С.Эрдэнэ: Монгол улсад хүн амын хөгжлийн бодлого үндсэндээ орхигдсон
УИХ-ын Гишүүн, Хүний Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Сайд С.Эрдэнэ
2013.09.23

С.Эрдэнэ: Монгол улсад хүн амын хөгжлийн бодлого үндсэндээ орхигдсон

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Эрүүл мэндийн нийгмийн даатгалын хөгжлийн сэдвээр нэлээд өргөн хүрээнд ярилцсан. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Анх 1993 онд Эрүүл мэндийн даатгалын хууль батлагдаж, мөрдсөнөөс хойш 20 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн даатгалд сайн муу талууд байсан. Сайн нь гэвэл, эрүүл мэндийн даатгалд иргэдийн 90 хувь нь хамрагдсан.

Сул тал нь даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалаас үзүүлдэг эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн сэтгэл ханамжийн баталгааг хангаж чаддаггүй. Товчхондоо даатгуулагч маань хуулийн үйлчлэлийн гадна талд орхигддог.

Эрүүл мэндийн даатгалын санг даатгуулагчийн оролцоогүйгээр, хөндлөнгөөс хаа хамаагүй хүмүүс шийдэж ирсэн. Энэ утгаараа бид Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчлэн найруулсан төслийг өргөн барьсан. Мөн эрх зүйн ямар зохицуулалтыг түлхүү оруулах вэ гэдгийг хэлэлцэх үүднээс олон улсын туршлагатай байгууллагуудаас зөвлөгөө авах зорилгоор саяхан хуралдлаа.

Гол нь хуулийн зохицуулалтын гадна үлдсэн даатгуулагчийн эрхийг хамгаалж, даатгуулагч төвтэй хууль эрх зүйн тогтолцоог бий болгохыг зорьж байна. Ингэснээр даатгуулагч өөрөө эмчилгээ үйлчилгээгээ сонгодог, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээ захиран зарцуулдаг болох юм.

-Эмнэлэгт хэвтсэн өвчтөн эм тариагаа гаднаас авсан тохиолдолд буцааж олгодог журам байдаг ч амьдрал дээр хэрэгждэггүй. Эрүүл мэндийн байгууллагууд үйлчлүүлэгч хаан гэсэн тэр тогтолцоонд шилжихэд хэр бэлэн байгаа бол?

"Гэр бүлийн үнэ цэнэ" хэлэлцүүлэг

-Энэ хууль маань нэг талдаа үйлчлүүлэгчийг хаанд өргөмжилсөн, тэдний эрхийг дээдэлсэн, нөгөө талдаа эрүүл мэндийн байгууллагад ажиллагсдад ээлтэй хууль юм. Даатгуулагч өөрөө эмчилгээ, үйлчилгээгээ сонгоод ирэхээр зах зээлийн чанарыг дагаад өрсөлдөөн бий болно.

Өрсөлдөөнөөс үүдэн чадвартай эмч, сувилагчдын эрэлт ихэснэ. Эмнэлгүүд өрсөлдөх чадвараа хангахын тулд сайн эмч, сувилагч нараа барьж үлдэх шаардлагатай болно биз дээ. Мэдээж тэдний нийгмийн асуудал, цалин мөнгийг шийдэх хэрэгтэй болох байх.

Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хувьд чадвартай эсвэл чадваргүй эмч бүр 500 мянган төгрөгийн цалин авдаг тогтолцоо халагдана. Ингэснээр эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг зах зээлийн хэмжээнд ойртуулах ийм боломж бүрдэх юм.

-Эрүүл мэндийн салбар цахим карттай болно гэсэн. Цахим карт хэзээнээс хэрэгжих вэ?

-Өргөн барьсан хуулийн төсөлд энэ тухай тусгагдсан. Эрүүл мэндийн салбар цахим карттай болсноор тухайн өвчтөний өвчний түүх гарч ирэх юм. Тэгээд ч эрүүл мэндийн цахим карт төлбөрийн нэг хэсэг болох юм.

-Монгол хүний хөгжлийн бодлогын хүрээнд ямар ажлуудыг хийж бүтээв?

Монгол Улс хүн амын бодлогын баримт бичгийг 2004 онд шинэчлэн найруулан гаргасан. Гэвч нийгэм, эдийн засгийн ямар нэгэн шийдвэр гаргахдаа энэ хуулиа нэг ч удаа харж, ач холбогдол өгч байгаагүй. Тэр нь байж л байдаг. Хааяа НҮБ-аас хүмүүс ирэхээр харуулчихдаг. Ийм л жишигтэй улс орон байсан.

Шинэчлэлийн Засгийн газар анх удаа хүн амын хөгжлийг төрийн бодлогын хэмжээнд авч үзсэнээр өнөөдөр манай яам хоёр үндсэн зорилгоор ажилладаг. Тухайлбал, хүн амын хөгжлийн цогц бодлогыг боловсруулах, тэрнийгээ төрийн бодлогын түвшинд харах. Энэ нь манай яамны хувьд цоо шинэ ажил байсан.

Аливаа улс орны хөгжлийг тодорхойлохдоо хүн амын хөгжлийн үзүүлэлтийг харгалздаг. Өнөөдөр Монгол Улсад хүн амын хөгжлийн бодлого гэдэг асуудал үндсэндээ орхигдсон эмгэнэлтэй дүр зураг харагдаж байгаа. Хөгжлийн энэ бодлогыг орхигдуулснаар нийгэм эдийн засгийн болоод бусад сөрөг үр дагавруудыг ганц нэг жишээн дээр хэлье.

Тухайлбал, энэ яам байгуулагдаад хүүхэд залуучуудын хөгжлийн чиглэлийн байшин барилга, хуримтлал, өмч хөрөнгө байна уу гэдгийг судалж, тооллого явуулсан. Нийтдээ 180 орчим өмч хөрөнгө, байгууллагатай холбоотой судалгаа хийгээд үзлээ. Гэтэл 180 байгууламжаас 140 нь ор сураггүй, зориулалтын бусаар ашиглагддаг.

Нэг ёсондоо зарагдаад хэн нэгэн эрх мэдэлтэй албан тушаалтны гарт ороод алга болсон. Харин 40 гаруй нь нэр төдий ажиллах хэмжээнд, арваад нь стандартын түвшинд үйл ажиллагаа явуулдаг гэсэн харамсмаар тоо гарсан. Энэ нь аливаа улс орон хүн амынхаа хөгжлийн бодлогыг орхигдуулснаар ямар эмгэнэлтэй дүр зурагт хүрдгийг харуулж байгаа.

"Гэр бүлийн үнэ цэнэ" хэлэлцүүлэг

Хэдийгээр бид уудам газар нутагтай, асар их байгалийн баялагтай ч хүнээ хөгжүүлэхгүйгээр дэлхийд өрсөлдөх чадвараа дээшлүүлж чадахгүй. Мөн хичнээн мянган тонн алтны ордын нөөцтэй байгаад ч адилхан. Хүнээ л хөгжүүлэхгүй бол улс орон хөгждөггүй л байхгүй юу. Гадны этгээдүүдийн хоол болоод л дуусна.

-Гэр бүлийн үндэсний чуулганыг танай яам зохион байгуулна гэж байсан. Яагаад энэ сэдвийг хөндөх болов?

-Гэр бүлийн үндэсний чуулганаа ирэх аравдугаар сарын 13,14-нд хийхээр төлөвлөсөн. Ер нь хүн амын хөгжлийн бодлого маань гэр бүл дээр суурилах юм. Гэр бүлээс хамааралгүй хүн гэж байдаггүй.

Өнөөдөр нийгэмд гэр бүлийн үнэ цэнэ ямар их унаж байна. Гэр бүлээ хайрлах, гэр бүлдээ үнэнч байх, гэр бүлийн цэвэр ариун байдал гээд бүх юм ердийн болж хувирсан байна. Аль ч улс оронд төрийн анхан шатны нэгж бол гэр бүл байдаг. Гэр бүлийн үнэ цэнэ унаснаар төрийн нэр хүнд унаж байна гэсэн үг.

Төрөө бат бөх байлгая, улс орны тогтвортой, найдвартай хөгжлийг хангая гэвэл бид гэр бүлдээ анхаарал тавих ёстой. Өнөөдөр залуучууд маань хамтран амьдрах гэдэг хэлбэр рүү хэт их орж байна. Гэр бүлийн үнэ цэнийг өөрөөр ойлгож, хардаг болж.

Аав ээжийгээ хайрлах, ах дээдсээ хүндлэх, дүүгээ хайрлах, найз нөхөддөө анхаарал халамж тавих ойлголт одоогийн залуучуудад алга. Зөвхөн өөрийгөө боддог болсон байна. Энэ чинь хувь хүний хөгжил дорой байгааг харуулж буй юм.

Үүнээс үзэхэд, өнөөдөр бид ирээдүйн иргэнээ бэлтгэх, төлөв- шүүлэхийг дэндүү өрөөсгөл байдлаар хараад байна. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэг нь байна, бол оо гэж ярьдаг. Үгүй шүү дээ. Оюутнууд аль нэг сургуульд сурч л байвал хамаа алга, дээр нь боловсролтой бол мундаг гээд ойлгодог. Үнэндээ тийм биш.

Өнөөдөр ЕБС-ийн сурагчид, оюутнууд хичээлээ тараад, чөлөөт цагаа яаж өнгөрүүлж, өөрсдийгөө хөгжүүлж байгааг хэлэхэд хэцүү. Хүүхдүүд дөрөв, таваараа нийлээд аль болохгүй, бүтэхгүй зүйлийг хийдэг. Нэг бол интернэт рүү ороод хүүхэд үзэх ёсгүй юмыг үзэж, харж байна. Нэг бол РС тоглоомын газарт ордог.

Энэ бүгдийг зөв замд нь оруулахын тулд бид бодлогоо зөв тодорхойлох ёстой байгаа юм. Хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийн төслийг УИХ-ын 2013 оны намрын чуулганд өргөн барихаар төлөвлөж байгаа.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг саяхан шинэчлэн тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэх байх гэсэн хүлээлт нийгэмд байна. Салбарын сайдын хувьд тайлбар өгөхгүй юу?

-Энэ асуудалтай холбоотойгоор тэтгэвэр, тэтгэмжид ямар нэг өөрчлөлт орохгүй. Гэхдээ бид ахмад настны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх талаар шаардлагатай тооцоо судалгааг хийж, ирэх оны улсын төсөвт суулгахаар төлөвлөж байна.