2012.04.03

Д.Тэрбишдагва: “МАН, МАХН-тай хамтрахгүй гэвэл шүүмжлэхгүй”

 
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг энэ удаагийнхаа “Ярилцах танхим”-ын зочноор урилаа. Тэрбээр Ардын намын Ёс зүйн хорооноос хүргүүлсэн шаардлагын хариуг өгчихөөд байгаа. Намдаа шүүмжлэлтэй хандаж буй гишүүддээ Ардын намын удирдлагууд яагаад хатуурхах болсон, долоодугаар сарын 1-ний хэргийн талаар түүнтэй ярилцлаа.

-Танай намын Ёс зүйн хорооноос нэр бүхий ги­шүү­дэд шаардлага хүр­гүүлсэн. Таны хувьд шаардлагынхаа хариуг тодорхой өгсөн байна лээ. Ийн шаардлага өгөх болс­ныг та юу гэж дүгнэж байна вэ?

-Засгийн газар мөрийн хө­төл­бөрөө хэрэгжүүлэх, 1.5 сая төгрөгөө олгох, орон сууцны зээлийн санхүүжилтийг ший­дэх гээд хийх ажил маш их байгаа. МАН-ын хувьд ч ирэх сонгуульд бэлтгээд толгой өндийх завгүй л баймаар. Гэ­тэл улс орныхоо хөгжлийн төлөө санаа зовинон хатуу ч гэлээ бодитой шүүмжлэл хэл­сэн гишүүдийнхээ үгийг бод­лого, үйл ажиллагаандаа тус­гахын оронд бичиг цаас шидэж байх ямар хэрэг байна аа. Их ажлын хажуугаар ялих шалихгүй зүйлээр оролдож гишүүдийнхээ сэтгэлд сэв хийж цаг үрэх хэрэггүй. Эхлээд бичиг өгч сануулж байгааг бодоход үгэнд нь орж аясаар нь байхгүй бол хариуцлага тооцох гэж байгаа юм байлгүй дээ. Ер нь намын Ёс зүйн хорооны дарга ганцаараа шийдээд гишүүдэд “амаа хамхи” хэмээн бичиг илгээгээгүй нь тодорхой. Мэ­дээж намын удирдлагуудад танил­цуулж чиг үүрэг авч л илгээсэн биз ээ.

-Таны өгсөн хариу нэлээд ширүүхэн байсан шүү?

-Энэ бичгийн талаар дахин дахин нуршаад байх сонирхол алга. Өөрийг чинь асуугаад байгаа болохоор бичсэн зүй­лийнхээ гол агуулгаас нь хэлье. “Сонгууль дөхөж бай­хад элдэв зүйл ярьж болох­гүй. Хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр удаа дараа өгч байгаа ярилц­лага, нийтлэлүүд нь намын нэр хүнд, эв нэгдэл, намын эрх ашигт сөргөөр нөлөөлөх ханд­лагатай байгаа тул дээрх үйлдэл дахин гаргахгүй байхыг анхааруулан зөвлөж байна. Дээрх асуудын талаарх тайлбараа Ёс зүйн хороонд 2012 оны гуравдугаар сарын 20-ны дотор бичгээр ирүүлэхийг хүсье” гэ­сэн бичиг ирүүлсэн. Үүний хариуг нь бичгээр хүргүүлсэн. Ард түмнээсээ сонгогдсон тө­рийн түшээ, МАН-д суудал ав­чирсан, намын Бага хурал болоод УИХ дахь бүлгийн нэг гишүүнтэйгээ манай на­мын удирдлага, Ёс зүйн хо­роо уулзаагүй байж, албан бичиг өгч, хариуг бичгээр өгө­хийг шаардан, хөндий зэв­рүү харилцаа гаргасанд нь харамсаж байгаа. МАН-ын бодлого, үйл ажиллагаа, на­мын дүрмийг хүндэтгэхийн дээр Монголын ард түмний мэр­гэн сонголт, Монгол Ул­сын эрх ашгийг ямар ч нам, эвсэл, холбоодын эрх ашгаас илүүтэйгээр эрхэмлэн дээдэлдэг. Тиймдээ ч Оюутолгойн гэрээ Мон­­гол Улсад ашиг багатай, алдаг­далтай болсон талаар өрнөж буй ард нийтийн санал бодлыг хүндэтгэн үзэх нь зүйтэй тухай өдөр тутмын хэвлэл мэ­дээллийн хэрэгслээр хэд хэдэн ч удаа үзэл бодлоо илэрхийлсэн. Мөн монголчууд Ардын намд итгэл хүлээлгэн УИХ-ын 46 суудлыг авах, УИХ-д олонхи болж Засгийн газраа дангаараа бүр­дүүлэх чухал боломжийг олгож сон­госоор байтал сонгуульд өөртэй нь өрсөлдөж ялагдсан Ардчилсан нам­тай эвсэн нэгдэх, “стандарт бус” гэгч хамтарсан Засгийн газар байгуулсан нь ард түмний сонгол­тыг хөсөрдүүлсэн, тэднийг үл ойшоож, доромжилсонтой адил ёс зүй­гүй асуудал болохыг удаа дараа шүүмжилсэн нь ч үнэн. Манай улсад 90 шахам жил төр барьж, монгол түм­нийхээ итгэл, хүндэтгэлийг хүлээсэн, ууган намынхаа нэрийг солих асуу­далд хөнгөн гоомой, яаравчлан хан­даж, намын нийт хамт олны санал бодлыг үл ойшоож шийдвэр гар­гасан. Үүнээс болж намаа хоёр хувааж, хүчээ тарамдуулж, удахгүй болох гэж буй хамгийн хариуцлагатай сон­гуульд төр барих эрхээ алдах бодит аюул нүүрлэж буйд эмзэглэж явдаг. Тиймээс энэ хоёр намаа эргэж эв­лэлдэн нэгдэх, эгнээгээ тэлж, хүчээ зузаатгах талаар санал, санаачилга гаргах нь зүйтэй бус уу хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Энэ бүгдийг илэрхийлж, Монгол Ардын намаа МАН+АН болгож будилаантуулахад хүргэсэн намын дарга, удирдлагаа шүүмжилснийхээ төлөө намынхаа Ёс зүйн хороонд бичгээр тайлбар гар­гах үүргийг тулгаж үг хэлж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж болох­гүйд хүрч, хатуу анхааруулга авлаа даа.

-УИХ-ын гишүүний үг хэлэх эр­хийг нам бооно гэж байж болох уу?

-Монгол Улсын Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” гэсэн хоёр­дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 16-д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй” гэж заасан байдаг. Тэгэхээр хүний үг хэлэх эрхийг Ёс зүйн хороо хааж боох ёсгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ МАН-ын Ёс зүйн хорооны дарга болон бусад удирдлагаар хасуулахгүй гэдгээ ч хариу бичигтээ тодорхой бичсэн. УИХ-ын гишүүн зөвхөн намын захиа даал­гаврыг биелүүлэгч биш шүү дээ. Намын бодлого, үйл ажиллагаа, дүрмийг хүндэтгэхийн зэрэгцээ төр түм­нийхээ элч болсноо умартах ёсгүй. Сонгинохайрхан дүүргийн мянга мянган иргэн биднийг төлөө­лөн парламентад сонгогдон ажил­лаж дуу хоолойг минь төрийн бод­лого, шийдвэр гаргахад тусгаж байг гэж төлөөлөгчөө болгосон. Иргэ­дийн хэлж ярихыг хүсэж бай­гаа зүйлийг, анхааруулж байгаа асууд­лыг хуралдаан дээр ч, хэвлэлд ч ярилцлага өгөхдөө илэрхийлэхийг чухал­чилдаг. Олон түмний төлөөлөгч бол­сон байж амин хувиа бодож, цаашдын карьераа өсгөх гэж намын дарга нарынхаа өмнө бөхөлзөн тал засаж, худлаа зулгуйдан, улс орны эрх ашигт сөрөг нөлөөтэй асуудлыг ч дуугүй толгой дохин хүлээн зөв­шөөрөн суухыг хүсэхгүй байна. Монгол Улсын язгуур эрх ашиг, улс орны хөгжил, цэцэглэлт, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө, намын эв нэгдлийн талаар хэнээр ч үгээ хориулахгүй, байр сууриа илэрхийлсээр байх болно.

-Танай нам энэ үйлдлээрээ до­тоод ардчилалгүй болохоо харуулж байна гэдэгтээ санал нийлэх үү?

-Гишүүдийнхээ амыг үдэж, дуу­гүй болголоо гээд намын нэр хүнд өсчихдөггүй. Харин ч цензурдаад, хааж боогоод, үнэн үг хэлсэн нэгнээ хавчиж шахаад байвал намын дотоод ардчилал үгүй болж, эрүүл шүүмжлэл өрнөхөө ч болино. Тос дотроосоо өтөхөөр яадаг билээ. Тийм байдалд хүрэх вий гэж сэтгэл зовинож байна.

-Та болон Ц.Даваасүрэн нарын гишүүнийг өмнө нь “эсэргүү ги­шүүд” хэмээн шүүмжилж байсан байх аа. Ер нь намаа шүүмжилдэг гишүүд хэр олон бэ?

-Үнэхээр дэндэж байна. Намын нэр хүнд уналаа, өөрчлөлт хэрэгтэй бол­лоо гэж бие биеийнхээ өрөөнд орж санал бодлоо солилцдог, бухим­даж явдагаа илэрхийлдэг гишүүд цөөнгүй бий. Гэвч тэдний дийлэнх нь ил гаргаж хэлж чаддаггүй. На­мын удирдлагаас зэм сонсоно, нэр дэвшүүлэхгүй болчих вий гэ­сэн болгоомжлол байдаг болов уу. Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Бал­дан-Очир бид хэд “Намын дотоод амьд­ралын хэм хэмжээ зөрчилдөж, намын эв нэгдэл, нэр хүнд урьд хожид бай­гаагүй хэмжээнд алдагдаж байна, үүнд анхаараач ээ. Оюутолгойн гэ­рээг сайжруулж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруу­лах шаардлагатай байна” гэсэн хэд хэдэн асуудлыг хөндөж захидал би­чин намын дарга С.Батболдод өнгөр­сөн оны нэгдүгээр сарын 4-д захидал илгээж байсан. Үүнд тус­гасан зүйлийн нэг нь ч өнөөдөр хэ­рэгжсэнгүй. Харин ч үнэн үг хэл­сэн гишүүдээ адлаж, элдэв нэр хоч өгч, ил далд тооцоо хийж, тэд­нээсээ хөндий харьцдаг болсон. МАН-ын удирдлага үзэл бодлын зөрүүтэй “журмын нөхөд”-өө хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон төрийн эрх мэдлээр далайлган дарамтлах ажиллагааг явуулж байна. Үүний жишээ нь хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр явуулж буй төлбөртэй, захиалгат нэвтрүүлгийг дурьдахад хангалттай шүү дээ.

-Намынхаа шаардлагыг хүлээж аваагүй учир цаашид яах бол. Та юу гэж бодож байна вэ?

-Хэрхэхийг цаг хугацаа л харуулах байх.

-Таныг МАХН-ыг, Н.Энх­бая­рыг өмөөрөх өнгө аястай үг хэлээд байгаа болохоор Ёс зүйн хорооноос шаардлага өгөх гол бай болсон юм биш үү?

-Энэ асуултыг надаас биш намын Ёс зүйн хорооноос асуувал таарна. Би “Оюутолгойн гэрээг сайж­руулаач, стандарт бус Засгийн газар байгуулсан нь намын мянга мянган гишүүд төдийгүй сонгогчдын сон­голтыг уландаа гишгэсэн хэрэг шүү дээ. Тиймээс Ардчилсан намыг зас­гаас гарахад нь хамтарсан засаг байгуулсан гэрээгээ дүгнээч, намын­хаа эв нэгдлийг хангахад анхаараач” гэсэн зүй ёсны л шаардлага тавьж, байр сууриа илэрхийлсээр ирсэн. Түүнээс Н.Энхбаяр гэдэг хүнийг өмөөрөөд, намаа нулимаад байсан зүйл байхгүй ээ. МАХН, МАН-ын удирдлагууд нэг намаас гаралтай, нэг үзэл бодолтой, нэг зорилгын төлөө зүтгэж явсан хүмүүс. Учир зүйгээ олон нэгдэж, хамтарч ажиллах санаачилгыг удаа дараа гаргаж, байр сууриа улиг болтлоо илэрхийллээ. Нэг намын нөхдөд эв­лэрч болохгүй ямар шалтгаан байгаа юм бэ. Тэр байтугай сөрөг хүч­нээ “өвөр”- төө урьж оруулаад хамтран ажилласан биз дээ. “Гээндээ ч, гоон­доо ч бий” гэгчээр хоёуланд нь учир дутагдал бий. Түүнийг ярилцаад, алдаа гаргасан бол уучлал гуйгаад, нэг зүг рүү хараад явахад болохгүй гэх зүйлгүй.

-Та Н.Энхбаяртай холбоотой байдаг уу. Яагаад МАХН-ыг өмөө­рөөд байдаг юм бэ?

-Яахаараа Монгол Улсын төрийн тэргүүн, намын дарга байсан хүнтэй уулзаж болохгүй гэж. Хааяа уулздаг.

-Таны хувьд Ардын нам, МАХН нэгдсэн нь дээр гэж үзээд байх шиг?

-Би намынхаа бусад гишүүний адил намын эв нэгдлийг хангах асууд­лыг онцгой авч үзэх шаардлагатай гэж боддог. Энэ ч үүднээс байр сууриа олон удаа илэрхийлсэн. Гэтэл үүний төлөө санаа тавихын оронд намын удирдлага, түүнд ойр байдаг хэдэн хүн өөрсдийн амбиц, хэн нэгэнтэй бодох хувийн тооцоо, өс хонзон, муйхарлан зүтгэх туйлшралаас болж эцэстээ бүхэл бүтэн улс төрийн хү­чинд аюул учирч болзошгүй байна. Энэ бүгд нь бидний санааг зовоож байгаа тул намын удирдлагад хүргэх үгээ бүхий л арга хэлбэрээр хэлсээр ирсэн. Чуулганы завсарлага болгоноор Сонгинохайрхан дүүр­гийн бүх хороогоор явж уулзалт хий­дэг. Энэ удаад ч сонгогчидтойгоо уулзалт хийж байна. Иргэд танай нам дангаараа сонгуульд орвол байдал хүнд шүү гэж ярьж байна. Хэрвээ миний нэгдэж, хамтрах саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол гишүүдийн дунд санал асуулга явуулах хэрэгтэй. Зөвхөн өөрсдөдөө зориулж худал судалгаа хийвэл ямар ч үр дүнгүй. Харин гишүүдийн дунд бодитой судалгаа явуулж, МАН, МАХН-тай хамтрах, нэгдэх шаардлагагүй гэж олонхийн саналаар шийдвэл тэр мөчөөс хойш би нэг ч шүүмжилсэн үг дуугарахгүй.

-Танай намын дарга гишүү­дээсээ хаана нэр дэвших тухай сана­лыг нь авсан гэсэн. Таны хувьд тойрогтоо нэр дэвшихийг эрмэл­зэж байгаа юу?

-Гишүүдийг нэг нэгээр нь дуудаж, уулзаж нэр дэвших үү гэж саналыг сонссон юм билээ. Намайг дуудаж уул­захаар нь “нэр дэвшинэ” гэдгээ л хэлсэн.

-Үндсэн хуулийн Цэцийн шийд­вэрээр Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гээд үзчихлээ. Тэгэхээр чуулган эхэлмэгц үүнийг УИХ-аар хэлэлцэж таарах нь. Үүнийг аль өнцгөөс харж байна вэ?

-Цэцийн дунд суудлын хурал­даанаар Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлц­сэн. УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус, тусын тойрогтоо ялагдал хү­лээ­сэн боловч тэдгээрээс 28 ба түү­нээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг пропорциональ 28 суу­дал руу гулсаж, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож болох заал­тыг Сонгуулийн тухай хуульд оруул­сан. Үүнийг тулгуур хуулийн “ма­наач”-ид хэлэлцээд Үндсэн хуу­лийн суурь зарчимд харшилсан гэсэн шийдвэрийг дунд суудлын ху­рал­даанаараа гаргалаа. УИХ-ын сон­гуулийн тов зарлахад хориод хоног үлдээд байхад ийм шийдвэр гар­гасан учир УИХ-ын хаврын чуулган эхлэхээр хэлэлцэж хүлээж авах эсэхээ шийдэх шаардлагатай болж байна.

-48-аас 28 руу гулсах шаард­лагагүй боллоо гэсэн үг шүү дээ?

-Тийм л болох гээд байх шиг байна.

-Таны хувьд гулсана гэдгийг хэр зөв сонголт гэж бодож байв?

-Нэр дэвшигчдэд ээлтэй заалт. Энэ нь парламентад гурван өөр түв­шингээр сонгогдсон гэх ялгарал бий болгох талтай. Тодруулбал, 26 тойрогт 48 мандатад өрсөлдөөд ялалт байгуулбал би “чадлаараа олон нийтийн саналыг авч сонгогдсон” түшээ гэдэгтээ бардам байна. Харин про­порциональ 28-даа багтан УИХ-ын гишүүн болсныг нь намын жаг­саалтаар орж ирсэн нөхөр гэх ханд­лага гарч ирэхийг үгүйсгэхгүй. Харин тойрогт өрсөлдөөд өвдөг шороодсон ч гулсаад УИХ-ын гишүүн болсныг нь бүдэрсэн атлаа түшээ болсон гэж гоочилж мэдэх юм. Миний хувьд анхнаасаа гулсахыг дэмжиж бай­гаагүй.

-Энэ заалтыг УИХ хэрхэн хү­лээн авах бол. Учир нь өөрсдийнх нь баталсан хууль Үндсэн хуулийг зөрччихлөө шүү дээ?

-Асуудлыг хэлэлцээд олонхиороо шийднэ.

-УИХ-ын сонгуулийг орон нут­гийн сонгуультай хамтад нь явуу­лах хуультай. Гэтэл Ардын намын­хан ингэх боломжгүй гэснээр хоёр нам багагүй маргалдаж буй. Таны­хаар хамтад нь явуулах боломжгүй гэж үү?

-Уг нь энэ хоёр сонгуулийг хам­тад нь явуулах нь зүйтэй. УИХ-ын сонгуулийн дараа орон нутгийн сон­гууль үргэлжилнэ. Залгаад Ерөнхий­лөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлдэг. Тиймээс хоёр жилд нь сон­гуулиар амьсгалаад ажил хийх хугацаа бага болдог. Хөрөнгө хүч хэмнэж, хэт улстөржилтөөс хөн­дийрүүлэх сайн талтай ч энэ удаад техник технологи, ажиллах хүчний хувьд УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах боломжгүй юм шиг харагдаж байна. Одоо болтол цахим үнэмлэхээ тараа­гаагүй. Сонгуулийн санал тоолох ма­шинаа ч суурилуулаагүй байна.

-Таны хэлдгээр цахим үнэмлэх нь ч хэвлэгдээгүй, Сонгуулийн ту­хай хууль яах нь тодорхойгүй бай­на. Тэгтэл гурван сарын дараа сон­гууль болно. Тиймээс ирэх сон­гууль будилаантай болох нь ойл­гомжтой юм шиг ээ?

-Сонгуулийг шударга, будилаан­гүй явуулах ёстой. Бүтэхгүй, бо­лох­гүй гэж ярьж иргэдийг төөрөг­дүүлэхийнхээ оронд бэлтгэлээ сайтар базааж, цахим үнэмлэх тараах ажлыг хурдавчлах шаардлагатай. Ажил хийе гэвэл гурван сар бага хуга­цаа биш шүү.

-Долоодугаар сарын 1-ний хэр­­гийн шүүх хурал хэдэн удаа хой­­шиллоо. Гэрчээр С.Баяр, Н.Энх­­баяр, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил нар шүүх хурлын үеэр ирсэн. Харин та энэ хэргийн бу­руут­ныг хаанаас хайх хэрэгтэй гэж боддог вэ?

-Хамтарсан Засгийн газар бай­гуулах нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж тухайн үед байр сууриа илэрхийлж байсан. Хөдөлмөрийн баатар Б.Чимид, гавьяат хуульч С.На­рангэрэл багш нар ч тулгуур хууль зөрчинө, зарчим алдагдана, хяналтгүй болно гэж хэлсэн. Гэвч тухайн үед Ерөнхий сайд “Үсрэнгүй хөгжлийн гараан дээр ирлээ. Хамтрах нь түүхэн цаг үеийн шаардлага” гэж шахаж зүтгүүлсээр байгаад зөвшөөрүүлсэн. Сонгуульд ялалт байгуулчихаад сөрөг хүчнээ засагт урьж оруулсан нь хоёр шалтгаанаас үүдэлтэй гэж таамаглаж байгаагаа сонин хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлж л байсан. Энэ нь ч одоо баттай болж байх шиг байна. Сөрөг хүчингүй, хамтрахаар олигархиуд улс орны баялгийг цөлмөхөд хяналтгүй болж, хүссэнээ хэрэгжүүлж болно гэж тооцсон байл­гүй. Нөгөөтэйгүүр долоодугаар са­рын 1-ний үймээнээр галт зэвсэгт дөрвөн хүн өртөж амь насаа алдсан хэр­гийг замхруулах, буруутай эт­гээ­дийг олж илрүүлэх ажлыг удааш­руулах зорилго агуулсан байж мэднэ. Уг нь долоодугаар сарын 1-ний асууд­лыг тэр зундаа шалгаад хэн нь буруутайг олж тогтоогоод цаашид авч хэрэгжүүлэх зүйлээ тодорхой болгох шаардлагатай байсан юм. Долоодугаар сарын 6-ны өдөр шиг санаж байна, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс УИХ-д тодорхой чиг үүрэг, зөвлөмж өгсөн. Түүнийг нь хэрэгжүүлэхийн оронд хамтарсан засаг байгуулахдаа хамаг анхаарлаа тавьж шалгаж нягтлах нь удааширч, саармагжуулсан тал бий. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй явж байгаад жил зургаан сарын дараа л УИХ дээр ажлын хэсэг байгуулсан. Долоодугаар сарын 1-ний үеэр хүч­ний байгууллагын уялдаа холбоо ямар байсныг шалган тогтоох аж­лын хэсгийг УИХ-ын гишүүн Ө.Энх­түвшин, хүний эрх зөрчигдсөн эсэх талаар судлах ажлын хэсгийг Х.Тэ­мүүжин гишүүн ахалж ажилласан. Тэгж цаг алдаж тус тусад нь аж­лын хэсэг гаргаж байхаар тэр да­руй цогцоор нь шалгаад дүгнэлт гаргах хэрэгтэй байсан гэж боддог. Ингэж хүчийг сулруулж, хугацаа алдаж удаашруулж гурван жил гаруй чимээгүй шахуу байчихаад Ард­­чилсан нам Засгийн газраас гаран­гуутаа байнга сөхөж ярьдаг болоод бай­гааг хүмүүс ажиглаж байгаа байх. Гэхдээ хэрэг хуучирдаггүй гэдэг. Буруутныг шалгаж тогтоох хэрэгтэй.

-Мэдээж хэн нэгэн галт зэвсэг хэрэглэсэн учир хүн буудсан байж таарна. Хэн ийм тушаал өгсөн нь илрэх болов уу?

-Илрүүлэх ёстой.

-УИХ-ын зарим гишүүн “Соём­бо” фракци байгуулах гэж байна гэх яриа байсан. Тэр дунд таны нэр байсан?

-Фракци байгуулах нь нам дотор байдаг л асуудал. Хүн айж цочоод гайхаад байх зүйл биш ээ. Ний нуугүй хэлэхэд гишүүд фракци байгуулах талаар байнга л ярьж байдаг. Миний мэдэж байгаагаар бол фракци байгуулах хүсэлтэй гишүүн 20 гаруй бий. Албан ёсоор бичиг хийгээд гарын үсэг зуруулсан зүйл одоохондоо алга.

-Ярилцсанд баярлалаа.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.