Цалинг ирэх сард нэмнэ
Сар шинийн баяраас өмнө цалин, тэтгэвэр нэмэгдэх үү гэсэн хүлээлт иргэдийн дунд байсан.
2014.01.23

Цалинг ирэх сард нэмнэ

Сар шинийн баяраас өмнө цалин, тэтгэвэр нэмэгдэх үү гэсэн хүлээлт иргэдийн дунд байсан. Засгийн газрын зүгээс тухайн жилийн инфляцийн түвшинтэй уялдуулан цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээ амалсан юм.

Тэгвэл ирэх сард цалин, тэтгэврийг нэмэхээр болсон байна. Тодруулбал, хоёрдугаар сарын 1-ээс эхлэн цалин, тэтгэврийг нэмэгдүүлж, хамгийн тоод талын тэтгэврийг 210 мянган төгрөгөөр тогтоосон байна.  Ингэхдээ цалинг найман хувиар, бага тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэврийг ахиу, өндөрийг нь багаар нэмэхээр болсон байна. 

Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл жил бүр Үндэсний статистикийн хорооны ирүүлсэн саналыг үндэслэн Засгийн газарт санал оруулж тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг тухай жилийн инфляцийн түвшинтэй уялдуулж нэмнэ гэсэн УИХ-ын тогтоолын төсөл бий.

Өнгөрсөн 2013 оны арванхоёрдугаар сарын байдлаар Үндэсний статистикийн газраас ирүүлсэн мэдээллээр инфляци 12,5 хувьтай байсан. Тиймээс инфляцийн түвшнээс доош орохгүйгээр дээш хэд ч байж болно гэдгээр тэгэвэр, тэтгэмжийн зохицуулалт хийсэн” гэлээ. Цалинг найман хувиар харин  тэтгэвэр, тэтгэмжийг хэдэн хувиар нэмсэнийг тодорхой мэдээллэх боломжгүй ч харин хэзээ нэмэх нь энэ удаад тодорхой болов.

Сар шинийн баярын өмнө цалин, тэтгэврийг нэмэгдүүлбэл өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж, ард түмний нуруун дээр ачаалал үүснэ гэдгийг Засгийн газраас хэлж байсан. Гэвч цалин, тэтгэврийг яаралтай нэмэх саналыг МАН-ын зүгээс гаргаж, таван ч хуулийн төсөл өргөн барьсан.

Сөрөг хүчний зүгээс цалин, тэтгэврийн нэмэгдлийг 30 хувиар нэмэх боломжтой гэдгийг сануулаад буй.

Гэвч эхний ээлжинд Засгийн газраас цалинг  найман хувиар, харин тэтгэвэр, тэтгэмжийг их, бага хэмжээгээр нэмэх шийдвэрийг гаргаад байгаа юм байна. Энэ жилийн төсөвт цалин, тэтгэврийн нэмэгдэлд 235 тэрбум төгрөгийн суулгасан. Цалин, тэтгэврийг нэмэх хувь, хугацааг зарлахгүй байх нь өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхгүй байх нэг шалтгаан болдог.  Тиймээс Цагаан сарын баярын өмнө бус баярын үеэр ард иргэддээ өгч  буй Засгийн газрын “бэлэг” цалин, тэтгэврийн нэмэгдэл болж байна.

УИХ дахь сөрөг хүчний зүгээс цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлж, 2014 оны төсвийн тодотголд мөнгө нэмж суулгах саналыг гаргаад буй. Өргөн хэрэглээний барааны үнэ өсч, ард түмний амьдрал хэцүү байхад нэг ч удаа цалин нэмэхгүй байгааг шүүмжлээд буй. 2012 оноос хойш цалин, тэтгэвэр нэмэгдээгүй байгаа нь өнөөгийн Засгийн газрын хамгийн том алдаа гэж ч шүүмжлээд байгаа.

Бүтэн хоёр жилийн хугацаанд барааны үнэн 33 хүртлэх хувиар нэмэгдсэн байхад иргэдийн цалин, тэтгэвэр нэг ч удаа нэмэгдээгүй байгааг шүүмжлэгчид сөрөг хүчнээс гадна олон бий. Ийнхүү Сар шинийн баяртай золгож, Засгийн газраас цалин, тэтгэврийг нэмэх шийдвэрийг гаргалаа. Гэхдээ цалин, тэтгэвэр нэмлээ гээд үнээ битгий нэмээрэй, наймаачид аа. Угаасаа одоо тэнгэр хадсан барааг чинь худалдаж авах гэж ард түмэн сөхрөх гэж байна шүү дээ. Цалинг найман хувиар нэмж байгаа ч энэ нь одоогийн өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг худалдан авах чадвартай болно гэсэн үг биш юм шүү.