2025.04.10

Л.Энх-Амгалан: Шударга ёсны өлсгөлөн нь ходоодны өлсгөлөнтэй харьцуулшгүй харгис байдаг

УИХ-ын чуулганы /2025.04.10/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд Банзрагчийн Жаргалсайханыг томилох асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Улиран сонгогдож буй Б.Жаргалсайхан прокурортоо амжилт хүсье. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн засагладаггүй, хууль засагладаг төрийг бий болгоно. Баялагтаа эзэн монгол гэсэн хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий сайдын эхлүүлсэн 5Ш үйл ажиллагааг үр дүнд хүрсэн гэж харж байгаа. Үүнд АТГ, ПЕГ-ын удирдлагуудын гүйцэтгэсэн үүрэг нэлээдгүй байсан гэж хэлэхийг хүсч байна. Учир нь тоо худал ярьдаггүй. Надад АТГ, ПЕГ-аас зарласан тоо байна. 2019 оныг 2023 онтой харьцуулахад мөрдөн шалгах ажлын хүрээнд шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээ 2 дахин өссөн, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн хэмжээ 2,8 дахин өссөн, 2019 онд шүүхээр шийдвэрлэх хэрэг 68 байсан бол 2023 онд 192 болсон. Шүүх рүү шилжүүлсэн хэрэг 2019 онд 156 байсан бол өнөөдөр 325 болжээ. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаанд дэвшил гарсныг ард иргэд маань ойлгож мэдрэх болов уу гэж бодож байна. Хохирлын нөхөн төлөлтийн хувьд 2007-2020 он буюу 13 жилийн дотор 95,5 тэрбум төгрөг нөхөн төлүүлсэн бол 2021 онд 96,2 тэрбум, 2022 онд 2,3 их наяд, 2023 онд 238 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний авлигал, албан тушаалын гэмт хэргээс учирсан хохирлыг монголын төр төлүүлсэн байна. Үүнийг том амжилт гэж ойлгож байна. Ард иргэдэд шударга ёсны хүсэмжлэл их бий. Ард иргэдийн цөөн хэсэг нь хуулийн дээр, олонх нь доор амьдардаг нийгэмд баймааргүй байна. Шударга ёсны өлсгөлөн нь ходоодны өлсгөлөнгөөс илүү харгис өлсгөлөн байдаг юм. Танд шударга ёсны төлөө хийсэн ажлаа үргэлжлүүлэх боломж нээгдэж байна. Эрх зүйн хувьд тодорхой шинэчэл хийх нь зайлшгүй.

Би ГБХНХ-ын сайд болоод тантай уулзаж НДС дээр үүссэн өр авлагатай холбоотой асуудлаар санал солилцсон. Надад тодорхой шийдлүүд гаргаж өгсөнд тань талархал илэрхийлье. Үүний үр дүнд өнгөрсөн 3 сарын хугацаанд 22,3 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдсан. Энэ бол үр дүн. Тийм учраас өнгөрсөн 7 хоногт томилогдсон АТГ-ын дарга Дашдаваа, Ерөнхий Прокурор тантай хамтарч өнөөдрийн Чингис хаан, Капитал банк дээр үүссэн 156 орчим тэрбум төгрөгний өр төлбөрийг барагдуулж иргэдийг хохиролгүй болгох зайлшгүй шаардлага байна. Үүнд хууль хяналтын байгууллага, прокурорын байгууллагын үүрэг оролцоо маш их. Яагаад үнийг хэлж байна гэхээр АТГ-аас зарласан банкуудтай холбоотой үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгүүдийн эзэд нь шүүхийн явцад солигдсон. Зарим нь нуугдмал хөрөнгө болсон. Энэ мэдээллийг танд өгч байна. Та үүрэг даалгавар өгч манай 2 байгууллага хамтарч ажиллаж байгаад талархаж байна. Цаашид АТГ, ПЕГ манай байгууллага хамтарч Чингис хаан, Капитал банкуудын асуудал дээр таныг манлайлан ажиллана гэдэгт итгэж байна.