
Ж.Золжаргал: Польшийн ЭЗ-ийн хөгжлийн нууц нь татварын бүсчилсэн хөнгөлөлт
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн Польш улс дахь айлчлалын бүрэлдэхүүнд ажиллаад ирсэн. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан Польш улсын эдийн засгийн хөгжилтэй холбоотой үзэж судалснаа хуваалцсаныг хүргэж байна.
Ж.Золжаргал " Поьш өөрийн чөлөөт нийгэмд шилжсэнээс хойш 64 тэрбумаас 880 тэрбум $ болж өсчээ (манайх 25 тэрбум орчим $ байгаа). Үйлдвэрлэл, экспорт өссөн гол шалтгаан нь “эдийн засгийн тусгай бүс” аж. Польш улс тэр чигээрээ “тусгай бүс” буюу татварын хөнгөлөлттэй. Улс даяар газар нутгаа хувааж 14 тусгай бүс зарласан, тэдгээр нь тус бүрдээ татварын хөнгөлөлтөөр өөр. “Эдийн засгийн бүс” гэдэг нь хашаан доторх талбай биш.
Жишээлбэл бидний очсон “Катовицийн эдийн засгийн тусгай бүс”-д бүртгүүлсэн польшийн баруун өмнөд нутагт орших бүх компаниуд оруулсан хөрөнгийнхөө 40, 50, 60%-тай тэнцэх орлогын татварыг 14 хүртэл жилд хуваан хөнгөлөлт үзүүлдэг. Ингэхдээ татвар авчихаад буцааж өгөх биш ерөөсөө авдаггүй буюу хөнгөлсөн дүнгээр л авдаг.
Катовицийн эдийн засгийн тусгай бүсийн захирагчтай уулзаж ярилцав. Энэ бүсийн онцлог нь аж үйлдвэржилт бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 60% нь машин үйлдвэрлэл. Нийт 12 тэрбум долларын хөрөнгө оруулсан 600 гаруй компани байна. Ихэнх нь экспортлогч. Одоо Европын 6 дахь том эдийн засаг болсон учраас гэрээт хугацаа дууссан зарим хөнгөлөлтөө сааруулж байгаа аж. Польшийн эдийн засгийн хөгжлийн нууц энэ ажээ. Хуулиуд, журмуудын хуулбарыг авч судлахаар болов.