Р.Сэддорж: Хоёр улсын парламентын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна
2025.03.24

Р.Сэддорж: Хоёр улсын парламентын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал (2025.03.18-23) хийж байгаа билээ.

Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Их Хуралд суудалтай таван намын төлөөлөл багтан ажиллаж буй. Тэдний төлөөлөл болох Улсын Их Хурлын гишүүдээс айлчлалын үр дүн, ач холбогдлыг хэрхэн дүгнэж буй талаарх байр суурийг сонирхлоо.

-УИХ-ын даргаар ахлуулсан албан ёсны айлчлал өндөрлөх гэж байна. Айлчлалын үр дүн юу байв?

-Өнө эртний түүхтэй Британи улс бол хаант засаглалтай орон. Дэлхийн том гүрэнд Монгол Улсын Их Хурлын дарга өндөр, дээд хэмжээний айлчлал хийж байгаа нь туйлын, чухал ач холбогдолтой юм. Хоёр улсын парламентын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна. Хоёр улсын парламентын хамтын ажиллагаагаар дамжаад манай улсын гадаад нэр хүнд өсөх өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын шинжлэх ухааны салбарт ахиц болохуйц, боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх буюу чансаагаараа дэлхийн эхний 10-т эрэмбэлэгддэг топ хоёр их сургуулиудад зочилж, орчин үеийн судалгааны төвүүд, монголч эрдэмтэдтэй уулзсан нь туйлын ач холбогдолтой.

Түүнчлэн манай улсаас судалгаа хийж байгаа цөөхөн боловч эрдэмтэд, оюутнуудтай уулзлаа. Мөн Оксфордын их сургуулийн Газар зүй, байгаль орчны сургуулиас 7 дахь удаагаа зохион байгуулж буй “Говь цөлөрхөг нутагт амьдарч буй улс орнуудын иргэдийн ахуй амьдралыг судалдаг судлаачдын олон улсын бага хурал”-д оролцсон монгол судлаачидтай уулзаж, тэдний судалгааны ажилтай танилцсан. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг тус улсад айлчлах үеэр энэхүү олон улсын бага хурлыг зохион байгуулсан нь онцлог байлаа. Эцэст нь хэлэхэд, айлчлалын хүрээнд Монгол Улсад инноваци, технологи нутагшуулах, цаашлаад шинжлэх ухаанаар дамжаад манай улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц уулзалтууд зохион байгуулсан нь ихээхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.