодод гол шийд гардаг. Байнгын хороодын ирц 12 хүнээс бүрддэг. 12 хүний 7 нь санал өгөхөд тэр хууль батлагдах шатандаа орж байна. Парламентын гишүүн сайд биш бол 2 байнгын хороонд харьяалагддаг. Бусад байнгын хороонд үгээ хэлэхээс биш санал өгөх эрхгүй. Тухайлбал: би боловсролын асуудлаар асуудлаар байнга суугаад ажиллах бололцоо байхгүй. Нэгдсэн хуралдаан дээр орж ирэхээр ганц нэг асуулт асуугаад, саналаа хэлээд л өнгөрдөг. Ийм цөөхөн хүний хүрээнд асуудал шийдэгдэж байна. Тэгэхээр хоёр танхимтай болох нь чухал байгаа юм. Миний төсөөлж байгаагаар дээд танхим нь 30-40, доод танхим нь 120 орчим хүнтэй байна. Дээд танхимын гишүүдийг намуудад суудал хуваарилах зарчмаар, доод танхимын гишүүдийг сонгогчид шууд сонгодог байх. Доод танхимынхыг дээд танхим давхар баталдаг байж болно. Бас зөвхөн хориг тавьдаг, эсвэл хяналт тавих маягаар ч байж болно. Нэг бол хоёр танхим хуулиа зэрэг хэлэлцээд явдаг туршлага бас байдаг. Ингэх юм бол илүү төлөөлөлтэй болно. Одоо парламентын гишүүн болно гэдэг нь маш олон шалгуур давахаар болж байгаа. Тэрний нэг гол нь хөрөнгө мөнгөний шалгуур болчихсон. Парламентад ямар ч аавын хүү, ээжийн охин сонгогдох, олон талын төлөөлөл сонгогдох бололцоо­той байх ёстой. Ингэж жижигхэн хүрээнд бариад байгаагаас төлөөлөл цөөн болчихоод байгаа юм.
Олон хүн сонгогдоно гэдэг нь асуудлыг олон талаас нь харж, иргэдийн төлөөлөл ахиу болсноор илүү талархал хүлээсэн парламент болно. Дутагдалтай тал нь одоо ингэж учраа олохгүй их маргаж байгаагаас харахад хууль батлагдах хугацаа улам ихэсч магадгүй. Тэгэхээр шилжилтийн 20 жилд нэлээн олон хууль гаргалаа. Одоо жаахан жолоогоо татаад гарсан хуулиуд маань нийгмийг бүхэлд нь зохицуулж чадаж байгаа эсэхэд анхаарал хандуулах цаг болсон. Үүнтэй холбоотой Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн бариад байгаа.
- Хоёр танхим гэлгүй шууд гишүүдийнхээ тоог нэмээд 120 ч юмуу болгож болохгүй юу?
 
- Тоог олшруулъя гэсэн саналтай гишүүд байсан. Миний үзэж байгаагаар нэгэнт л парламентын шинэчлэлийг хийж байгаа бол хоёр танхимтай болох хэрэгтэй. Яагаад ихэнх орнууд хоёр танхимтай байгаад байна.Төлөөлөл цөөн байгаа учир лоббигоор хууль гарах нь амархан байж болно. Харьцангуй ийм хууль гарахгүй байгаа. Гэхдээ халамжийн чиглэлийн хууль ялангуяа сонгууль дөхсөн үед улс орны цаад нөхцөл байдлыг харалгүй амархан гарчих магадлалтай. Иймээс хоёр танхимтай болдгийн гол нь парламентын төлөөллийг нэмэгдүүлэх зорилготой. Манай парламентын гишүүдийн 50-аас дээш хувь нь сонгуулиас сонгуульд солигдож байна. Үүнээс болоод төрийн бодлогын залгамж чанар алдагдаад байгаа юм. 1990-ээд онд, 2000-аад оны эхээр энэ асуудлыг яаж зохицуулж байсан, одоо яаж зохицуулж байгааг мэдэх хүн улам цөөрч байна. Иймээс төрийн бодлогын залгамж чанар гэдэг зүйл байх ёстой. Нөгөө талаар парламентад үе үеийн төлөөлөл байх ёстой. Үүнийг хангахад хоёр танхим маш чухал. Яагаад дээд танхимыг намуудад суудал хуваарилах зарчмаар гэж байгаа юм бэ гэхээр намууд хэнийгээ суулгахаа шийднэ. Тэр нь заавал олон түмэнд таалагддаг, сайн бөх, сайн дуучин байх албагүй. Харин тэр салбараа сайн мэддэг, парламентын хувьд үнэтэй хүн байх ёстой. Ингэснээр тэр хуулийн шүүсийг шахах, сайн хууль гарах бололцоо бүрдүүлнэ. Тайландад гэхэд парламентын дээд танхимын гишүүдийг эзэн хаан нь саналаа хэлж томилж салбар салбараас суулгадаг жишээтэй.
- Залгамж чанар гэхээр УИХ-ын гишүүдийн 33-ийг нь энэ онд, дараагийн 33-ийг нь дараа онд сонгох байдлаар ээлжилж сонгож болох уу? Эсвэл зүүн гурван аймгийнхийг энэ жилд, дараа нь баруун аймгийнхийг ч гэх байдлаар юмуу ?
 
- Ингэж болохгүй ч юм байхгүй л дээ. Дээд доод танхимаа зөрүүлж сонгож болно. Ротаци хийдэг сонгууль ч байдаг. Гэхдээ манайхан сонгуульд их дургүй шүү дээ. Байн байн сонгууль явууллаа гэдэг. Орон нутгийн сонгууль ч заавал нэг өдөр явах албагүй. Улаанбаатарынх нэг өдөр, Сэлэнгийнх өөр нэг өдөр байж болно.
- Сонгогчийн насны хувьд нэг зүйл бодогддог юм. 18 настай хүн 40 настай хүнийг сонгож чадах уу? Миний бодлоор бол санал өгөх нас бүр 25 байж болмоор санагддаг. 18 настай 25 настай хоёр хүн шал өөр шүү дээ. Сонгуулийн насанд босго тавьж болохгүй юу?
 
- Сонгуулийн насыг дээшлүүлж болно л доо. Эрх зүйн чадамжтай болоод л санал өгч эхэлж байгаа юм.
- АН-ын нэр бүхий 2 гишүүн Ж.Энхбаяр сайдыг огцруулах саналыг УИХ-аар хэлэлцүүллээ. Улс төрийн ямар зорилго байна, ямар нэг тоглолт байна уу? Эсвэл АН-ынхны ярьж байгаа зүйл нь үнэхээр үнэн юм уу?
 
- Ер нь зэвсэгт хүчнээ бэхжүү­лэх, зохион байгуулалтаа өөрчлөх, боловсон хүчний халаа сэлгээ хийх нь байдаг л зүйл. Хэн нь ямар өнцгөөс харж байгаа вэ гэдэгт асуудал байгаа юм. Зэвсэгт хүчнийг иргэдийнхээ эсрэг ашиглах, жагсаал цуглааны эсрэг ашиглах агуулгаар ямар нэг өөрчлөлт, баримт бичиг гаргаагүй гэдгээ Ж.Энхбаяр гишүүн албан ёсоор мэдэгдсэн. Би бол журмын нөхрөө тийм л байгаа байх гэж бодож байна. Ер нь Засгийн газрыг цөөнхийн хувьд сөрөг хүчин оролдож аль болох завгүй байлгах, байнга оролдож байх ёстой л доо. Энэ дээр үндэслээд нэг зүйл хэлэхэд парламентын тогтолцоонд засаглалын хоорондын тэнцвэрийн асуудлыг нэг зүйл дээр дутуу хийсэн юмуу гэж боддог. Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллага УИХ мөн гэсэн байдаг. Гэхдээ УИХ гүйцэтгэх засаглал руу орж ажиллахгүй шүү дээ. Өдөр тутмын үйл ажиллагаанд ордог Засгийн газрыг парламенттай тэнцүүлж байж сонгодог утгаараа ажиллана. Ерөнхий сайд парламентад нөлөө үзүүлэхүйц байх ёстой Тэр нь Ерөнхий сайд парламентыг тараах. Одоо парламент үнэмлэхүй эрхтэй болчихоод байна, Засгийн газар тогтвортой, үр дүнтэй ажиллахгүй байна гээд байдаг нь өнөөдрийн энэ тогтолцооноос хамаарч байна. Манай хуульд засгийн газрын гишүүнийг хэдийгээр кабинетийн зарчмаар ажиллана гэж байгаа ч Засгийн газрын нэг гишүүнийг салгаад огцруулах асуудлыг хөнддөг. Гэтэл сонгодог парламентад парламентын өмнө кабинетаараа хариуцлага хүлээх ёстой. Ерөнхий сайд, Би энэ хүнтэй ажиллана, би энэ салбарыг энэ хүнд хариуцуулж байна. Энэ хүн муу ажиллах юм бол манай кабинетын өмнө хариуцлага хүлээнэ гэсэн зарчим бий. Ерөнхий сайд олонхийн бүлгийн намын дарга байдаг. Тэр парламент олонхоос бүрдэж байгаа. Ерөнхий сайд олонхоороо өөрийнхөө бодлогыг дэмжүүлж авч явж байх ёстой. Тиймээс олонхийн бүлгээ хүсвэл бай, хүсэхгүй бол тар гэдэг ийм тэнцвэрийг хийж өгөхгүй бол дээрх шиг байдал байнга л гараад байна. Сар тутам нэг сайдыг огцруулах асуудал өргөн бариад байж болох нь. Тиймээс Үндсэн хуулийн хүрээнд энэ асуудлыг шийдэх ёстой.
- Сүүлийн Засгийн газар бүрдэж байгаа процессийг хараад байхад Ерөнхий сайдад тийм сонголт хийх боломж байгаа юм уу? Дээр нь Ерөнхийлөгчтэй заавал зөвшилцдөг?
 
- Олон хүн нэр дэвшүүлж өрсөл­дүүлдэг ийм практик яваад байгаа юм. Би энэ салбарын чиглэлд судалгаа хийдэг хүний хувьд бүлгийн хурал дээр ч, чуулганы хуралдаан дээр ч үгээ хэлсэн. Ерөнхий сайдын эрхэнд халдахгүй байх учиртай, Ерөнхий сайд намын дарга л өөрөө энэ хүнтэй ажиллана гэвэл тэрийг нь дэмждэг байх хэрэгтэй, намын бүлэг дээр өрсөлдүүлдэг, чөлөөт өрсөлдөөний зарчим байх хэрэггүй гэж. Ерөнхий сайдыг огцор гэж байсан хүн өөрөө нэр дэвшээд явчихдаг. Энэ гажуудлыг арилгах л ёстой. Тэгэхгүй бол ажил хийх боломжгүй, байнга л нэг сайдын асуудалтай зууралдаж байдаг болно. Ерөнхийлөгчийн хувьд одоо саналаа хэлж байгаа. Энэ бол дэвшил. Хуучин бол бүр буцаадаг байсан.
- Намууд бие биенээ хуулиар барьцаалаад байна. Үүнээс яаж гарах вэ?
 
- Намууд асуудалд ханддаг нь процедурын асуудал. Тэр нь үнэхээр тэр намын эрх ашгийг хамгаалж байгаа юм уу, үгүй юм уу бүү мэд. Парламентын амин сүнс намуудын бүлэг дээр байдаг. Бүлэг дээр тохиролцоонд хүрсэн бол асуудал явдаг. Бодлогын хувьд зөв үү буруу юу гэдгийг ярьдаг учраас тэр л дээ.
- Монгол Ардын Намын дотор фракц байгуулах асуудал яригдаад эхэллээ. Байгуулагдаж байна уу?
 
- Манай намын дүрмээр фракц байгуулах асуудал намын бага хурлаар шийдэгддэг. Тэгэхээр фракц байгуулагдаагүй гэсэн үг. Бага хурал дээр танилцуулж тогтоол гардаг.
-Бүлэг дээр ярьсан юм биш үү?
 
- Үгүй. Би лав сонсоогүй.

Байгаль, цаг уурын өөрчлөлтөд тохирсон мал аж ахуйтай болох хэрэгтэй

- Өнөөдрийн сонин дээр Баа­барын бичсэн нэг нийтлэл байна. Бараг хүн бүхэн ядуурал 40 хувь байна гэх боллоо. Баабар бол энэ бол эргэлзээтэй гэсэн байна. Гэтэл сая Р.Амаржаргал гишүүн манайд ярилцлага өгөхдөө ядуурал 20 хувьтай байгаа гэсэн. Ядуурал 40 хувь гэдэгтэй та санал нийлж байна уу? Эсвэл тэр ядуурлыг гаргаж байгаа аргачлал нь буруу байна уу?
 
- Хятад сая түвшингээ ахиул­сан байсан. Үүнтэй холбоотой нэг өдрийн дотор ядуучуудын тоо 60 саяар нэмэгдсэн байна билээ. Үүнтэй яг адилхан бид ядуурлын түвшинг яаж авч үзэж байгаагаас хамааралтай. Бодит статистикийн тоо баримтыг авч үзэхээс өөр аргагүй. Түвшингээ яаж авч байгаа юм. Дэлхийн жишгээр авч байгаа юм уу гэдэгт байна . Тэрнээс биш хэн нэгэн хүн төд байна гэж хэлэх төвөгтэй. Би албан ёсны тоо баримтын түвшингээс арай доогуур байгаа болов уу гэж бодож байна. Ядуурлын түвшин 2006-2007 онд жаахан буурсан. Одоо буцаад өсч байна. Монгол хүн амны бэлгээр гэгчээр нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх асуудлыг бодох л ёстой. Бид ядуу байна гээд л байвал ядуу хэвээрээ л байгаад байна. Юунаас хамаараад ядуу байгаагаа бодох ёстой. Би Баабарын нийтлэлтэй санал нийлж л байна. Дэлхийн түвшингээр аваад үзэх юм бол хэдийгээр нүүрс түлдэг ч амьдрах боломжийн гэртэй байнаа гээд үзэхээр бас боломжийн гэж боддог. Хаана, хэн ямар нөхцөлд амьдарч байгаагаар үзэх юм бол хүн хүн өөрийнхөөрөө л харж байгаа. Жилээс жилд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өсч байна. Хавтгайрсан халамж гэж хүн бүхэн шүүмжилж байгаа ч өнгөрсөн дөрвөн жилд авч хэрэгжүүлсэн нийгмийн халамжийн арга хэмжээ маш олон хүний амьдралд сайнаар нөлөөлсөн гэж бодож байна. УИХ-ын гишүүнээс өөр айлаар ороод явдаг төрийн албан хаагч гэж байхгүй. Ингээд явж байхад 21.000 төгрөг маш олон хүний амьдралыг авч явж байгааг мэдэрсэн. Одоо 6 сарын 1-нд энэ халамж зогсохоор олон хүний амьдрал хүнд болно. Ялангуяа малчдын хувьд. Үүнийг орлох зүйл олох хэрэгтэй. Гэхдээ халамжийн хуулийг боловсронгуй болгоод байгаа.
Миний нэг харамсч явдаг юм бол бидний өмч гээд байгаа газрын баялгийг хэн нэгэн хүн эзэмшээд, тэр хүн зөвхөн өөртөө ашиглаж байгаа явдал. Тэр хүн хөрөнгө оруулсан, зардал гаргасан байж болно. Гэхдээ тэр бол нөхөгдөхгүй, монголын хүн бүхэн хүртэх ёстой баялаг. Баялгаас хүртэнэ гэдэг нь бүгдээрээ очоод нэг нэг шуудай нүүрс, зэсийн хүдэр авах юм биш. Тэрнээс бий болж байгаа орлогыг хэрхэн хуваарилахыг зохицуулах асуудал. Гэтэл бид хэтэрхий өрөөсгөл юмаар хөөцөлдөөд байна. Орон нутгийн Тавантолгойн орд гэхэд аман дээрээс нь гадныханд шууд худалдаж байна. Тэнд хүн ажиллуулаад, нийгмийн даатгалын шимтгэл төлөөд байгаа юм алга. Хувийн хэвшилтэйгээ яаж тохирох вэ, иргэддээ хэрхэн ашиг хүртээх вэ гэдгийг Засгийн газар өдөр тутам бодож байгаа байх гэж бодож байна. Оюутолгой, Тавантолгой гээд том асуудал дээр анхаараад байна. Гэтэл цаана нь ашиглаад, зөөгөөд байгаа жижигхэн уурхайнууд зөндөө байна шүү дээ.
- Архи, тамхины үйлдвэртэй хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх асуудал яригдаж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
 
- Бид ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгмийг сонгочихлоо. Энэ нийгмийн мөн чанар хүн өөрийн чадал, оюун ухаанаараа юунд ч хүрч болох явдал. Тэгэхээр энэ нийгэмд хөрөнгөтэй хүнээ ад үзэж болохгүй. Энэ хүмүүсийг яаж нийгмийн хариуцлагатай болгох вэ, яаж улс оронд хүртээмжтэй болгох ёстой вэ гэдэг дээр л анхаарлаа хандуулах ёстой. Одоо бол хуваагдах маягтай болж, хөрөнгө мөнгөгүй байгаа хүмүүс хөрөнгөтэй хүмүүсээ нүд үзүүрлэх байдалтай болж байна. Ийм байдлыг хэвлэл мэдээллийн байгууллагууд өөгшүүлээд дэвэргээд байх юм бол цаашид нийгэмд эвлэршгүй хоёр тал болно. Одоо хүмүүс хоёр туйлд хуваагдаад байна. Нэг хэсэг нь буцаад социализм байгуулах, бүх юм хамтын байх ёстой. Нөгөө хэсэг нь зэрлэг капитализм маягаар явъя гэж байна. Тэгэхээр ийм хоёр байдлаас дэлхий нийтийн зөв гэж үзэж байгаа замаар явах ёстой юм болов уу гэж бодож байна. Тэр зөв замыг л олж зөв бодлого явуулах зайлшгүй шаардлагатай. Тэрнээс биш нэр дэвшүүлж болохгүй гэж болохгүй байх. Хүний эрх талаасаа ч харсан тэр. Ерөөсөө сонгогчид хэнийг сонгохоо л шийддэг байх ёстой. Миний гарыг хэн ч хүчээр зуруулахгүй шүү дээ. Харин мөнгөөр нөлөөлөхгүй байх юмыг нь бид сая Сонгуулийн хуульд оруулж өглөө. Мөнгөтэй Дорж, мөнгөгүй Дорж хоёр ижилхэн гарааны нөхцлөөс өөрсдийгөө таниулдаг байх хуультай боллоо.
- Хөрөнгөтэйгөө ад үзэж болохгүй гэж ярилаа. 21 мянган төгрөгөөр амьдралаа залгуулж байгаа хүн байна. Гэтэл тэдний хооронд хүссэн хүсээгүй зааг гарч, ад үзэх байдал гарч байна. Тэгэхээр яавал бид энэ байдлыг зөв шийдэх вэ?
 
- Би яадгаа алдсан гэж бодохгүй байна. Намуудын дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр, зорилгыг харахад дундаж давхаргыг бий болгох зорилго тавьж байна. Харин яаж гүйцэлдүүлэх вэ гэдэг дээрээ алдаад байгаа юм уу даа. УИХ болон Засгийн газрын хөтөлбөр бүгд энэ асуудал руу чиглэж байна. Ингэхийн гол зүйл нь эдийн засгийн салбаруудаа сонгож аваад хөл дээрээ зогсох хөшүүрэгтэй байх ёстой. Хөшүүрэг нь уул уурхай. Гэхдээ уул уурхайн салбар нэг онцлогтой. Мөнгө олж болно, гэтэл ажлын байр бий болгодоггүй. Ийм салбараасаа мөнгө босгож аваад 2.7 сая хүнийг ажилтай болгох, бусад салбаруудаа өөд татах хэрэгтэй. Энэ салбарын нэг нь хөдөө аж ахуй гэж боддог. Дэлхийн хүн 7 тэрбум болчихлоо. Тэр хүмүүсийн хоол хүнс, цэвэр усны асуудал хүнд болж байна. Ийм нөхцөлд 2.7 сая хүн амтай, өргөн уудам нутагтай манай орны хувьд маш сайн технологи нэвтрүүлээд малаа эрүүлжүүлээд, газар тариалангаа сэргээх юм бол хөдөө аж ахуй олон тооны ажлын байр бий болгодог шингээлт сайтай салбар. Хоёр дахь нь боловсролын салбар. Боловсролын салбарт хөрөнгө сайн оруулж, газар ухаж биш толгойгоо ухаж амьдардаг чиглэл рүү орох хэрэгтэй. Ингэж байж л дундаж давхаргыг бий болгоно. Хүн болгон ажилтай, цалингаараа элбэг хангалуун биш юмаа гэхэд хэрэгцээгээ хангаад амьдардаг болохгүй бол энэ байдал арилахгүй. 2012 оны сонгуулиар ийм бодлогыг яаж хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон намуудад саналаа өгөөсэй гэж бодож байна.
- Мал аж ахуй гэснээс бэлчээрийн манай мал аж ахуйд ирээдүй байна уу? Байгаль цаг уур хүндэрч байна. Бэлчээрийн даац муудаж байна? Энэ олон сая малыг яавал уул уурхай шигээ мөнгө олдог болгох вэ? Одоо байгаа шигээ малчин малчинд нь хариуцуулаад орхих уу?
 
- Хоёр арга зам байна. Эрчимжсэн мал ахуй дэлхийн нийтийн хандлага болчихлоо. Энэ бол өндөр өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Түүнээс гадна одоо байгаа бэлчээрийн аж ахуйгаа эрхлэх хэрэгтэй. Эрчимжсэн мал аж ахуйг Булган, Сэлэнгэ, Дарханы сав газарт эрхлэхэд тохиромжтой. Тэнд үхэр, хонийг хашаад, тэжээлээ тариад өсгөж болно. Бусад нутагт болохоор тохиромжгүй. Тэгэхээр бэлчээрийн мал аж ахуйгаа эрчимжүүлэхээс өөр аргагүй. Малынхаа ашиг шимийг нь нэмэгдүүлэх, монгол орны цаг уурт тохирсон малын үүлдэртэй болох хэрэгтэй. Бэлчээрийн мал аж ахуйн менежментыг боловсронгуй болгох хэрэгтэй. Бид төвийн бүсдээ малаа авчраад шавчихсан учраас бэлчээр хүрэлцээгүй болоод байгаа юм. Гуравдугаарт малаа эрүүлжүүлэх, дөрөвдүгээрт экспортын зах зээлээ олох хэрэгтэй. Ингэх юм бол маш том боломж байна. Монгол орны хөгжилд сөрөг хүчин зүйл гээд аваад үзвэл байгаль, цаг уурын өөрчлөлт, ажиллах хүчний дутагдал. Байгаль, цаг уурын өөрчлөлтийг бид яаж ч чадахгүй. Иймд байгаль, цаг уурын өөрчлөлтөд тохирсон мал аж ахуй бий болгох хэрэгтэй.
- 21000 төгрөгөөр амиа зогоогоод байна. Гэтэл энэ нь амьдрах дархлааг сулруулдаг. Үүгээр халамжийн давхарга бий болгож байна гэж шүүмжилж байна?
 
- Хөдөө мал малладаг, цөөн малтай хоёр залуу байя л даа. Энэ хоёрт бизнесийн ямар боломж байх вэ? Ийм тохиолдолд төр иргэдийн амьжиргааг авч явах зорилгоор ийм халамж өгч байгаа юм. Зах зээлийн системд орлоо, өөрсдөө өндий гэсэн зарчмаар хандаж болно. Ингэвэл хурдан босно гэсэн онол ч байдаг. Хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого бол том асуудал л даа. Хуучин нэгдэл сүүлдээ улсын аж ахуй болсон болохоос биш уг нь одооны барууны хоршооллын загвар байсан. Тэр загвараа маш зөв аваад явсан бол энэ их төвлөрөл, ядуурал, ажилгүйдэл гарахгүй байсан байж магадгүй. Гэрээ түрээсээр 10 жил явуулаад үзсэн бол магадгүй өөр байсан байх. Гэтэл тараагаад өгчихсөн. Гэхдээ мал өссөн. Гэсэн ч хөдөөний хүмүүсийн хувьд гэрийнх нь гадаа нэг машин, нэг тавган антенн нэмэгдсэн байх. Өөр нэмэгдсэн юм байхгүй. Нэгэнт төр засгаас хангалттай ажлын байр бий болгож чадахгүй байна. Тиймээс энэ хүмүүсийнхээ амьжиргааг авч явах үүднээс халамжийн баталгааг бий болгох хэрэгтэй болчихоод байгаа юм.
- Энэ оны төсөвт гэхэд 800 гаруй тэрбум төгрөг халамжид төсөвлөсөн. Энэ мөнгөөр ЖДҮ-ийг дэмжих ч юмуу арай өөр байдлаар зарцуулах бодлого байсан бол арай үр дүнтэй байх байсан юм биш үү?
 
- Халамж арай хавгайрсан л даа. Компанийн захирлууд гэхэд 21000 төгрөгөөр яах вэ дээ. Одоо арай өөр байдлаар зохицуулж байгаа.
-Тавантолгойн хувьцааны хувьд сонголттой болгож байна. Мөнгөө сонгоно гэвэл хувьцааг нь аж ахуйн нэгжүүдэд худалдана. Энэ чинь том компаниудыг тэтгэх юм болж байгаа юм биш биз?
 
- Энэ оны төсөвт өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутны гээд нийт 300 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Бусад иргэдийн хувьд сонголттой байгаа. Хувьцаа авахгүй бэлэн мөнгө авна гэвэл аж ахуйн нэгжид худалдаж мөнгийг нь өгөх юм. Тавантолгойн хувьцааг 100 хувь гэхэд 51 хувь нь төрийнх. Үлдсэн 49 хувийн 20 хувийг иргэддээ өгч байгаа. 10 хувийг нь гадаадын аж ахуйн нэгжүүдэд худалдана. Дотоодын аж ахуйн нэгжүүд энэ том бүтээн байгуулалтад орох хэрэгтэй байна гэсэн шаардлага тавьдаг. Энэ шаардлагыг би зүй ёсны шаардлага гэж үзэж байгаа.Тэр утгаараа 10 орчим хувь нь компаниудад очих юм байна гэж бодож байна. Ингэхгүй бол бэлэн мөнгөний эх үүсвэр гарахгүй.
- Цэвэр үндэсний аж ахуйн нэгжүүд үү? Хамтарсан аж ахуйн нэгжүүд орох уу?
 
- Хуулиар гадаадын хөрөнгө оруулалт давамгайлаагүй бол үндэсний компаниуд гэж үздэг. Олон улсын жишиг ч ийм. Одоогоор 59.000 аж ахуйн нэгж байдаг ч татварын тайлан тооцоогоо хийдэг, тогтмол ажиллагаа явуулдаг гэж ялгахаар цөөхөн болдог. Гэхдээ одоо бол хувьцааг худалдах учраас ингэж ялгах хэрэггүй болсон.
- Хаврын чуулганаар улс төр, эдийн засгийн гол гол асуудал шийдэх бололцоо байгаа юу?
 
- Одоо бол бодит байдалд нэг сар хуралдах л боломж байна. Сонгуулийн дараа цугладаг ч асуудал шийддэггүй. Хаврын чуулганаар зайлшгүй хүлээгдэж байгаа, анхны хэлэлцүүлэг хийсэн хууль гэхэд миний хариуцаж байгаа Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль байна. Энэ хуулиа гаргуулъя гэж бодож байна. Газрын тухай маш том хууль бий. Миний хувьд харамсаж байгаа юм бол Төрийн албаны тухай хуулийг шинэчилье гэж бодсон, чадсангүй. Засгийн газраас өргөн барихгүй байсаар өнгөрчихлөө.
- Улаанбаатарт хүн амын тал нь сууж байна. Гэтэл парламент дахь төлөөллийг улсын хэмжээнд яаж хангах вэ?
 
- Сонгуулийн тойргийг байгуу­лах­даа нэгдүгээрт хүн амын тоог харгалзан байгуулах, хоёрт, засаг захиргаа, нутаг дэвсгэр, үндэсний цөөнхийн төлөөллийг хадгалах гэсэн хоёр зарчим байдаг. Улаанбаатар хотод нэг сая хүн байна гэхээр парламентын талаас илүү нь УИХ-д төлөөлөлтэй болно. Гэтэл Дорнодын Хөлөнбуйрт байгаа хүн амыг хэн төлөөлөх вэ? Энэ мэт олон хүчин зүйл байдаг. Бид сая өөрчлөөд Улаанбаатарт 6 тойрог нэмсэн.
- Хаврын чуулганаар хэвлэлийн эрх чөлөөний хуулийг батална. МОНЦАМЭ-ийн тухай хуулийн төсөл бий. 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар МОНЦАМЭ агентлаг тусдаа хуультай болохоор болсон. Тухайн үед тогтоол гарсан. Тэр тогтоолын дагуу МҮОНРТ-ийн тухай хууль гарсан. Гэтэл МОНЦАМЭ агентлагийн тухай хууль гараагүй байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
 
- 2005 онд Төрийн байгуулалтын байнгын хороогоор МҮОНРТ-ийн хууль хэлэлцэгдэн гарсан. ЗГХЭГ-ын дарга болсон үед танай асуудал бас яригдаж байсан. Би бодохдоо санхүүжилт төрийнх байх ёстой. Нийтлэлийн бодлого дээр гадаад сурталчилгаа талдаа үндэсний эрх ашиг, дотоод нийтлэлийн бодлого дээрээ хэвлэлийн эрх чөлөөний хуулиар байх ёстой байх. Би 10 жил төрийн байгуулалтын байнгын хороонд харъяалагдан ажиллаж байна. Энэ хугацаанд МОНЦАМЭ-ийн тухай хууль л лав хэлэлцүүлгээр орж ирээгүй. МҮОНРТ-ийн байдлаар, харьцангуй биеэ даасан, гэхдээ гадаад сурталчилгаа тал нь ЗГХЭГ талд уу, ГХЯ-нд уу байх уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Уг нь төр ч байгаад, хувь хүн ч байдаг тийм чиг рүү ормоор байгаа юм.
- Хэвлэл, мэдээллийн эрх чө­лөө­ний тухай хууль дээр хоёр хувил­бар байгаа. Сэтгүүлчид Ерөн­хий­лөгчөөс өргөн барьсан хуу­лийн төслийг илүү дэмжиж байгаа. Өөрөө сэтгүүлч байсан болохоор сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах тал дээр илүү харсан юм болов уу гэж бодож байгаа. Таны бодол ямар байна?
 
- Хоёулаа бараг адилхан хууль. Засгийн газар эх сурвалжийг ямар тохиолдолд илчлэх вэ гэдгийг тусгасан бол Ерөнхийлөгчийнх дээр илчлэхгүй гэсэн зүйл л байгаа. Тэрнээс өөр нэг их ялгаа байхгүй. Одоо хоёр хуулийн төслийг нэгтгээд дэгийн дагуу нэг ажлын хэсэг болоод явж байна. Иргэдийн хэвлэн нийтлэх эрхийг хангаж өгөх ёстой. Хэвлэл мэдээллийн байгууллагатай хүн гэдэг өөртөө маш том зэвсэгтэй хүн болж байна. Жирийн иргэнд тийм эрх байхгүй. Тэгэхээр жирийн иргэний хувьд ч үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангаж өгөх ёстой. Эзний санхүүгийн нөлөөллөөс сэтгүүлчийг, редакцийг хамгаалах эрх зүйг бий болгох хэрэгтэй. Сониноор сайдыг алж болно гэдэг шиг хүнийг ч гэсэн алж болж байна шүү дээ. Нөгөө талдаа бичсэн бол хариуцдаг байх хэрэгтэй. Хүний нэр төрд үзэг барьдаг эрхээрээ далимдуулж халдаж болохгүй. Алдар нэр гэхээр зөвхөн хэдэн дарга нарын асуудал биш шүү дээ. Тухайн хүний талаар шүүмжлэлтэй мэдээлэл гаргах гэж байгаа бол тэр хүндээ мэдэгдээд, та өөрийгөө хамгаалаарай гээд тавьдаг байж болно. Дээр нь хэв­лэл мэдээллийн зөвлөл байгуу­лаад, шүүх дээр очихоосоо өмнө өөрсдөө асуудлаа шийддэг болгох гэсэн гол зарчмын шийдэл байгаа юм. Хаврын чуулганаар энэ хуулийг батлуулчихвал бас том ажил амжуулна.
- Танай намын удирдлага ямар тойрогт нэр дэвших вэ гэж асуусан гэсэн. Танаас асуусан уу?
 
- Асуусан.
-Аль тойрогт дэвших вэ?
 
- Төв аймагт
- Дандаа л улс төр ярилаа. Одоо арай өөр юм асууя. Эрдмийн ажлаа ямар сэдвээр хийж байгаа вэ?
 
- Нутгийн удирдлагыг боловс­рон­гуй болгох нь сэдвээр урьдчилсан хамгаалалтаа хийсэн. Удахгүй жинхэнэ хамгаалалтаа хийнэ.
- Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
 
- Хамгийн сүүлд «Дэлхийн газрын зураг» гэдэг ном авсан.
- Хамгийн сүүлд хөдөө хаашаа явав?
 
- Төв аймаг
- Энэ жил наадмаар хэн түрүүлэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.