Тамхи таталт нь халдварт бус өвчний хамгийн гол эрсдэлт хүчин зүйл юм
2015.09.11

Тамхи таталт нь халдварт бус өвчний хамгийн гол эрсдэлт хүчин зүйл юм

Халдварт бус өвчин, тамхины хяналтын суурь конвенцийн чиглэлээр Монгол улсад Нэгдсэн Үндэсний Байгууллагуудын /НҮБ-ын/ хамтарсан баг өнгөрсөн өдрүүдэд ажиллаж тайлангаа Эрүүл мэнд спортын сайд болон яамны удирдлагуудад танилцууллаа.

Одоогийн байдлаар халдварт бус өвчлөл нийгэм, эдийн засагт асар их сөрөг нөлөөг үзүүлсээр байгаа учраас Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Монгол улс дахь багтай халдварт бус өвчнөөс урдьчилан сэргийлэх, тархалтыг бууруулах чиглэлээр цаашид хамтран ажиллаж, тамхины хяналтын суурь конвенцийн хэрэгжилтийг сайжруулахад зөвлөмж өгөхөөр болсон юм.

Монгол Улс дахь халдварт бус өвчний ерөнхий байдал:

Халдварт бус өвчин, аюул осол нь бүтээлч насныханд өвчлөл, нас баралтын гол шалтгаан болсоор байна. Нийт нас баралтын 80% нь буюу 5 хүний 4 нь халдварт бус өвчлөл, ослоос нарт хорвоог цаг бусаар орхиж байгаа статистик мэдээлэл байдаг. Монголчуудын 30-70 насны дунд дөрвөн халдварт бус өвчний аль нэгээс эндэх буюу цаг бусаар хорвоог орхих магадлал 32 хувьтай байна.

Үүнд, зүрх судасны өвчин тэргүүлж байгаа ба 43% эзэлдэг бол хорт хавдраас шалтгаантай нас баралт 17%, амьсгалын замын архаг өвчин, чихрийн шижингээс үүдэлтэй нас баралт 15%, осол гэмтлээс iшалтгаалсан нас баралт 11% байна.

Тамхи таталт нь халдварт бус өвчний хамгийн гол эрсдэлт хүчин зүйл. Гэтэл Монгол улсад тамхи таталт нийтлэг байна. 2011 оны судалгаагаар 15 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүдийн 48% нь тамхи татдаг гэж нотлогджээ. Энэ үзүүлэлтээрээ Монгол улс нь дэлхийн хамгийн их тамхи татдаг эрчүүдтэй улс орны тоонд орсон байна.

Судалгаагаар 15 ба түүнээс дээш насны монгол эмэгтэйчүүдийн 6% нь л тамхи татдаг дүн гарчээ. (Монгол дахь тамхины судалгаа: үндэсний мэдлэг, хандлага, дадлын судалгаа, 2014)

2010 онд Монголын нэг хүнд оногдох цэвэр архины хэмжээ эрэгтэйчүүдэд 11.7 литр, эмэгтэйчүүдэд 2.2 литр байжээ. Энэ мөн л эрэгтэй эмэгтэй хүмүүсийн амьдралын хэв маягт их том ялгаа байгааг илтгэж байна.

2008 оны судалгаагаар даралт ихсэх тохиолдол эрэгтэйчүүдийн 38.1% илэрч байсан бол эмэгтэйчүүдийн 27.5% нь даралт ихсэх хандлагатай гарсан байна. 2008 онд хэт таргалалт эрэгтэйчүүдийн дунд 10.4%, эмэгтэйчүүдийн дунд 18.3% байсан байна. (ДЭМБ-ын Монгол улсын төлөвийн тайлан, 2014)

Нэгдсэн Үндэсний Байгууллагуудын хамтарсан багийн бүрэлдэхүүнд ДЭМБ, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын ХХААБ, НҮБ-ын Хүн амын сан, АХБ-ны төлөөлөл орж ажиллажээ.