Д.Тэрбишдагва
0
2012.04.02

Д.Тэрбишдагва ''салхи хагалагч''

Өнгөрсөн долоо хоногт болсон хамгийн том шуугиан бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын намынхаа Ёс зүйн хороонд захидал бичсэн явдал байлаа.

Намынхаа удирдлагуудын зусарч зан, жирийн гишүүдэд ирж буй дарамт шахалтын талаар ний нуугүй бичсэн түүний захидал олон нийтэд дэлгэгдсэнээр МАН-ын дотоод зөрчлийг нийгэмд ил болгосон юм. Тиймээс Д.Тэрбишдагвыг бид өнгөрсөн долоо хоногийн дуулиант нөхрөөр нэрлэлээ. Жирийн гишүүд, удирдлагуудын энэ зөрчил МАХН-ын 26 дугаар Их хурлын шийдвэрээс эхлэлтэй, тэр цагаас хойш намынхаа удирдлагуудын бусармаг үйлдлүүдийг Д.Тэрбишдагва тэргүүтэй гишүүд "шүд зуун" тэвчиж ирсэн юм байна. Цаашлаад МАН-ынхан удирдлагууд намын нийтлэг эрх ашгийг уландаа гишгэж, ашиг сонирхлын бүлэглэлд үйлчилдэг болсон зэрэг тэдний нийгэмд ил гарах вий гэхээс үхтлээ айдаг хөндүүр сэдвүүдийг харин ч нэг урсгаж өгсөн байв. Хэрэв Д.Тэрбишдагва гишүүний бичсэн тэдгээр үгсийг худал гэдгийг нотолсон хүн одоогоор гараагүй л байна. Тэгэхээр түүний бичсэн үнэн ажээ.

Одоо Д.Тэрбищдагва гишүүнд хаяглаж МАН-аас дахин ганцхан үг дайх л юм бол МАН-ын хагарал туйлдаа хүрсний шинжийг нэгмөсөн илтгэх биз ээ. Д.Тэрбишдагва гишүүнийхээр бол, намын дотоод амьдралын хэм хэмжээ зөрчилдөж, намын эв нэгдэл, нэр хүнд урьд хожид байгаагүй хэмжээнд алдагджээ. Улс төрийн бусад нам, хүчнүүдийн дайралт, шахалт шаардлага эрс идэвхжиж байгаа нөхцөлд МАН ийм сулбагар, идэвхгүй байгаа нь УИХ-ын сонгуульд ялагдалд хөтлөх хүчин зүйл болно гэж тэр үзэж байна. Нам нь "хүнд цохилт" хүлээх магадлал улам өндөр болж байгаад санаа зовсон гишүүд олон байгаа гэдгийг ч тэрбээр нуусангүй. Тиймээс АН-тай биш МАХН-тай эргээд нэгдвэл яасан юм бэ гэж дурьдсан биз. Үнэндээ AH хамтарсан Засгийн газраас гарсны дараагаас эхлээд чадвартай боловсон хүчнийг голчилж үзэхээсээ илүү хэтэвч зузаантай, толгой хоосондуу нөхдүүдээр Засгийн газрын сайд, дэд сайд нараа томилсонд нь гомдож явдаг нөхдүүдийн гомдлын бөгөөд сануулга хэлбэрийн үгсийг ийнхүү Д.Тэрбишдагва гишүүн салхийг нь хагалж бичлээ.


Монголчууд дөч гарсан эр дөрөө дарсан эр гэдэг гэдэгчлэн МАН-ын хашир гишүүдийн нэг Д.Тэрбишдагвын намынхаа ёс зүйн хороонд хүргүүлсэн бичиг зүгээр нэг явган хэрүүлийн үгс биш байв. Түүний энэхүү бичиг булган сүултэй болохыг баталж Ц.Даваасүрэн гишүүн удаахыг нь бичиж дэлгэлээ. Цаашид үргэлжлэл бий болохыг ч баталж буй гишүүд байгаа юм. Тиймээс өндөгний хальс шиг нимгэрсэн нэр хүндээ хэрхэн яаж авч үлдэх нь намын удирдлагуудын ухаанаас шалтгаалж шийдэгдэх нь. Нөгөө талаас Д.Тэрбишдагва тэргүүтэй гишүүдийн зоригтой дуугарсан тэдгээр үгс албан тушаалаар амаа үдүүлэх, эсвэл шалтаг шалтгаан хайж аль нэгэн хүнийг түшихээр явах гэсэн алхам биш байгаад энэ эрчээрээ урагшилбал жинхэнэ зангарагтай улстөрчид гэхээс өөр юу гэх билээ.


 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.