НҮБ-аас хүний эрх, ногоон санхүүжилт, боловсрол, залуучуудын хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ
2025.04.09

НҮБ-аас хүний эрх, ногоон санхүүжилт, боловсрол, залуучуудын хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ

Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны  (2025.04.08)-ны өдрийн хуралдаан 15 цаг 25 минутад гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр эхэлж, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, түүнийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2015 оны 70 дугаар чуулганаар “Тогтвортой хөгжлийн зорилго 2030 хөтөлбөр”-ийг НҮБ-ын 193 гишүүн орны шийдвэрээр тунхаглан баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, тэгш бус байдлыг халж, байгаль орчноо хамгаалж, хүний тайван, амгалан амьдрах эрхийг хангах зэрэг олон улсын хөгжлийн талаарх асуудлыг шийдвэрлэхээр дэвшүүлсэн дэлхий нийтийн зорилго болгосон Тогтвортой хөгжлийн 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлтүүдийг баталсан байдаг. Олон улсын хэмжээнд Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт 2023 онд 15 хувьтай байсан бол 2024 онд 2 нэгж хувиар өсөж, 17 хувьд хүрч эрчимжиж байна хэмээн Л.Гантөмөр сайд танилцуулав.

Монгол Улсад 2024 оны байдлаар хүний хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх, эрүүл мэндийг дэмжих, баталгаат ундны ус ариун цэврийн байгууламжаар хангах, чанартай боловсролыг дэмжих зэрэг зорилтуудын хэрэгжилт эрчимжиж 36.8 хувь буюу хангалттай гэсэн үнэлгээтэй байгаа аж. Монгол Улс нь тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх амлалт өгсөн анхдагч орнуудын нэг болохын хувьд түүнийг нутагшуулах чиглэлээр төрийн нэгдмэл бодлого зохицуулалттай байх, олон нийтийн оролцоог хангасан цогц байх зарчмыг баримтлан хүчин чармайлт гарган ажиллаж байгаа гэлээ. Түүнчлэн Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасан зарчим, шаардлагын дагуу Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн төслийг Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж, бүс нутаг, салбар хоорондын уялдааг ханган боловсруулалт хийж байгаа хэмээн Л.Гантөмөр сайд танилцуулав. Тэдгээрээс зарим арга хэмжээг тодотгон, дэлгэрэнгүй танилцуулсан.

Тогтвортой хөгжлийн зорилгыг олон нийтэд сурталчлан таниулах, сайн туршлага, шинэлэг санаачилга, хөгжлийн шийдлийг түгээн дэлгэрүүлж, урамшуулах, 17 зорилгын хэрэгжилтэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улс дахь НҮБ болон холбогдох талуудтай хамтран Тогтвортой хөгжлийн зорилго дээд түвшний чуулга уулзалт, Тогтвортой хөгжлийн зорилго нээлттэй өдөрлөг, Тогтвортой хөгжлийн зорилгуудын үндэсний зөвлөлдөх уулзалт, Залуучуудын зөвлөлдөх уулзалт, Глобал цахим хэлэлцүүлэг, Дижитал хамтын ажиллагааны яриа хэлэлцээр, Тогтвортой хөгжилд шинжлэх ухаан, технологи, инновацыг ашиглах асуудлаарх зөвлөлдөх уулзалт, Тогтвортой хөгжлийн зорилго үндэсний хэлэлцүүлэг зэрэг чуулга уулзалтуудыг жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн байна.

НҮБ-ын гишүүн улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилгыг үндэсний хөгжлийн бодлого, хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэхэд гарсан ахиц дэвшил, сургамж бэрхшээлээ үндэсний сайн дурын илтгэлдээ тусган бэлтгэж, тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр танилцуулдаг. Эдийн засаг, хөгжлийн яамнаас Үндэсний сайн дурын II илтгэлийг 2023 онд боловсруулж, тус өндөр түвшний уулзалтад танилцуулсан байна. Үндэсний сайн дурын илтгэлдээ манай улсын хөгжлийн тулгамдсан бүс орон нутгийн хөгжлийн асуудлыг сонгон авч, тулгамдсан асуудлын шалтгаан, үр дагаварт цогцоор системийн шинжилгээний аргыг ашиглан шинжилж шийдвэрлэх шаардлагатай зангилаа асуудлыг тодорхойлсон аж. Энэхүү II илтгэл дата өгөгдөлд суурилсан үнэлгээнд тулгуурласнаараа онцлог байсныг Эдийн засаг, хөгжлийн сайд дурдаад “Энэ утгаараа тус илтгэлээс гарсан дүгнэлт, зөвлөмжийг ажил хэрэг болгохоор зорин ажиллаж байна” хэмээсэн.

Үндэсний сайн дурын II илтгэлээс гарсан дүгнэлт, зөвлөмжид үндэслэн Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх үндэсний үүрэг амлалтаа тодорхойлж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх дээд түвшний уулзалтад танилцуулсан байна. Энэ хүрээнд тэргүүлэх 12 чиглэлийг тодорхойлжээ. Тухайлбал, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, зах зээлийн эрэлтэд нийцсэн ажиллах хүчин бэлтгэх; Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, тэгш, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх; Инновац, шинжлэх ухаан, технологид суурилсан дижитал шилжилтийг бүрэн хийх хэмээн тодорхойлжээ. Мөн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх замаар эрчим хүчний тогтвортой найдвартай байдлыг хангах; Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, аюул, гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх; Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах; Нэмүү өртөг шингэсэн тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлт хүртээмжтэй ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдэл ядуурлын бууруулахаар тодорхойлсон байна. Түүнчлэн жендэрийн эрх тэгш байдлыг хангах; Үр дүнтэй засаглал бодлогын уялдаа холбоог сайжруулах; Бүс орон нутгийн хөгжлийг дэмжих; Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг уртасгахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэмээн тодорхойлжээ.

Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд НҮБ-тай хамтран "Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027" баримт бичгийг батлан хэрэгжүүлж байгааг Л.Гантөмөр сайд танилцууллаа. Энэхүү баримт бичгийн хэрэгжилтийг хангах, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааг хэлэлцэх үүрэгтэй хамтарсан Удирдах хороог байгуулах юм байна. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эдийн засаг, хөгжлийн яам болон Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, НҮБ-ын Суурин төлөөлөгч нар хамтран даргалж байгаа гэлээ. Хамтарсан хорооны 2025 оны ээлжит хурлаар НҮБ-аас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний тэргүүлэх чиглэлийг тодорхойлно гэв. Хүний эрх, жендэрийн тэгш байдал, ногоон санхүүжилт, боловсрол, залуучуудын хөгжлийн чиглэлд хамтран ажиллахаар шийдвэрлэжээ.

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газраас ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж, батлуулсан. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бүсчилсэн хөгжлийн бодлого, хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн бодлогын тэргүүлэх 4 чиглэлийг Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх 12 тэргүүлэх чиглэлтэй уялдуулан боловсруулахад Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс хүчин чармайлт гарган ажилласан гэв. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар ахиулах, ядуурлын түвшнийг 2 дахин бууруулах, эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах, 1 хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэхээр зорьж ажиллаж байгаа гэлээ.

Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд тус баримт бичгийг Тогтвортой хөгжлийн зорилгын гол тулгуур “Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмыг баримтална гэлээ. Хүн төвтэй хөгжлийн үзэл санаанд нийцүүлэн Тогтвортой хөгжлийн зорилгуудыг эрчимжүүлэх 12 тэргүүлэх чиглэлтэй уялдуулах юм байна. Бизнесийн орчны реформ ба чөлөөт эдийн засгийг цогцлоох зорилгыг дэвшүүлж өрхийн орлогыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, шинжлэх ухаан, инновац, хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологид суурилсан мэдлэгийн эдийн засгийг дэмжих, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд түлхүү анхаарч байгаа гэв. Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулж байгааг дурдсан.

Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, түүнийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, О.Батнайрамдал, Б.Мөнхсоёл нар асуулт асууж, дээрх сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийллээ.

Сэргээгдэх эрчим хүчний нөөцийг нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад үр дүнтэй ашиглах бодлогын талаарх гишүүний асуултад Л.Гантөмөр сайд хариулахдаа “Сэргээгдэх эрчим хүчийг хуримтлуулах асуудал нэн тулгамдсан асуудал бөгөөд өнгөрсөн жил эл асуудлыг шийдвэрлэсэн. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц удахгүй ашиглалтад орно. Дараа нь Эгийн голын цахилгаан станцыг оруулахаар судалгаа хийж байгаа” гэлээ. Түүнчлэн шинжлэх ухааны хөгжлийг дэмжих бодлогоо төсвийн бодлогоороо дэмжихтэй холбоотой Засгийн газрын байр суурийг тайлбарласан. О.Батнайрамдал гишүүн, ирээдүйн төлөвлөгөө, хөгжлийн бодлогын талаар ярихдаа хиймэл оюуныг тооцох шаардлагатай бөгөөд Монгол Улсын Засгийн газар энэ чиглэлд баримтлах бодлогоо яаралтай тодорхойлох шаардлагатай гэлээ. Хүний нөөц, хиймэл оюуны шилжилт болон ногоон хөгжлийн шилжилтийн бодлогыг батлахаар төлөвлөж байгаа талаар Эдийн засаг, хөгжлийн сайд мэдээлэл өгсөн. Б.Мөнхсоёл гишүүн, Үндэсний сайн дурын II илтгэлийн зөвлөмжид тусгасан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний шалгуур үзүүлэлт, тэдгээрийн зорилтот түвшнийг албан ёсоор баталгаажуулаагүй байгааг баталгаажуулах ёстой” гэсэн зөвлөмж хэрэгжсэн эсэхийг тодруулав. Нөхцөл байдлын дүн шинжилгээ хийгээд 146 шалгуур үзүүлэлт нэг бүрийг үндэсний бодлогын бичиг баримтад хэрхэн, яаж суулгах вэ гэдэг чиглэлээр НҮБ-ын харьяа байгууллагууд болон Суурин зохицуулагчийн газартай хамтран Монгол Улсын дунд хугацааны бодлогын баримт бичиг болох 10 жил, 5 жил, 4 жилийн бодлогын баримт бичгүүдэд шалгуур үзүүлэлт хэлбэрээр тусгаж албан ёсоор баталгаажихаар байгаа гэдэг хариултыг ажлын хэсгээс өгсөн юм.
Тогтвортой хөгжлийн зорилгууд болон “Алсын хараа 2050” баримт бичгүүдийн уялдааг нягтлаад, хяналт шинжилгээ үнэлгээний шалгуур үзүүлэлтийг бүхэлд нь сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа Б.Мөнхсоёл гишүүн хэллээ.

Ийнхүү Дэд хорооны хуралдаанаар Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, түүнийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонссон юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.