Эмэгтэй гишүүд аюулгүй хотыг хүсч байна
Нийслэлийн орчны бохирдлыг бууруулахад дагуул хот байгуулах асуудал зайлшгүй тавигдах боллоо
2013.01.15

Эмэгтэй гишүүд аюулгүй хотыг хүсч байна

УИХ-ын гишүүн Д.Арвины санаачилгаар УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, ЭМЯ, БОНХЯ, Үндэсний статистикийн хороо, НЗДТГ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-өөс хамтран Төрийн ордны хуралдааны А танхимд өчигдөр “Эрүүл хотод амьдаръя” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулллаа.

Нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, хүний хөгжил, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж буй ус, хөрс, агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх арга замуудыг оновчтой тодорхойлж, тодорхой асуудал дэвшүүлэх, зөвлөмж шийдвэр гаргах, мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулах зорилго бүхий энэхүү зөвлөгөөнд УИХ, Засгийн газрын гишүүд, ШУА, их, дээд сургуулиудын болон иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Зөвлөгөөний эхэнд нийслэлийн гэр хороололд аж төрдөг Ирээдүй хүүгийн монологи яриагаар гэр хорооллын агаар, ус, хөрсний бохирдлыг харуулсан богино хэмжээний баримтат бичлэгийг оролцогчдод үзүүлсний дараа УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн юм. Тэрбээр Монгол Улсын нийгэм-эдийн засгийн бүхий л салбарт өөрчлөлт явагдаж, иргэд нийслэлд

Өвлийн цагаар хальтиргаатай зам хүртэл бидний аюулгүй байдалд нөлөөлдөг

олноороо төвлөрөн хотжих үйл явц өрнөж байгаа энэ үед хүн амын амин чухал асуудал болох эрүүл, аюулгүй хотын асуудлаар зөвлөлдөж байгаа нь цаг үеийн чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд хотжилтын сөрөг үр дагаврыг арилгахын тулд асуудал нэгэнт гүнзгийрсэн үед нь араас нь хөөцөлдөх бус урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал болохыг онцоллоо.

УИХ-ын дарга мөн “Нийслэлд хүн амын төвлөрөл ихэссэн өнөө үед хүн ард маань төрөөс шийдвэртэй, зоримог алхам хийхийг хүлээж байна. Засгийн газраас гэр хорооллын дахин төлөвлөлтөд анхаарч, ирэх жилийн өвлөөс өмнө ихээхэн ажил амжуулахаар ажиллаж байгаа. Төлөвлөснөө хэрэгжүүлэхийн тулд олон хууль тогтоол шуурхай гарган, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай бөгөөд Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль болон Улаанбаатар хотын хүн амын бодлогод нийцэхүйц боловсронгуй төлөвлөлтөд онцгой анхаарч байгаа”-г дурдаад тус зөвлөгөөнөөс гарах шийдвэрийг УИХ дэмжиж ажиллана хэмээн хэллээ.

Зөвлөгөөнд оролцогчид “Нийслэлийн хүн амын механик өсөлтөөс нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, түүнээс гарах гарц”, “Нийслэлийн хөрсний бохирдлын талаарх мэдээлэл, шийдвэрлэх арга зам”, “Нийслэл хотын агаарын бохирдол, түүний нөлөөлөл ба гарах арга зам” зэрэг илтгэл сонссож санал бодлоо хуваалцав. Тэдгээрийн дотроос УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн тавьсан “Эрүүл, аюулгүй орчинд амьдрахад иргэний оролцоо” сэдэвт илтгэл оролцогчдын анхаарлыг татаж, тухайн сэдвээр цөөнгүй асуулт тавин хариулт авав. Агаар, ус, хөрсний бохирдлыг үүсгэгч нь иргэд өөрсдөө, түүнийг бууруулах шийдвэр гаргагчид нь ч иргэд өөрсдөө тул иргэд зохион байгуулалтанд орж, амьдран сууж буй хотоо хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд үндэслэсэн газрын зургаар хотоо бүсчлэн төлөвлөснөөр оршин буй газрынхаа үнэ цэнийг хэрхэн мэдэрч, цэвэр аюулгүй орчинд хэрхэн сайхан амьдарч болдгийг Ц.Оюунгэрэл сайд гадны туршлагаас иш татан өгүүлсэн нь зөвлөгөөнийг нэлээд сонирхолтой болгосон юм.

Мөн УИХ-ын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга Л.Эрдэнэчимэг Биологийн ШУ-ны доктор, АУ-ы Академийн гишүүн, НЭМҮТ-ийн ерөнхий захирал Ж.Оюунбилэгийн илтгэлд үндэслэн “нийслэлийн агаарын бохирдол монгол хүний генийн өөрчлөлтийн хэмжээнд хүрч буй” ноцтой байдлыг анхааруулаад чанаргүй монгол хүний асуудлыг ярихад хүрсэн өнөө үед нийслэлийн орчны бохирдлыг бууруулахад дагуул хот байгуулах асуудал зайлшгүй тавигдаж байгаа тул үүнийг эхнээс нь зөв төлөвлөхийн чухлыг тэмдэглэлээд “УИХ-ын эмэгтэй гишүүд эрүүл хотод амьдрахын төлөө санаачилсан төслөө өөрсдөө гардан боловсруулж хууль болгох шийдвэрийг тус дэд хорооны тогтоол болгон гаргаж, ажил хэрэг болгоно гэдэгтээ итгэлтэй байгаа”-гаа илэрхийллээ.

Зөвлөгөөний эцэст УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа зөвлөгөөнөөс гарах шийдвэрийн төслийг танилцуулж, оролцогчид саналаа нэмэрлэсний дараа УИХ-ын гишүүн Д.Арвин тэдгээрийг нэгтгэн дүгнэж, энэ удаагийн зөвлөгөөнөөс:
- Эрүүл, аюулгүй хотын тухай хууль санаачлан боловсруулж батлуулах,
- Нийслэлийн гэр хорооллыг шинэчлэн төлөвлөх, түүний дэд бүтцийг бүрдүүлэх асуудлыг төрийн бодлогоор дэмжүүлэх,
- Орчин үеийн дагуул хотыг байгуулах эрхзүйн орчин бүрдүүлэх асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх ажлын хүрээнд УИХ-ын даргын дэргэд ажлын хэсэг байгуулахаар боллоо.