
2025.03.19
О.Батнайрамдал: МУ-ын урт хугацааны хөгжлийн бодлого 5 жилдээ хэрхэн хэрэгжиж байгааг ЭЗХЯ-ны сайд тодорхой тайлагнах шаардлагатай
УИХ-ын Төрийн байгуулалт, Эдийн засгийн байнгын хороодын /2025.03.19/-ны өдрийн хамтарсан хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал асуулт асуулаа.
Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн тайлан орж ирж байна. Бид нар анх удаагаа 5 жилийн үндсэн тайлангаа хэлэлцэх гэж байна. Одоогоос 5 жилийн өмнө Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа -2050 батлагдаж байсан. Энэ бодлого батлагдсанаараа бид нар ганцхан жилээр явдаг байсан үндсэн чиглэлийг 5 жил болгосон. Тайлангаа УИХ-д Засгийн газар нь тайлагнах юм. Мөн урт хугацааны хөгжлийн бодлого батлагдахад гарсан нэг томоохон реформын шинж чанартай зүйл нь Засгийн гзрын тогтолцоон дээр гарсан. Энэ бол Эдийн засаг хөгжлийн яамыг байгуулж, энэ яамны сайд нь Тэргүүн шадар сайдын хэмжээнд байх ёстой гэсэн реформ.
Тэгэхээр өнөөдрийн бидний хэлэлцэж байгаа 5 жилийн үндсэн чиглэл бол ерөөсөө л Эдийн засаг хөгжлийн сайдын хамгийн гол үндсэн ажил нь УИХ дээр тайлагнах гэж байна гэж ойлгож байгаа. Гэтэл өнөөдөр Эдийн засаг хөгжлийн сайд, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр сайд ирээгүй байна. Энэ зөвхөн Л.Гантөмөр сайдын асуудал биш Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого 5 жилдээ хэрхэн хэрэгжиж байгааг УИХ-даа тайлагнаж байгаа маш том агуулга явж байгаа.
Тэгэхээр хариуцаж байгаа сайд нь өөрөө ирээгүй байна. Эдийн засаг хөгжлийн яамны үндсэн чиглэл нь Монгол Улсын урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах, хөгжлийн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй яам. Аудитын тайлан дээр энэ яам чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж маш олон дурдагдсан байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn