Н.Энхболд: Цэцийн дүгнэлтийг яаралтай хэлэлцэнэ
2012.04.03

Н.Энхболд: Цэцийн дүгнэлтийг яаралтай хэлэлцэнэ

Энэ парламентын хамгийн сүүлчийн чуулган ирэх пүрэв гаригт үүдээ нээнэ. Отгон чуулганаар ямар асуудал хэлэлцэхийг өчигдөр Их хурлын дэд дарга сэтгүүлчдэд мэдээллээ.

УИХ-ын хурлын тухай хуулийн дагуу чуулганы хуралдаан эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө хэлэлцэх асуудлын тов гарсан байх ёстой. Энэ чуулганаар нийт 11 асуудал хэлэлцэхээр тогтсон байна.

Байгаль орчныг хамгаалах багц хуулийн төслийг хэлэлцэх асуудлын эхэнд оруулжээ. Энэ багц хуульд 10 хууль багтсан бөгөөд хуулийг хэлэлцэхэд бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, БОАЖ-ын экс сайд Л.Гансүх ахалж байгаа аж. Мөн Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуулийн төсөл, Төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай баримт бичиг, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгуудыг тус тус хэлэлцэнэ гэв.

Түүнчлэн хуульд хугацаа заасан зайлшгүй хэлэлцэх асуудлууд болох Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн байдлын талаарх мэдээлэл, УИХ-ын сонгууль товлон зарлах тухай тогтоол, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын нэгдсэн тайлан батлах тухай гэсэн тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм байна.

Харин бусад асуудлууд байнгын хороонд хэлэлцүүлэг нь батлагдсан тохиолдолд бэлтгэл хангагдвал хэлэлцэх аж. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар бүдрээд байгаа Сонгуулийн хуулийн асуудлыг ч яаралтай хэлэлцэх аж.

УИХ-ын дэд дарга Н.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хууль зөрчсөн гэж үзсэн. Энэ асуудлыг чуулганаар хэзээ хэлэлцэх вэ?

-Цэцийн дүгнэлт манайд ирсэн. Одоогоор хоёр байнгын хороонд чиглэл өгөөд чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Хуулийн хугацаатай учраас чуулган эхлэнгүүт хэлэлцэгдэж таарна.

-Орон нутгийн сонгуулийн хуулийг яах вэ?

-Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг бид заавал хэлэлцэх ёстой. Миний хувийн байр суурь намынхтай адил байгаа. Ардчилсан нам яаж хүлээж авахыг мэдэхгүй байна. Ээлжит бус чуулганы явцад надад төрсөн сэтгэгдлээр АН-ын бүлэг хоёр сонгуулийг салгаж явуулахгүй бол тодорхой бэрхшээл хүндрэл үүснэ гэдгийг ойлгосон болов уу гэж бодсон. Орон нутгаас намын удирдлагуудаа урьж уулзалт хийхэд хамт явуулна гэсэн байр сууринаас хандсан гэсэн. Тиймээс хүчин төгөлдөр хуулийн дагуу хоёр сонгуулиа. зэрэг явуулах нь зүйтэй гэж үзэж байна гэсэн. Хуулиудын хооронд зөрүү байгаа учраас хамт явуулаач, зөрчлийг арилгах шаардлага зайлшгүй бий. Санал тоолох арга, хэрэгсэл гэх мэт олон шалтгаан яригдсан.

-Энэ чуулганы хугацаанд одоо өргөн баригдсан бүх хуулийг хэлэлцэж амжих болов уу?

-Одоогоор УИХ-д өргөн баригдсан 65 хуулийн төсөл байна. 41-ийг нь хэлэлцээд эхэлчихсэн, эцсийн хэлэлцүүлгийн) шатанд явж байна.

-Байнгын хороод өнөөдрөөс эхэлж хуралдана гэсэн? Гишүүдийн ирц хангалттай байж чадах уу?

-Гишүүд орон нутаг, тойрогтоо ажиллаж дууссан. Өнөөдрийн /өчигд-)рийн/ байдлаар ирц 70 хувьтай байна. Чуулганыг нээхэд ирц 92 хувьтай байх гэсэн төлөвлөгөө бий.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.