2025.04.10

Б.Жаргалан: Хуулийн салбарт бүх зүйл сайхан байгаа мэт нэг нэгнээ хөөргөж, гоё ганган үгээр иргэдээ хуурч болохгүй

УИХ-ын чуулганы /2025.04.10/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд Банзрагчийн Жаргалсайханыг томилох асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

Өнгөрсөн 7 хоногт АТГ-ын даргыг улираан томилсон. Өнөөдөр УЕП-ыг мөн улираан томилох асуудал орж ирж байна. Тус бүр 6 жилийн бүрэн эрхтэй томилогддог албан тушаал. Хуулийн дагуу АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгосон. УЕП-ыг Ерөнхийлөгч санал болгож байна. Тэгээд дор бүрнээ маш олон жил энэ удирдах албан тушаалд ажилласан. Энэ хоёр эрхмийг хоёуланг нь улираая гээд оруулаад ирж байна. Манай хуулийн салбар маш сайн ажиллаж байна, ямар ч асуудал байхгүй юм байна гэсэн дохиог өгөхөөр байна.Гэтэл өнгөрсөн хугацаанд авлига огт буураагүй, томоохон хэргүүд огт шийдэгдэхгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, шүүн таслах болон ял эдлүүлэх үйл ажиллагаанд хүний эрхийн зөрчил маш их гарсаар байна. Улс төрийн хэрэг тохох замаар өрсөлдөгчдөө намнадаг, сонгууль дөхсөн үед гэнэт том том мэдэгдэл хийдэг, баривчилгаа явуулдаг уламжлал тогтсон.

НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны дүгнэлтэд Монгол улсад эрүүдэн шүүх явдал байсаар байгааг удаа дараалан цохон тэмдэглэсэн байдаг. Энд нэг асуудал хөндөхийг хүсэж байна. Хуульд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах хугацааг хэт уртаар тогтоосон нь орчин цагийн хэлмэгдүүлэлт үүсэх, мөрдөх, яллах, байгууллагын дур зоргоор аашлах нөхцөлийг бий болгож байна гэж үзэж байгаа. Хөөн хэлэлцэх хугацааг 5 жилээр тогтоосон хэргийн тухайд хэрэг бүртгэх хугацаа 5 жил, мөрдөн байцаах хугацаа 10 жил, шүүхээр шийдэгдэх хугацаа 2 жил гээд тухайн гэмт хэргийг шийдвэрлэх хуулийн хугацаа даруй 20 гаруй жил болчхож байгаа юм. Энэ бол хүний шударгаар шүүлгэх эрхэд ноцтой халдсан, эрүүгийн журмаар хүнийг залхаан цээрлүүлэх, дуугүй байлгах ийм хэм хэмжээ болчхоод байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тогтоож, яллагдагчаар татсан атлаа мөрдөн байцаалт нэрээр дахин 10 жил шалгана гэдэг хүнийг залхаан цээрлүүлж, эрүүдэн шүүж байгаа хэрэг мөн биз дээ. Олон жил шалгагдаж байгаа энэ хугацаанд хилийн хориг гэх мэт тодорхой таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эрх нь зөрчигдөж байгаа маш олон хүн бий.

Тэгэхээр бүх зүйл сайхан байна гэж нэг нэгнээ хөөргөөд, гоё ганган үгээр иргэдээ бас хуурч боломгүй байна. Энэ бол зөвхөн хувь хүнтэй, тодорхой албан тушаалтантай холбоотой асуудал биш. Тиймээс аль асуудлыг байгууллагын удирдлагын түвшинд шийдэх юм, аль асуудлыг хууль эрх зүйн шинэ шинэчлэлийн хүрээнд шийдэх юм. Ямар ч байсан энэ парламент бүрэн эрхийнхээ хугацаанд хуулийн засаглалыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөний зөрчлүүдийг арилгах тал дээр маш зоригтой, дорвитой, шинэ шинэчлэл хийх эр зоригтой байгаа байх. Ийм итгэл үнэмшилтэй байх ёстой гэж харж байгаа. Тэгэхээр энэ чиглэлд дорвитой шинэчлэл хийхийн төлөө, ингэж хамтарч ажиллах итгэл үнэмшил танд байна уу.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn