2025.06.20
Б.Уянга: Стандарттай холбоотой гишүүдэд тараагдсан 10 хүрэхгүй хуудастай мэдээлэлд буй тоонуудаа жигдлээд орж ирэх хэрэгтэй
УИХ-ын чуулганы /2025.06.20/-ны өдрийн хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
Сая асуулт хариултуудыг ажиглаад сууж байхад заавал асуух ёстой зүйл байгаад байна. Шадар сайд хариулах байх. Стандартыг тоогоор нь хараад үзэхээр маш олон байгаад байна. Яг хэрэгжилтийг нь хараад байхаар хангалттай биш ч юм шиг. Стандартууд нь олон байх ёстой юм уу, чанартай байх ёстой юм уу, хэрэгжилтийг нь сайн хангуулдаг механизм нь дутуу байгаад байдаг юм уу? Үүн дээр тооны араас бүгдээрээ явах ёстой юу, эсвэл чанарын араас явах ёстой юм уу. Хэрэгжилт дээр нь яг яаж анхаарах ёстой вэ. Үүн дээр Шадар сайд өөрийнхөө бодлыг гишүүдтэй хуваалцвал их сайн байна. Үүнийг яагаад асууж байгаа юм бэ гэхээрээ гишүүдэд тараагдсан бичиг баримттай танилцахад энэ хуулийн төслөөр стандартын хэрэгжилтэд анхаарна. зөвхөн төрөөс анхаарахгүй.
Төрөөс анхаарахаас гадна хяналт тавих иргэн, үйлдвэрлэгч, нийлүүлэгч байна, бүх талын оролцоог хангана гэж биччихсэн байгаа юм. Яг яаж хангах вэ. Нэг тодорхой жишээн дээр тайлбарлаж өгнө үү. 2022 онд энд бас танилцуулгад дурдсанаар 159 стандартыг хүчингүй болгох, 1067 стандартыг олон улс бүс нутгийн жишигт нийцүүлэн шинэчлэх шаардлагатай гээд мэдээлэл өгчихсөн байгаа. Гэтэл өнөөдөр 204-ийг нь буюу 20 хүрэхгүй хувийг нь л шинэчлэн баталсан гэсэн мэдээлэл гишүүдэд тараагдсан байна. Тэгэхээр ер нь энэ ажлыг яг хэн хийх ёстой юм?