Ариун гал голомтоо сахин хамгаалагч, ард түмнийхээ өмөг түшиг цэрэг эрсийн өдөр
2025.03.18

Ариун гал голомтоо сахин хамгаалагч, ард түмнийхээ өмөг түшиг цэрэг эрсийн өдөр

УИХ-ын гишүүн Э.Энхбаярын баярын мэндчилгээг хүргэж байна.

Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид аа,
Эрхэм хүндэт ахмад дайчид аа,Монгол Улсын маань сүр хүч, эр зориг, сүлд хийморийн илэрхийлэл болсон Та бүхэндээ Монгол цэргийн өдрийн болон орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

​Бидний өвөг дээдэс эх орныхоо газар шороо, тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүн ардынхаа амгалан тайван амьдралын төлөө алд биеийнхээ алжаалыг умартан тэмцэж ирсэн түүхтэй. Тиймээс монголчууд бид ариун гал голомтоо сахин хамгаалагч, ард түмнийхээ өмөг түшиг цэрэг эрсээ хүндлэн дээдэлдэг нандин уламжлалтай билээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчний түүх бол 1911 онд үндэсний эрх чөлөөний хувьсгалын ялалтыг авчирсан Богд хаант Монгол Улсын цэргүүд, 1921 оны Ардын хувьсгалын партизанууд, Ардын намын цэргүүд, 1939, 1945 оны дайн байлдаан, 1940-өөд оны Баруун хязгаарын зэвсэгт тулгаралтад оролцсон Ардын хувьсгалт цэргийн дайчид, тэднийг удирдан манлайлсан цэргийн жанжин, дарга нарын ард түмнийхээ өмнө байгуулсан баатарлаг гавьяаны түүх юм.