Д.Бум-Очир: Дэлхийн эрдэмтдийн Монголын талаарх судалгааны үр дүнг бид бодлого, үйл ажиллагаандаа тусгах талаар анхаарах хэрэгтэй
2025.03.21

Д.Бум-Очир: Дэлхийн эрдэмтдийн Монголын талаарх судалгааны үр дүнг бид бодлого, үйл ажиллагаандаа тусгах талаар анхаарах хэрэгтэй

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Энэ үеэр Оксфордын их сургуультай судалгааны чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Үүнтэй холбогдуулан айлчлалын бүрэлдэхүүнд багтан ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир байр сууриа илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир:

-Монгол судлал гэхээр бид зөвхөн түүх соёл, хэл, утга зохиолын судалгааны асуудал мэтээр ойлгодог. Монголын талаар судалж байгаа шинжлэх ухааны салбар бүхэн монгол судлал хэмээн ойлгох хэрэгтэй. Монгол судлалын эрдэмтэд чуулж буй долоо дахь удаагийн энэ хурал 14 жилийн өмнөөс “Цөлийн хурал” нэртэйгээр жилд хоёр удаа болдог юм. Миний бие эдгээр хурлын зохион байгуулалтад оролцож, хэдэнтээ илтгэл хэлэлцүүлж байсан. Харин энэ жилийн хурал олон улсад нэгдүгээрт эрэмбэлэгддэг, нэр хүнд бүхий Оксфордын их сургуулийн Газар зүй, байгаль орчны сургууль дээр зохион байгуулагдаж байгаа нь онцлог юм. Өөрөөр хэлбэл, монгол судлал улам өргөжиж байгаагийн илрэл. Өнөөдрийн хурлаар монголч эрдэмтэд, судлаачид маань Монголын газар зүйн тухай, тэр дундаа газар хөдлөлтийн талаар хэлэлцлээ. Мөн Монголын нэн ховор амьтанд тооцогддог бөхөнг халдварт өвчнөөс хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх судалгааны талаар ярилцлаа. Ер нь дэлхийн эрдэмтдийн Монголын талаарх судалгааны үр дүнг бид бодлого, үйл ажиллагаандаа тусгах талаар анхаарах хэрэгтэй юм.