Төрийн ордон нурж том сенсааци дэгдэх вий дээ
2012.01.19

Төрийн ордон нурж том сенсааци дэгдэх вий дээ

Төрийн ордон халдашгүй дархан байна. Энэ бол Төрийн ордны тухай хуулийн 5.1 дэх заалт. Гэтэл халдашгүй байх Төрийн ордон нурах аюулд хүрчихсэн байдаг. 2007 онд нэг нурах шахсан. Шөнийн цагаар таарсан тулдаа дуулиан багатай өнгөрсөн гэдэг. Улаанбаатар хотын газар хөдлөлийн долоон баллын бүст оршдог нэг үгээр, нийслэлд газар хөдлөлтөд хамгийн түрүүнд өртөх энэ ордонд 1951, 1981 онд өргөтгөл хийхдээ хамгаалалтын ямар ч даацын хана хийгээгүй гэдгийг мэргэжлийн байгууллага тодорхойлсон аж. Мөн Төрийн ордон агаар, чийгшил, дулаан нь ариун цэвэр, эрүүл ахуйн жишиг шаардлагыг хангасан байна гэж дээрх хуулийн 10.1 т заасан байна.

 

Гэтэл засвар хийсэн хана шал нь удаа дараа ховхрон унаж, мөөгөнцөр хүртэл үүсч байсныг МХЕГ-ын байцаагчид тогтоон УИХ-ын тамгын газарт албан шаардлага хүртэл хүргүүлж байжээ. Монгол Улсын төр байрлаж буй энэ байшин Мэргэжлийн хяналтын олон удаагийн шалгалтаар муу дүн авч. Засвар хийсэн хана нь нурсан, ордонд чийгшлийн горим алдагдаж мөөгөнцөр хүртэл үүсч байсныг мэргэжлийн хяналтынхан ярьдаг юм билээ. Гэхдээ энэ бүх зүйлийг нийгэмд гаргахыг хорьчихдог. Хориглосон хуулийн заалт байхгүй ч гэлээ зүгээр л нууцалдаг. Төрийн ордон элэгдэлд орж нурах аюулд хүрснийг олон зүйл нотолж байна. Зөвхөн лифт гэхэд л шаардлага хангасан нь ховор. МХЕГ-аас 2011 оны тавдугаар сарын 6, 10-нд цахилгааны инженер Ч.Цэрэнбаатар, хамгаалалтын ажилтан Н.Ууганбат, лифтчин Н.Баярмаа, Төв лабораторийн шинжээч Д.Амгаланбаатарыг байлцуулан Лифт төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн дагуу шалгалт хийжээ. Гэтэл төрийн өндөрлөгүүдэд үйлчилдэг лифт нь стандартын шаарддага хангаагүй аж. Ордны баруун урд талын тусгай хамгаалалтын үйлчилгээнд ашигладаг “Хандок” фирмийн лифтийн cap бүр засвар үйлчилгээний ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй, мөн хонгилын худагт цэвэрлэгээ хийгээгүй, бүхээгний хаалганы тохиргоо алдагдсан зэрэг хэд хэдэн зөрчил илэрснийг тогтоосон байна.

 

Зүүн урд жигүүрт байрлах лифтний чиглүүлэгч зам төмрийн гулгагнийн тохиргоо алдагдаж элэгдсэн, бүхээгний хаалганы доод башмакны тохиргоо мөн алдагдсан гэх зэргээр тоочоод байх юм бол зөрчил маш их. Эдгээр лифт нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн олон зүйл заалтыг ноцтойгоор зөрчсөн байгаа юм. Гэтэл энэ хоёр жигүүрт манай улсын төрийн өндөрлөгүүдийн ажлын өрөө байдаг. Дээрх зөрчлүүдийн талаар МХЕГ-аас Төр, засгийн үйлчилгээ, аж ахунг эрхлэх газарт 2011 оны тавдугаар сарын 12-нд 06/392/51 тоот албан шаардлагыг хүргүүлсэн байгаа юм. Зөвхөн лифт л гэхэд ийм байна. Цаашилбал, өрөөнүүдийн гэрлийн бүрхүүлийг стандартад нийцсэн аргаар тогтоож бэхлээгүй, цутгамал ханын бетон хучилтын насжилт хэтэрсэн гэх зэрэг, нэлээдгүй зөрчлийг МХЕГ-ын барилга техникийн хяналтын улсын байцаагч Н.Оюунчимэг, БМҮХ-ны лабораторийн эрхлэгч Г.Даваадорж, шинжээч-инженер Г.Өлзий-Очир нар тогтоон дүгнэлт гарган хариуцсан газарт нь хүргүүлсэн байна. Мөн тэд Төрийн ордныг эрх бүхий зураг төслийн байгууллагаар инженерийн биет судалгаа хийлгэж арга хэмжээ яаралтай авах нь зуйтэй гэж үзжээ. Эндээс харахад Төрийн ордон урлагийн тоглолт зохион байгуулах нь битгий хэл ханыг  чангахан цохиход шавар нь хуурч, чийдэнгүүд бүрхүүлтэйгээ унаад ирэхээр байгаа. Гэтэл дуучин Д.Болд, Б.Чинбат нар тоглолтоо Төрийн ордны их танхимд хийсэн. Саяхан хүртэл “Хөх толбот хүмүүс” киноны нээлт болсон.

 

Энэ мэтээр нурах дөхсөн энэ барилга дотор урлаг соёлын арга хэмжээ зохиогдох болсон учир МХЕГ-аас Төрийн ордонд урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулахыг хориглох тухай албан бичгийг ордны Их танхимыг хариуцдаг газруудад өгсөн аж. МХЕГ-ын Дэд бүтэц хяналтын газрын дарга Д.Жаргал Төрийн ордны барилгад акт тавьсныг хэлж байв. Мөн Д.Жаргал дарга “Энэ барилга газар хөдлөлт, тэр тусмаа ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон. Гэтэл холбогдох байгууллагууд нь асуудлыг хойш тавьсаар өдийг хүрсэн” хэмээж байв. Төрийн ордон нурах аюулд хүрснийг мэргэжлийн байгууллага тогтоочихлоо. Нэг өдөр ордон нурж, төрийн томчууд дарагдаад дэлхий нийтээр сенсаац болох вий дээ. Ядуудаа ордондоо даруулчихсан гэж хэлүүлэх . онигоо болох байх. Амны бэлэггүй юм бичиж байна гэж битгий бодоорой. Өнөөдрийн нөхцөл үнэхээр ийм л байна. Кувейтүүд манайд Төрийн ордон барьж өгье гэсэн. Бараг л маргааш бариад өгчихье гээд байгаа. Гэтэл С.Оюун, Ц.Мөнх-Оргил гишүүнээс аваад шинэ ордноор яах гээд байгаа юм бэ гэдэг. Зарим нь бараг л үүнийг нурсны дараа ордон барья. Тэр кувейтүүдийн өгөх мөнгийг нь өөр зүйлд зарцуулчихья гэдэг. Тэр бүү хэл энд шинэ ордон бариулахгүй гээд С.Оюун гишүүн барихаар төлөвлөж байсан ордны арын талбайд баахан мод тарьж шоу хийж байсан.

 

Үнэндээ бол урлаг соёлын тоглолтыг тэнд зохион байгуулсан нь гээд дургүйцээд байгаа юм биш. Хамгийн гол нь ордны Их танхим нурах аюултай учраас л тэр. 2007 онд нэг давхрын баруун талд тааз нурж байсан нь Их танхим дахь доргилтоос болсон гэж үздэг аж. Тийм ч учраас УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Шаравдорж ЗГХЭГ-ын даргаЧ.Хүрэлбаатарт бичиг хүргүүлсэн байна. Тэр бичигт ‘Төрийн ордны Их танхимын аюулгүй байдал талаас авч үзвэл түүнд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж болох эсэх, энэ арга хэмжээнд оролцож буй хүмүүсийн амь насанд аюул учрах бодит нөхцөл байдлын талаар эрх бүхий байгууллагаар албан ёсны дүгнэлт гаргуулах нь зүйтэй. Албан ёсны дүгнэлт гараагүй тохиолдолд аливаа нийтийг хамарсан арга хэмжээ явуулах нь аюултай байхад хүний амь насаар дэнчин тавьж зөвшөөрөл өгч байх нь гэмт хэрэг юм. Тийм учраас манайх дүгнэлт гартал зөвшөөрөл өгөх боломжгүйг мэдэгдье”, гэжээ. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын энэхүү 1457 тоот албан бичгийг хараад айдас илүү их төрж байна. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга хүний амь эрсдэж магадгүй гэж үзэж байна.

Төрийн ордны Их танхимын талаар зарим зүйлийг тодруулахаар хариуцсан хүмүүстэй уулзаж тодруулсан юм.

Тоглолт хийхийг хориглосон тушаал гаргассан

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Солонго

-Төрийн ордны Их танхимд яг ямар үйл ажиллагаа зохион байгуулах ёстой вэ. Тоглолт шоу зохион байгуулж байна гэсэн шүүмжлэл байна л даа?

-Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, олон улсын хурал, хэлэлцүүлэг, улсын хэмжээний зөвлөгөөн, УИХ, Засгийн газраас зохион байгуулж буй бүх арга хэмжээг зохион байгуулж болно.

-Төрийн бус байгууллагын хурал, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагддаг шүү дээ?

-Төрийн бус байгууллагууд Засгийн газар.УИХ гээд төрийн байгууллагуудтай хамтарч хийсэн ажил, эсвэл улсын төсвөөс хамаарсан ажлыгТөрийн ордны Их танхимд зохион байгуулж болно.

-Гол нь тоглолтын асуудлыг яриад байна л даа?

-2012 оноос эхлэн ямар нэг тоглолт зохион байгуулахыг хатуу хориглосон бичиг МХЕГ-аас ирсэн. Бүр акт тогтоочихсон. Өмнө нь аль нэг газраас зөвшөөрөл аваад арга хэмжээ зохион байгуулдаг байсан. Гэхдээ төлбөр мөнгийг нь авдаг байх.

-Тоглолт зохион байгуулж болно гэсэн заалт Төрийн ордны тухай хуульд байдаг?

-Зөвшөрөлтэй бол болно гэж байсан. Гэхдээ тоглолт зохион байгуулах нь барилгад яаж нөлөөлөх талаар ажлын хэсэг хэмжилт хийдэг. Доргилтын хэмжилт гэсэн үг. Харин одоо тоглолт хийхийг хориглосон тушаал гаргасан.

-Төлбөр мөнгө нь хэд байдаг вэ?

-Түүнийг Төр, засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын дарга Б.Лосол мэдэж байгаа.

Тоглолт хийхийг хориглосон тушаал гараагүй

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж

-Төрийн ордон нурах аюулд хүрчихсэн байхад янз бүрийн тоглолт хийх зөвшөөрөл танайхаас өгч байна гэх юм. Энэ хэр ортой вэ?

-Нурах аюулд хүрсэн гэдгийг нь мэргэжлийн байгууллага тодорхойлсон. Тэгээд Төрийн ордон бол хэн дуртай хүний орж ирээд дуулдаг тайз биш. Барилгад стандартын шаардлага хангаагүй олон зөрчил байгаа. Манайх тоглолт хийх зөвшөөрөл өгдөгийн эсрэг хатуу байр суурьтай байгаа.

-ЗГХЭГ, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар хоёрт танайхаас бичиг өгсөн гэсэн?

-Өгсөн. Барилга хүний амь насанд аюул учруулахгүй гэдгийг мэргэжлийн байгууллагаар тогтоосны дараа манайх ордны Их танхимд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгоно гэсэн бичиг өгсөн. Хэн дуртай гишүүн Төрийн ордонд сонгогчдоо авчирч янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг болсон.

-Тоглолт хийлгэхгүй гэсэн тушаал гэж Ш.Солонго дарга хэлсэн. Хэдийд шйм тушаал гарсан бэ?

-Тоглолт хийхийг хориглосон тушаал гаргаагүй. Их танхим доргилтод тэсвэрлэхгүй гэдгийг мэргэжлийн байгууллага тогтоосон. Харин азаар гэх юм уу саяхан болсон хоёр тоглолтын үед ямар нэгэн нуралт гарсангүй. Байдал ийм байхад манай гишүүд Их танхимд тоглолт хийх зөвшөөрөл өг гэж шахдаг.

-Хэрвээ тоглолт зохион байгуулж байхад нуралт гарвал хэн хариуцлага хүлээх бол?

-Зөвшөөрөл өгсөн газар хүлээнэ. Хүсэлт гаргасан Д.Болд, Б.Чинбат, тэднийг зуучилсан гишүүн, албан тушаалтан хариуцахгүй л байхгүй юу.

-Тэгэхээр та хариуцлагаас зугтаж зөвшөөрөл өгөхгүй гэсэн юм байна тийм үү?

-Яг ч тэгж байгаа зүйл биш. Хүний амь насанд бодит хохирол учруулахаар зүйлд нухацтай хандах ёстой. Би хуульч хүн тэрийгээ мэднэ.

Ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт бий

Төр, засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын дарга Б.Лосол

-Төрийн ордны Их танхим нурах аюулд хүрсэн гэсэн үнэн үү?

-Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан. Төрийн ордон ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт бий.

-Гэтэл янз бурийн тоглолт, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулаад байдаг?

-Тоглолтын хувьд дахин зохион байгуулахгүй байх. УИХ, Засгийн газрын хамааралтай олон нийтийн үйл ажиллагааг бол зохион байгуулж л байгаа.

-Ордны зарнм лифт ашиглалтын дүрэм зөрчсөн гэсэн дүгнэлт байна билээ. Зассан уу?

-Аль нь юм бол. Би сайн мэдэхгүй байна. Түүнийг хариуцсан өөр тусдаа хүмүүс бий.

Албаны хүмүүс ингэж ярьж байна. Гэвч энэ гурван эх сурвалжийн яриа хоорондоо зөрж байгааг уншигч та анзаарсан байх. Нэг нь тоглолт хийхийг хориглосон тушаал гаргасан, нөгөө нь гаргаагүй. МХЕГ-аас ордны лифтнүүд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан байхад Төр, засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газрын дарга Б.Лосол “мэдэхгүй” гэж хариулах юм. Ордон нурах аюулд хүрсэн. Үүнийг тэнд ажиллаж байгаа хүн бур мэдэж байгаа. Харин улс төр хийх гэсэн нөхөд шинээр ордон барихыг эсэргүүцэж байгаа. Ордон ийм байдшвд хүрснийг иргэд тэр бүр мэдэхгүй. Гэтэл гаднаасаа хүртэл хагарч цуурсан ханаа нөхөөс хийж амь аргацааж өдийг хүргэсэн.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.