
Хүнд ээлтэй төлөвлөлтийг маш бага зардлаар хэрхэн шийдэх нь архитекторчдын мэргэжлийн ур чадварын үзүүлэлт болдог
20 минутын хот Үндэсний хороо, Хот төлөвлөлт барилга орон сууцжуулалтын яам, Мэгүүн медиатай хамтран зохион байгуулж буй “Зөөлөн хот” фестивальд оролцохоор ирсэн тус номын зохиогч, Швед улсын архитектор Дэвид Симийг 20 минутын хот Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ц.Оюундарь, Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргын зөвлөх Б.Батболд тэргүүтэй ажлын албаны алба хаагчид болон 20 минутын хот хөгжлийн төвийн архитектор, хот төлөвлөгч мэргэжилтнүүд хүлээн авч уулзлаа.
Хот төлөвлөлтийг иргэнд ээлтэй, амьдрах орчныг сайжруулсан илүү зөөлөн болгон төлөвлөх талаар Дэвид Сим өөрийн туршлагыг хуваалцаж, Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдэд хүнд ээлтэй хотын концепцыг хэрхэн тусгах талаар санал бодлоо солилцож, шийдлийн талаар харилцан ярилцлаа.
Хотын том төслүүдийг мега том төсвөөр хийж болох ч түүнээс хэдэн зуу дахин бага зардлаар хүнд ээлтэй маш олон зүйлийг хийж болдог гэдгийг тэрээр бодит жишээн дээр үндэслэн үзүүлж, ийм шийдэл олж чадах нь архитектор, хот төлөвлөгч мэргэжилтнүүдийн ур чадварыг харуулдаг гэдгийг Дэвид Сим онцоллоо.
Дэлхий даяар хотын нягтрал улам нэмэгдэж, орон сууцны төлөвлөлтөөс үүдэлтэй иргэний орон зай хумигдаж буй энэ үед хувийн орон зай болон нийтийн эрх ашиг, зорчих хөдөлгөөний оновчтой төлөвлөлтийг хэрхэн хослуулах талаар шийдэл дэвшүүлсэн “Зөөлөн хот” номыг тэрбээр бичсэн юм. Номыг Монгол хэлнээ Бүс нутаг төлөвлөгч, 20 минутын хот Үндэсний хорооны Шийдвэрийн биелэлт хариуцсан шинжээч П.Мөнгөнчимэг орчуулж, энэ сарын 19-нд СТӨ-нд номын нэрээр нэрлэгдсэн фестивалыг 20 минутын хот Үндэсний хороо холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах гэж байна. Тус фестивальд хүндэт зочин Дэвид Сим өөрийн хот төлөвлөлтийн туршлага дээр үндэслэсэн Зөөлөн хот мастер класс лекцээ толилуулах юм.