Хөрөнгө оруулалтын эрсдэлийг үнэлдэг болжээ
2015.09.15

Хөрөнгө оруулалтын эрсдэлийг үнэлдэг болжээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 22 дугаар хуралдаан болж нийт есөн асуудал хэлэлцжээ.

Тухайлбал, “Даатгалын компанийн активыг ангилах, эрсдэлийн сан байгуулах журам"-г хэлэлцэн батласан байна. Даатгалын тухай хууль, СЗХ-ноос батласан "Ердийн даатгагчийн төлбөрийн чадварыг тооцох журам", "Ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлага"-н дагуу даатгалын компаниуд нь өөрийн хөрөнгө болон нөөц санг зээл, авлага, үндсэн хөрөнгө, үнэт цаас, хувьцаа, хадгаламж хэлбэрээр байршуулах боломжтой байдаг.

Гэвч дээрх хэлбэрээр хийгдсэн хөрөнгө оруулалт, активуудын чанарыг тодорхойлох, үнэлэх эрхзүйн акт байхгүй байсан юм. Тиймээс дээрх журам " батлагдсанаар даатгалын компаниудын хөрөнгө оруулалтыг үнэлж шаарддагатай тохиолдолд эрсдэлийн сан байгуулах боломжтой болж байна. Мөн тус хуралдаанаар “Даатгагчийн нягтлан бодох бүртгэлийн заавар”-ыг шинэчлэн баталжээ. Ингэснээр даатгалын компаниуд Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт /НББОУС/ болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт /СТОУС/-Д нийцүүлэн нягтлан бодох бүртгэлээ хөтөлж, санхүүгийн тайланг бэлтгэн гаргах боломжтой болж байгаа аж. Даатгагчийн үйл ажиллагааг дэмжих, өргөжүүлэх чиглэлээр томоохон өөрчлөлтүүд тусгагдсан Даатгагчийн нягтлан бодох бүртгэлийн заавар нь 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх юм байна.