Н.Энхболд: Олонхын бүлэг асуудлаа шийдвэл УИХ гацаанаас гарна
2012.08.07

Н.Энхболд: Олонхын бүлэг асуудлаа шийдвэл УИХ гацаанаас гарна

 
УИХ-ын гишүүн Н.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАН-ын гишүүд УИХ-ын даргыг томилох асуудлаар зөвшилцөөгүй гэх шалтгаанаар чуулганы хуралдаанд оролцохгүй бай­гаа. Тэгэхээр АН-ынхан МАН-ыг бүлэг байгуулах асуудалд шантааж хийх юм биш үү?
-Намын бүлэг байгуулах асуудалд АН болон УИХ зарчмын шийдэл гаргах ёсгүй. Үндсэн хуулийн 24.1-д зааснаар нам, эвсэл УИХ-д бүлэгтэй байх асуу­дал сонгуулийн явцад нэ­гэнт шийдэгдсэн. Тухайн нам, эвсэл найм  буюу түү­нээс дээш суудал авсан то­хиолдолд УИХ-д  бүлэг бай­гуулах эрхтэй гээд хуульд тодорхой заасан байдаг.

Харин зохион байгуу­лалтад орох, УИХ-д мэдээлэх нь техникийн чанартай асуудал гэж ойлгож болно. Тийм учраас УИХ-д МАН-ын бүлэг байгаа. Ном жур­мынхаа дагуу үйл ажиллагаа явуулж байна.
-УИХ-ын дарга сонгогд­соноос хойш 24 цагийн дотор тухайн нам бүлэг байгуулах ёстой юм биш үү. Гэтэл танай нам бичгээ хүргүүлээгүй шүү дээ?
-УИХ-ын дарга томи­логдсоноос хойш 24 цагийн дотор бүлэг байгуулна гэсэн заалт бий. Гэхдээ энэ нь зохион байгуулалттай холбоотой асуудал болохоос биш бүлэгтэй байх эсэх тухай асуудал биш.
-МАН-ын гишүүд хэ­зээнээс чуулганы хурал­даанд оролцох бодолтой байна вэ?
-Бид олонхын бүлэгтэй үндсэн хэд хэдэн асуудлаар ойлголцох хүсэлт тавиад  байгаа. Бидэнд УИХ-ын үйл ажиллагааг ямар нэгэн хэлбэрээр гацаах сонирхол байхгүй. МАН-ын гишүүд сонгуулиас хойших хэдхэн хоногт зөвшилцөж амжаагүй гэх шалтгаанаар УИХ-ын үйл ажиллагааг жаахан хойш татсан.

Олонхын бүлэг УИХ-ын даргын томилгоог яаруу сандруу хийж, МАН-тай ч,  МАН-гүй ч болно гэсэн байр сууринаас хандаж бай­гаа нь энэ намд, намаас нэр дэвшигчдэд итгэлээ хү­лээлгэсэн хүн амын 40 орчим хувийг үл тоосон байдлыг харуулж байна. Гэхдээ сүүлийн үед эвсэл байгуулсан нам, УИХ-д олонх болсон нам, эвслүүд одоо болтол асуудлаа дот­роо шийдэж  чадахгүй  бай­гаагаас УИХ-ын үйл ажил­лагаа гацаж байна.
-Тэгэхээр зөвхөн танай намаас болж төрийн ажил гацаанд ороогүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Ганц­хан манай намаас болж өнөөг хүртэл төрийн үйл ажил­лагаа га­цаагүй гэдгийг ард түмэн ойлгох хэрэгтэй. Бид хэзээ л бол хэзээ хуралдаанд орол­цоход бэлэн байгаа.

Хамгийн гол нь бидний тавьсан хүсэлтийг хүлээн авч, УИХ-ын даргыг сон­гохдоо цөөнхийн бүлгийн гишүүдийг оруулж байгаад дахин санал хураалт явуулж шийдвэрлэх хэрэгтэй. Түү­нээс биш УИХ-ын даргад нэр дэвшсэн З.Энхболдыг дэмжихгүй гэж хэлээгүй шүү дээ.
-АН-ынхан өмнө нь цөөнх байгаагүй юм шиг аашилж, МАН-ынхныг үл тоосон шинжтэй харьцаж байна гэж ярилцах боллоо. Үүнийг  юу  гэж үзэж байгаа вэ?
-Намууд бие биедээ хүндэт­гэлтэй хандах улс­тө­рийн соёлын зөрүү хараг­даж байна л даа. Манай нам УИХ-д 40 гаруй суудалтай байхдаа УИХ-д 25 суудалтай байсан АН-ыг урьж, хамтарсан Засгийн газрыг  бай­гуулж ажилласан. Ин­гэхдээ АН-ыг бөөрөлхөх тухай огт ярьж байгаагүй. Цөөнх бидэнд хамаагүй гэж асуу­далд   хандаагүй. Үнэ­хээр ардчиллын  амин сүнс болсон цөөнхөө хүндэт­гэх зарчмыг хууль, ёс зүйнх нь дагуу ажиллах жишгийг тогтоож байсан.

Өнгөрсөн дөрвөн жилд АН-ыг ямар нэгэн асуудлаар завсарлага авах бүрт нь бид хүндэтгэлтэй ханддаг байлаа. Бид нам гэхээсээ илүү түүний цаана байгаа сонгогчдыг хүндэтгэж, али­ваа асуудалд хүлээцтэй хан­даж ирсэн. МАН ямар ч асуудлыг хүч түрэн шийдэж байгаагүй. Үүнийг ойл­гол­цохгүйгээр УИХ цаа­­шид үйл ажиллагаагаа явуу­лахад үнэхээр бэрх.
-АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Ерөнхий сай­дыг Лондонд айлчлах гэж байхад нь шинэ Ерөн­хий сайдыг томилох асууд­лаар Ерөнхийлөгчтэй зөв­шил­цөнө гэж хүсэлт ирүүлс­нээс болж Ерөнхий сайд айлчлалаа  хойшлуулчихлаа. Тэгэхээр МАН олонхын бүлэгтэй зөвшилцөх шатандаа оржээ гэж ойлгож болох уу?
-Ерөнхий сайд айлчлалаа хойшлуулж, дотоодын улс­төрийн үйл ажиллагаагаа нэн тэргүүнд тавьсан нь зөв гэж бодож байна. АН болон “Шударга ёс” эвслийнхэн асуудлаа түргэн шуурхай оруулаад ирвэл чуулганы хуралдаанаар асуудлыг шийдвэрлээд явахад тат­галзах зүйлгүй. Одоо ч улстөрд ёс зүй ярихад үнэгүйддэг цаг болж дээ.

Гэхдээ өмнө нь энэ байтугай л удаж байж төр засаг бүрддэг байсан. Өнөөгийнх  шиг хэн нь ч олонх болж чадаагүй тохиолдолд олонхоо бүр­дүүлсэн АН-ынхан аливаа асуудлыг хүч түрж шийдэх гээд байгаа нь УИХ-д сонгогдсон гишүүд, түүний ард байгаа сонгогчдын дур­гүйцлийг хүргэж байна.
-УИХ-аар байнгын хо­роод  эхнээсээ  байгуулаг­даад эхэллээ. Гэтэл МАН-ынхан ямар ч байнгын хороонд харьяалагдаагүй  байдаг.  Та­­най  намынхан  улстөрийн үйл   ажиллагаанаас хоц­роод л байна шүү дээ?
-УИХ-ын  гишүүд  байн­гын хороонд оролцоод явах эрх нь нээлттэй. Чуулганы хуралдаанд оролцонгуутаа байнгын хороодод орж ажиллана. Хэн нь ямар байн­гын хороонд орох эсэхээ дотроо ярьж байгаа.  
-АН-ынхан бүрэн эрх нь дууссан Засгийн газар улсын төсөвт хамааралтай асуудлуудыг шуурхай ший­дэж байна  гэж үзээд Зас­гийн газрын  үйл ажил­лагааг хянах ажлын хэ­сэг гаргасан. МАН-ын бүл­­­гийн даргын хувьд энэ асуу­далд ямар байр суурь­тай байгаа вэ?
-Засгийн газрын бүрэн эрх одоохондоо дуусаагүй байна. Хуулийнхаа дагуу улс оронд шаардлагатай шийд­вэрүүдийг гаргаад явж байгаа. Тэр ч байтугай үүрэг гүйцэтгэгч Засгийн газар нэрийдлээр үйл ажиллагаа явуулж маш олон асуудлыг шийдвэрлэж, хэрэгжүүлээд явж байсан тохиолдол бий.

Мэдээж залгамж ёсоор шинэ Засгийн газар бү­рэл­­дээд өмнөх Засгийн газар нь огцордог. Гэхдээ шинэ Засгийн газар нь өмнөх Засгийн газрынхаа шийдвэрийг өөрчлөөд яваад байвал дотоод, гадаадад Монгол Улсын Засгийн га­зар гэж ямар байгууллага бай­даг юм бол гэсэн эргэлзээг төрүүлнэ.
-Хамгийн гол нь Засгийн газрыг төсөвтэй холбоотой асуудлуудыг яаравчлан шийдвэрлэж байна гэж үзээд байгаа шүү дээ?
-Засгийн газрыг хардаж сэрдэх эрх нь аль ч намд байгаа. Гаргасан шийдвэрүүд нь улс оронд хэрэгтэй юу гэдгийг ажлын хэсгийнхэн нь шалгаад шийднэ биз дээ. Ямартай ч Засгийн газар хуулийнхаа л дагуу үйл ажил­лагаагаа явуулж байгаа гэж бодож байна.
-Өвөрхангайн тойргийн хувьд АН-тай зөвшилцье гэсэн байр суурийг илэр­хийлж байсан. Уг нь энэ тойргийн асуудлыг шүүх өөрөө шийдэх ёстой биз дээ. Гэтэл танай намын гишүүд шүүхийн үйл ажиллагааг хууль бус боллоо гэж үзээд байгаа. Ингэж хөндлөнгөөс оролцох эрх бий гэж үү?
-Бид  шүүхийг   улс­төржиж хууль бусаар шийдвэр гаргасан гэж үзэж байгаа. Шийдвэр гар­гах үйл явц нь хууль бус болсон. Үүнийгээ засч залруулаач ээ л гэж хэлж байна. Өвөрхангай аймгаас сонгогдсон хоёр гишүүн, цаана нь сонгогчдын эрх ашиг давхар хохирч байна. Шүүхийн шийдвэрийг өөрч­лөх тухай асуудлыг бид яриагүй. Зөв­хөн шүүх шийдвэрээ хуу­лийн дагуу явуулах ёс­­той гэдэг асуудлыг л тавьж байгаа.

Өвөрхангайн хувьд харьяал­­­лын бус газар асууд­лыг авч ирээд шүүх нь өөрөө шүүх үйл ажиллагаагаа явуулахдаа  хэд  хэдэн заалтыг зөрчиж  шийдвэр гаргасан юм билээ. Нэгэнт хууль зөрчиж шийдвэр гаргасан бол тэр шийдвэр нь хууль бус л байж таарна. Тэгэхээр энэ хууль бус шийдвэрээс болоод Өвөр­хангайн сонгогчид хохирч байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.