2025.04.10

О.Батнайрамдал: Гадаадад суралцагсдын эргэн төлөх ёстой 340 тэрбум төгрөгөөр 2000 хүүхэд сураад ирэх боломжтой

УИХ-ын чуулганы /2025.04.10/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд Банзрагчийн Жаргалсайханыг томилох асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

Бүлгийн хуралдаан дээр энэ асуултыг тавьсан ч өнөөдрийн чуулганаар олон нийт, хүүхдүүд тэдний эцэг эхчүүд хариулт хүлээж байгаа учраас дахин асууя. Боловсролын зээлийн сантай холбоотой асуудал. Энэ сан нь Монгол Улсын 24 тусгай сангийн нэгдэл явж ирсэн. Нийт 1,4 их наяд төгрөгийн хэмжээний татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжсэн. 1,3 сая суралцагчдад хүрсэн. Гэвч өнөөдрийг хүртэл асуудал дагуулаад буй нэг хэсэг бол гадаадад суралцагсдад олгосон зээл юм. Сүүлийн 30 жилийн хугацаанд 160 тэрбум төгрөгийг 3700 суралцагчид олгосон. Эргэн төлөлтийн хувьд гадаадад суралцсан, дотоодод суралцагсдын үзүүлэлт өдөр шөнө шиг ялгаатай. Дотоодод суралцагсдын зээлийн эргэн төлөлт 98 хувьтай. Маш сайн. Учир нь тэд зээлээ төлөхгүй бол Монголбанкны саарал жагсаалтад ордог. 10 жил орсоор ирсэн. Гэтэл гадаадад суралцагсдын зээлийн эргэн төлөлт дөнгөж 4-хөн хувьтай. Энэ асуудлыг гаргаж ирээд Прокуророос мөрдөх ажиллагаа явуулаад 1600 хүнээс мэдүүлэг авсан гэх мэдээллийг байгууллагын вэбсайтаас авсан. Үүний үр дүнд 14 тэрбум төгрөг л эргэн төлөгдсөн. Дахиад 340 орчим тэрбум татвар төлөгчдийн мөнгө зээл хэлбэрээр олгогдоод хуулийн хугацаандаа эргэн төлөгдөх ёстой. Энэ эргэн төлөлт хийгдэх юм бол дахиад 2000 гаруй суралцагчид гадаадад сурах маш том боломж. Төсөөлөөд үзвэл 2000 хүүхдийг гадаад суралцуулаад ирэхэд Монгол Улсын ирээдүй хэрхэн өөрчлөгдөж болох вэ гэж. Бидний өнөөдөр тулгамдаж байгаа асуудлуудын шийдэл нь тэр суралцаад ирэх хүүхдүүд шүү дээ. Энэ тал дээр ПЕГ, АТГ, ЦЕГ хамтраад ажлын хэмэг гараад 1600 хүнээс гэрчийн мэдүүлэг авсан өргөн хэмжээний мөрдөх үйл ажиллагаа явж байгаа гэж ойлгож байна. Энэ үйл явцын талаар шинэ мэдээлэл өгөөч ээ. Татвар төлөгчийн зээлийн эргэн төлөлт хийгдэнэ гэж хүлээж болох уу?