Аархусын конвенц, бохирдлыг бүртгэх протоколд нэгдэх нь зүйтэй
2012.04.27

Аархусын конвенц, бохирдлыг бүртгэх протоколд нэгдэх нь зүйтэй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох тухай” зөвлөлдөх уулзалт дөрөвдүгээр сарын 26-нд Гадаад харилцааны яамны “зөвшилцөл” танхимд хоёр дахь өдрөө амжилттай болж өндөрлөлөө.
 
Зөвлөлдөх уулзалтын хоёр дахь өдрийн хэлэлцүүлгийн үеэр Аархусын конвенцид нэгдэн орсон талуудын хуралдааны дарга Жит Пэтэрс Нидерландын, Аархус конвенцийн уулзалтын хэсгийг хариуцсан дэд дарга Лоредана Дел`ора Италийн, Казахстан улсын Байгаль орчны яамны Хууль тогтоомж, стандартын төсөл боловсруулах бүлгийн дарга Вадим Ни Казахстаны, Польш Улсын Байгаль орчны яамны ахлах мэргэжилтэн Ярослав Мельник Польшийн, Норвеги Улсын Байгаль орчны яамны ажилтан Аксэл Эрик Хилэстад Норвегийн энэхүү конвенцийг хэрэгжүүлсэн туршлага, учирч байсан бэрхшээл, түүнийг гэтлэн давсан арга замын тухай, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Байгаль орчны нэгжийн ахлахч Б.Бүнчингив, Европын сэргээн босголтын банкны Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Филип Хтер Вүүрт, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Б.Чимид-Очир, Азийн сангийн суурин төлөөлөгчийн газрын Байгаль орчны хөтөлбөрийн дарга П.Болормаа, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Уур амьсгалын өөрчлөлт ба дасан зохицох бодлого” бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч С.Саран нар тус тусын байгууллагын чиглэлээр байгаль хамгаалах, байгаль орчны нөлөөллийн байдлын үнэлгээ хийж хэвших, мэдээллийг ил тод болгох, мэдээллийн сан бүрдүүлэх, байгаль хамгаалах боловсролыг сайжруулах, шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог өргөжүүлэх, төрийн бус байгууллагууд, байгаль хамгаалах бүлэг, нөхөрлөлийг чадавхжуулах талаар хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлын танилцуулга илтгэл тавив.
 
Оролцогч төрийн бус байгууллагынхан, орон нутгийн иргэдийн болон байгаль хамгаалагчдын төлөөлөгчид эдгээр илтгэгчдэд сонирхсон асуултуудаа тавьж, багагүй зүйлийг тодруулж, өөрсдийн саналыг хэллээ.

Түүнчлэн тэд Аархусын конвенцийн талаарх хоёр өдрийн хэлэлцүүлгийн дүнд түүнд Монгол Улс нэгдэх нь өөрсдийн ажлыг өгөөжтэй, гарцтай болгох, байгаль орчноо хамгаалж чадах, иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг сэргээх эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх боломжийг бодитой харж буйн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт гардуулсан байна.
 
Түүндээ тэд “Монгол Улсын Ерөнхийлөгч танд олон улсын экспертүүдийг оролцуулсан зөвлөлдөх уулзалт санаачилсанд талархаж байна. Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох, зөрчигдсөн эрхийг сэргээх тухай конвенц буюу Аархусын конвенцид Монгол Улс нэгдэн орох асуудлыг санаачлахыг Ерөнхийлөгч танаас хүсч байна. Мөн тус конвенцийн Бохирдлыг бүртгэх протоколд манай улс нэгдэх нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн дурдаж, зөвлөлдөх уулзалтад оролцсон 32 төрийн бус байгууллагынхаа нэрийг жагсаан бичжээ.
 
Зөвлөлдөх уулзалт амжилттай өндөрлөж, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа хааж үг хэлэхдээ “Энэ хоёр өдөрт бид Аархусын конвенцийн утга агуулгыг нэлээд сайн ойлголоо.

Эндээс олон асуултад хариу авч чадлаа. Зөвшилцөх уулзалтад Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар нар оролцож, тус конвенцид нэгдэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа та бидэнд илэрхийллээ. Уулзалт маань конвенцид нэгдэх чиглэлээр анхны алхам хийж, олон улсын дэмжлэг, хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа. Ардчиллын үлгэр жишээ орон болох бидний хүсэл тэмүүлэлд агуулга нь бүрэн нийцсэн Аархусын конвенцид Монгол Улс нэгдсэнээр иргэдийн оролцооны стандартыг эх орондоо бий болгоно. Авлигыг бууруулах боломж ч бүрдэнэ.

Иргэний нийгэм, төрийн хамтын ажиллагаа өргөжиж, тогтвортой хөгжлийг төлөвшүүлэхэд түлхэц өгнө. Конвенцид нэгдэх ажлыг түргэвчлэх хэрэгтэй. Цаг алдаж болохгүй” хэмээн онцлон тэмдэглэв.
Эх сурвалж
Ерөнхийлөгчийн ХМА
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.