Хур борооноос өөр найдах зүйл алга болжээ
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдад гарсан түймэр их хэмжээний бэлчээр, нутгийг хамраад байна.Үүний улмаас орон нутаг, иргэд, малчдад эд материалын болон сэтгэл санааны асар их хохирол учруулж байгааг холбогдох албаныхан мэдээлж буй. Тэгвэл манай сонины сурвалжлах баг түймрийн голомт болоод буй бүс нутгуудад ажиллаад ирлээ.
Бид өнгөрсөн мягмар гарагийн үдээс хойш нийслэлээс гарч, орой 23:00 цагийн үед Хэнтийн аймгийн төв Чингис хотод очсон. Аймгийн төвийн тэнгэр хүртэл хөх саарал өнгөтэй, утаа тортогны эхүүн үнэр хоолой хорсгож байв. Хэнтий аймагт өнгөрсөн өвөл хур тунадас бараг ороогүй. Тиймдээ ч хуурайшилт эрт эхэлж, аймгийн нийт суманд 14 удаагийн ой хээрийн түймэр гарчээ. Түймрийн улмаас дөрвөн хүн түлэгдэж, 323206 га талбай, таван гэр, 1000 хашаа саравч шатжээ.
Түймрийг унтраахад 50 гаруй сая төгрөг орон нутгаас зарцуулчихаад байгаа гэсэн юм. Аймгийн төвөөс цааш Норовлин сумыг зорьж, үүрийн 05:00 цагт зорьсон газраа хүрэв. Сумын төвөөс хойшхи Бэрх-Уул гэдэг газарт түймрийн улаан гал авалцаж байв. Түймэртэй ингээд нүүр тулах нь дээ хэмээн бодож, айх сандрах зэрэгцэж байсныг нуух юун. Харин замдаа Бэрх-Уулын наана амарч буй онцгойгийн алба хаагчид болон нутгийн иргэдтэй таарлаа. Цаахан талд улаан гал дүрэлзэж байхад амарч суудаг санаа амар хүмүүс ч юм даа гэж бодож байсан ч би эндүүрчээ.
Өмссөн хувцас нь галд түлэгдээд, өөрсдийнх нь царай зүс нь хүн танихын аргагүй утаа тортог болсон тэд шөнөжингөө ажиллаад түр амсхийж байж. Тэд “Онон гол руу түймрийг түрвэл нурманд оруулах боломжтой” гэсээр биднийг угтлаа. Түймрийг шөнө унтраадаг юм байна. Учир нь шөнөдөө салхины эрч саарч, гал савлах нь бага байдаг гэнэ. ХХАА-н сайд Р.Бурмаа хотоос авч ирсэн тусламжийн бараагаа түймэр унтраахаар ажиллаж буй хүмүүст өгөөд, дараагийн сум руу зорилоо.
Замдаа гэрээ тойруулаад цурам татсан айлаар оров. Бас л түймэрт өртөж ихээхэн хэмжээний хохирол амсчээ. Энэ жил хаваржилт сайн байсан тул овоо хэдэн төл хүлээгээд авчихсан байж. Гэвч гэнэтийн түймэрт 100 гаруй эх мал, 70-аад төлөө алдчихаад сууж байна хэмээн халаглав. Хотондоо арав хүрэхгүй хонь ямаа, хурга ишиг үлдсэн гэх ч, мөн л түймэрт өртөж хөдөлж чадахгүй байх нь нүд хальтирмаар.
Цаг наашилсан гээд ноосыг нь аваад, ноолуурыг нь самначихсан байсан тул хэдэн мал нь галд амархан хайрагдсан байна. “Эхийнх нь хөх дэлэн түлэгдсэнээс болоод төл нь хөхөө хөхөж чадахгүй миний хурууг хүртэл хөхөж байна. Одоохондоо угжиж байгаа. Яаж ийгээд хэдэн төлөө бойжуулаад авбал малынхаа буянаар амьдраад байна даа” хэмээн гэрийн эзэгтэй ярилаа. Норовлингийн түймэр Улз гол хүрээд зогсчээ.
Норовлингоос 100 км-ийн зайд орших Баян-Уул сумын төвд очлоо. Тус сумын хувьд түймэр ОХУ-аас хил давж ирсэн байна. Онон голыг даваад Ульхан уулын энгэрээр явсан түймэр нарсан ойг бүхэлд нь шатааж орхисон байна. Биднийг очиход нутгийн иргэд цурманд оруулсан хэсэгт ажиллаж байсан юм. Хотоос тусламжийн баг ирсэнд ихээхэн баярлацгааж, нүд үл гүйцэгдэх ой модонд нэг нэгийгээ дуудсаар унд цайндаа орцгоов. Дөрөв дэх өдөртөө түймэртэй “тэмцэж” байгаа тэд их л ядарсан харагдаж байсан юм. “Ойн түймэр талынхаас ч хөнөөлтэй.
Ойд сул унасан моднууд их байдаг бөгөөд, гал нэг эрчээ авбал модны орой руу асдаг юм. Тэгж ассан галыг тал руу орохыг нь хүлээж суухаас биш, унтраах гэж горьдоод ч хэрэггүй” гэсэн юм. Манай хойд хөрш Оросын хил орчмын цаана ч түймэр их гардаг. Ой модны нөөц ихтэй тул, ингэж ассан галыг унтраах аргаа тэл олжээ. Өөрөөр хэлбэл ойн түймрийн дээрээс бөмбөгдчихдөг гэнэ. Дээрээс нь бөмбөгдөж хөрсийг нь эргүүлж байж сая нэг дарж авдаг бололтой.
Дараагийн очсон сум бол Дашбалбар. Бас л сумын малчдын гэр малыг түймэр “залгичихаж”. Бид түймрийн галд түлэгдсэн С.Дашмаа гэх эмэгтэйг эргэхээр эмнэлэг рүү очив. “Эгч нь хашаа саравчаа хаах санаатай зүтгэж байгаад л гар хөлөө түлчихлээ. хэмээн ярьж байна. Тэрбээр хоёрдугаар зэргийн түлэгдэлтэй оноштойгоор эмчлүүлж байлаа.
Бид буцаад Баян-Уул сумруу явах замдаа Баян-Дунгаар дайрсан юм. Гэтэл биднийг очихтой зэрэгцээд галын дуут дохио сум даяар дуугарч байв. Юу болов гэтэл Баян-Уулын түймэр тус сум руу орчихжээ. Түймэр нарсан ойг шатааж дуусгаад тал руу орсон нь тэр байж. “Одоо дийлдэхээ байх нь” хэмээн сумын Засаг дарга сандарч мэгдэн гүйж явна. Өчигдөр ойд ассан түймэр 25 метр секундын хурдтайгаар тал руу ороод иржээ. Салхины чиг өөрчлөгдөж, түймэр яг эгц өөдөөс гэнэт чиглэхэд сандардаг юм билээ.
Баян-Уул сумын Засаг дарга Ж.Дорж “Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө бид үнэхээр хүчгүйдэж байна. Олон салаа түймрийг удирдана гэдэг амаргүй. Ерөнхийлөгч өөрийн нүдээр ирж харлаа. Байдал маш хүнд байгааг харсан болохоор туслалцаа үзүүлэх байх. Нийт нутаг дэвсгэрийн 50 гаруй хувь нь шатчихлаа.
Баруун хойно асаж байгаа түймрийн салхины чиг өөрчлөгдвөл сум маань бүхэлдээ шатах аюул нүүрлэж байна. Нутгийн иргэд бид арав дахь хоногтоо түймэртэй тэмцэж байна. Хамгийн гол бэрхшээл бол шатахууны зардал. Маш яаралтай сумын хурал хийж, төсвөө тодотгох ёстой. Аймгийн зүгээс нэг их анхаарахгүй байгаа. Өнөөдөр гэхэд нэг сая төгрөгийн шатахууны зөвшөөрөл олгосон ч тэр нь хаанаа ч хүрэхгүй байна. Гурав хоногийн өмнө Засгийн газраас түймэртэй тэмцэхэд зориулж 160 сая төгрөгийн төсөв шийдэж өгсөн боловч одоогоор манай суманд ирээгүй байна.
Орон нутгийн 2.5 сая төгрөгийн төсөв аль хэдийнэ дуусчихсан. Одоо түймрийг унтрааж дийлэхгүй. Түймрийн аманд байгаа 100 гаруй айлаа аварч, яаралтай нүүлгэн шилжүүлэх асуудал тулгараад байна” гэв. Биднийг Баян-Уул суманд эргэн очиход Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж галын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж яваатай таарсан. Тэрбээр ОБЕГ-ын дөрвөн бүлгийн Баян-Уул суманд татах үүрэг өгөөд цааш Сүхбаатар, Дорнод аймаг руу хөдөлсөн юм. Харин ХХАА-н сайд Р.Бурмаа хот руу буцсан юм. Ингээд түүнтэй хэсэг хором ярилцлаа.
-Түймрийн нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Галаас гадна орон нутагт төсөв санхүү байхгүй нэлээд зутарч байх шиг.
Тийм байна. Мөнгө санхүү хүнд учир зээлээр шатахуун, хүнсээ залгуулж байна гэлээ. Баян-Уул сум руу ОХУ-ын хилээр дамжиж түймэр орж ирсэн юм байна. Иргэд “2-3 метр хуйларсан шороотой гал орж ирсэн. Өмнө нь ийм гал огт үзэж байгаагүй” гэж байсан. Зарим айл өрх арай л гэж гэрээ авч үлджээ. Адуу мал, хашаа хороо багагүй шатаж.
-Яамны зүгээс ямар тусламж дэмжлэг үзүүлж байгаа вэ?
Бид малын эмчтэй явж байна. Салбарын мал эмнэлгийн компаниудын өгсөн малын эм бэлдмэлийг тараасан. Нэн түрүүнд малын эм бэлдмэл маш их хэрэгтэй байна. Тухайлбал, “Дэлгэр агь” компанийн малын дэлэнд зориулсан тос, хордлого тайлах, өвчин намдаах эм бэлдмэлийг өглөө. Дээр нь малчдын нүд нь хорсох, ханиалгах зэрэг хүндрэлүүд байна. Одоогоор Ульхан застав дээр маш их түймэртэй байна. Тэнд хилийн цэргийнхэн, ОБЕГ, зэргэлдээ сум Баяндунгаас иргэд ирж гал унтрааж байна. Мөн иргэдийн “Ойн нөхөрлөл”-үүд сайн дураараа байгуулагдан ажиллаж байна. 10-аад хоног гэртээ ч харилгүй хүйтэн салхитай хүнд нөхцөлд хүмүүс цаг наргүй ажиллажээ. Тэдний хувьд, хамгийн хүндрэлтэй зүйл хоол хүнснээс гадна оймс, гутал, хувцас, бээлий, нүдний шил болоод байгааг анзаарлаа.
-Тусламж хандивыг сумдад хэрхэн хуваарилж байна вэ. Зарим сумд хоол хүнс хэрэгтэй байхад нөгөө хэсэгт нь шатахуун шаардлагатай байна?
Манай яамны ажилтнууд нэг өдрийн цалингаараа хандив өгсөн. Тэднийхээ сайхан сэтгэлийн хандивыг сумдуудад болох бололцоогоороо л өглөө. Хамгийн чухал зүйл бол, сэтгэл санааны дэмжлэг. “Грийн сити” компанийн гурван ажилчин өөрсдийнхөө унаагаар ирж, 600 хайрцаг бэлэн хоолыг хүргээд буцлаа. Хан-Уул дүүргийн хүүхдүүд боорцог хийж байгаа гэж дөнгөж сая сонслоо.
-Засгийн газраас ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ.Мөн түймрийн голомтод ажиллаж байгаа иргэд танд ямар санал хүсэлт дайж байна?
Улсын Онцгой комиссоос ойн түймэр их гарч байгаа газруудад тусгай тоноглолтой, зориулалтын машин авахаар захиалга өгсөн. Түүнээс гадна Дорнод аймаг руу хоёрыг явуулна. Тэр нь ойн түймэрт зориулагдсан 45 хэмийн налууд долоон тонн ус тээж очдог машин юм. Онцгой байдлынхан гал унтраах ажлыг хийж, иргэд араас нь цэвэрлэх, цурманд оруулах, буцаж дэгдээхгүй барихад анхаарч ажиллаж байгаа. Ард иргэд, ойн нөхөрлөлийнхөн тодорхой саналуудыг хууль тогтоогчдод дамжуулж өгөхийг хүсч байна.
Тухайлбал, унасан модыг гоожингүйгээр авбал торгуулдаг. Хэрэв иргэдэд зөвшөөрлийг нь чөлөөтэй өгчихвөл ой цэвэрлэгдэх сайн талтай. Ойн нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжээд өгвөл бид ой сэргээх тендерт оролцож болно. Бид энэ нутагтаа амьдардаг учраас ойгоо хамгаалах үүрэгтэй гэж байсан. Засгийн газраас түймэр унтраахад зориулж тодорхой хэмжээний мөнгө гаргасан. Гэхдээ энд ажиллаж байгаа хүмүүсийн ойр зуурын эм, солих хувцас, хоол хүнсэнд зориулж төсөв гаргах ёстой юм байна. Засгийн газар Онцгой байдлын комисст энэ саналыг хэлнэ.