Зүрх судасны үндэсний конференц 2015” амжилттай зохион байгуулагдлаа
Зүрх судасны үндэсний конференц 2015
2015.07.08

Зүрх судасны үндэсний конференц 2015” амжилттай зохион байгуулагдлаа

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний төвийн “Зүрх судасны үндэсний конференц 2015” амжилттай зохион байгуулагдав.

Монгол Улсын Зүрх Судасны Төвийн Эрдмийн Чуулган 2015-ын хүрээнд болж буй “Зүрх Судасны Үндэсний Конференц 2015” энэ жил 13 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байна.

Хүн амын эрүүл мэндийн асуудал, түүний дотор зүрх судасны өвчлөлийг бууруулах асуудал зөвхөн манай оронд төдийгүй дэлхий нийтийн тулгамдсан асуудал болсоор байгаа билээ.

Сүүлийн 20 жилийн статистик мэдээллийг үзэхэд манай оронд зүрх судасны өвчин нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх 4 шалтгааны нэг, нас баралтын тэргүүлэх шалтгаан байсаар байна.

 Эмч хүн үргэлж мэдлэг ур чадвараа дээшлүүлэх тал дээр байнгын хичээж байдгийн нэгэн илрэл нь Монгол улсын зүрх судасны эмч нар маань жил бүр цуглан гадаад дотоодын шилдэг мэргэжилтнүүдээсээ суралцан, туршлагаа солилцдог уламжлал юм.

Энэ жил 13 дахь удаагаа зохиогдож буй Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний Төвийн нэрийн хуудас болсон Зүрх судасны үндэсний конференцид Зүрх судасны мэс засал, судсан дотуурх оношилгоо эмчилгээ болон зүрхний эмгэг судлалын чиглэлд ажиллаж буй 21 аймаг, 9 дүүргийн II, III шатлалын эмнэлгийн дотоодын эмч мэргэжилтнүүд мөн Люксембургийн Төв эмнэлэг, Люксембургийн Зүрх судасны төв, Тайваны Фар истерн эмнэлэг, Шин гонг эмнэлэг, Францын Страссбургийн Их Сургуулийн Эмнэлэг болон Францын АСФ ТББ-н эмч нар, Японы Чибаниши Эмнэлгийн эмч мэргэжилтэн нар илтгэл тавьж хамтран зохион байгуулж байна.

 Зүрх Судасны Үндэсний Конференцийг 2003 оноос эхлэн Люксембургийн Их Гүнт Улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Зүрх судасны төв” төслөөс анхлан санаачилж, санхүүжүүлэн, уламжлал болгон зохион байгуулж ирсэн түүхтэй. Зүрх судасны төв төслийн санхүүжилтээр өнгөрсөн хугацаанд Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын тоног төхөөрөмж иж бүрэн шинэчлэгдэж орчин үеийн мэс заслын нөхцөл бүрдсэн төдийгүй 21 аймаг 9 дүүргийн эмнэлгүүд шаардлагатай тоног төхөөөрөмжөөр хангагдан эмч мэргэжилтнүүд тогтмол сургалтанд хамрагдаж нэгдсэн цахим сүлжээнд ажилладаг болсон.

Зөвхөн хэдхэн хоногийн өмнө гэхэд Улсын гуравдугаар төв эмнэлэгт дэлхий дахинд хэрэглэгдэж байгаа хамгийн сүүлийн үеийн цусны зохиомол эргэлтийн 2 аппарат, судасны урсгал хэмжигч болон бүлэгнэлтийн аппарат, хүүхдийн мэс заслын багц багаж хэрэгсэл зэргийг хүлээлгэн өгч Люксембургийн зүрхний мэс заслын баг 10 өвчтөнд зүрхний мэс засал хийж дотоодын мэргэжилтнүүдийг ажлын байран дээр сургалт хийж дуусааад байгаа билээ.

Энэ удаагийн конференцид зүрх судасны сувилахуйн чиглэлийн илтгэлүүд хэлцэгдэж байгаа нь онцлог юм. Зүрх судасны өвчний менежментэд сувилахуйн асуудлууд чухал байр суурийг эзлэж байдаг тул энэ чиглэлд хийгдэж буй судалгаа, шинжилгээ, практик үйл ажиллагааны шилдэг туршлагаасаа зүрхний сувилагч нар хэлэлцэх юм.

Конференцийн үеэр оролцогсод зүрх судасны төвийн одоогийн үйл ажиллагаа, хэрэглэгдэж буй шинэ техник, технологи болон хэтийн төлөвтэй танилцаж, зүрх судасны өвчтэй хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээний олон талт хамтын ажиллагаа болон уялдаа холбоог хэрхэн бэхжүүлэх талаар зөвлөлдөж санал бодлоо солилцох юм.

Ийнхүү манай эмч нарын хичээл зүтгэл идэвх санаачлага нөр их хөдөлмөрийн үр дүнд сүүлийн 5 жилийн хуацаанд зүрхний өвчний нас баралт анх удаагаа тогтвортой буурч буй үзүүлэлт юм.

“Зүрх Судасны Үндэсний Конференц 2015”-д хэлэлцэгдсэн илтгэл, судалгааны үр дүн, тэргүүн туршлага нь зүрх судасны өвчлөл, нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулна гэдгийг конференцид оролцогсод тэмдэглэв.