Зам дагаж хөгжил
2015.09.12

Зам дагаж хөгжил

Монгол Улсын баруун хязгаар нутагт орших ховдчууд өчигдөр Төрийн ордноо чуулж хөгжлийн бодлогоо тодорхойллоо.

Улсын хэмжээнд сүүлийн хоёр жил дараалан эдийн засгийн өсөлт саарч, энэ онд ДНБ-ийн 3 хувьтай тэнцэх төлөв гарсан бол Ховд аймгийн хувьд өсөлттэй байх нь. Сүүлийн дөрвөн жилийн статистик мэдээгээр аймгийн хэмжээнд эдийн засгийн өсөлт нь тогтмол өсчээ. Тодруулбал, 2011 онд эдийн засгийн өсөлт нь ДНБ-ийн 10.4 хувь, 2012 онд 19.18 хувь, 2013 онд 29.5 хувь, 2014 онд 32.4 хувьтай гарсан нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөнтэй холбоотой аж. Үйлдвэрлэл дотроо хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсчээ. Хатуу хучилттай авто зам тавигдаж Ховдыг Улаанбаатар хоттой холбосон нь хөгжлийг далласан байна. Одоогоор 16 сумаас гурав нь буюу Дуут, Мөнххайрхан, Чандмань сумд авто замтай хараахан холбогдоогүй. Энэ ажлыг эрчимжүүлж чадвал бүх сумд аймагтай авто замаар холбогдоно.

Аймгийн ИТХ-аас нь Ховд аймгийн хөгжлийн 15 жилийн бодлогыг гаргажээ. Үүнд хэд, хэдэн ажлыг хийхээр тодорхойлсон байна. Ингэхдээ УИХ, Засгийн газрын шийдвэр чухал аж. Тухайлбал, хилийн хоёр боомтоо байнгын ажиллагаатай болгож, Байтагийн боомт руу хатуу хучилттай авто зам тавьж чадвал Өрөмч рүү нэвтрэх боломж нэмэгдэнэ. Ингэснээр бүтээгдэхүүнээ гадаад зах зээл рүү гаргах гарцтай болох гэнэ. Энэ оны наймдугаар сарын 30-ний байдлаар Өрөмчөөс 3000 иргэн Байтагийн боомтоор нэвтрэн орж ирж, буцаж гарчээ.

Булган боомтыг ашигт малтмалын гарцтай болгох. Ховд-Улаанбаатар хот хооронд МИАТ компани нислэг үйлддэг болбол тийзний үнэ буурах боломжтой. Мөн Ховдоос-Өрөмч, Астана, Новосибирск хот руу нислэг үйлддэг болох. Ховд аймгийн ойролцоо казино, бооцоот тоглоом байгуулах. Олон улсын АН-4 замын коридорыг өгөөжтэй ашиглаж чадвал Ховд аймаг зорьсон хөгжилдөө хүрнэ.

Одоо харин аймгийн хэмжээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлыг дурдвал 8 тэрбум төгрөгийн өртөгтэй цэвэрлэх байгууламж, төмс, хүнсний ногоо боловсруулах үйлдвэр, цементийн үйлдвэр тус бүр байгуулагдаж байгаа аж. Жилдээ 250 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орсноор аймгийнхаа хэрэгцээг хангана. Улаанбаатар хотоос энэ төрлийн бүтээгдэхүүнийг тээвэрлэж цаг алдахгүй, мөн тээврийн зардалд асар их хөрөнгө зарцуулахгүй болно. Товчхондоо гадагшаа их мөнгө урсгахгүйгээр цементийн хэрэгцээгээ хангаад байх боломж бүрдэх аж.

Онцлоход, тус аймагт өнгөрсөн жил 286 айлын орон сууц ашиглалтад орсон бол энэ онд 668 айлын орон сууц баригдаж буй юм байна. Ирэх онд орон сууцны эхний хэсэг ашиглалтад орно.

Мөн хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан хамгийн том зорилт нь 2025 он гэхэд аймгийн хэмжээнд 2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт татах “амбиц” юм.

Ховд аймагт Хөшөөтийн уурхай ажилладаг, 500 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Хөгжлийн төлөвлөгөөнд уул уурхайг хөгжүүлэхдээ зохистой төвшинд нь барина. Гол хөгжил хөдөө аж ахуйн салбарт тулгуурлахыг аймгийн Засаг дарга илтгэлийнхээ үеэр онцоллоо.

Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд нийт үйлдвэрлэлийнх нь 50 гаруй хувийг зөвхөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эзэлдэг байна.

Хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт нар бизнес эрхлэгчид хандан Ховд аймагт арьс ширний боловсруулах үйлдвэр байгуулахад анхаарлаа хандуулахыг хүссэн юм. Хөрөнгө оруулагчдыг мөн татах ёстой.

Махны экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг УИХ-ын гишүүн Д.Батцогт онцолсон. Тэрээр Махны холбооны тэргүүлэгчийн үүргийг давхар хашдаг бөгөөд Хятад руу богийн мал гаргах чиглэлээр ажиллаж байгааг дуулгав.

Хэвтээ чиглэлийн авто зам буюу Баян-Өлгий, Ховд, Завханыг холбосон авто зам баригдаж ашиглалтад орвол ховдчууд хүнсний ногоогоо Улаанбаатар хот руу тээвэрлэж зарахаар явахгүй. Үндсэндээ баруун таван аймгийнхаа хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангаж, тэр хэрээр үйлдвэрлэлээ өргөжүүлэх таатай боломж бүрдэхийг УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл тодотгож байлаа.